Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 64 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын X наадмыг зохион байгуулахаар тогтсон билээ. Тус наадмыг зохион байгуулах талыг төлөөлж, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар оролцлоо.
Наадамд оролцох зочин орныг төлөөлж ОХУ-ын Буриад улсын Спортын сайд И.В.Козырев, Биеийн тамир, спортын хорооны орлогч дарга А.Ф.Филатов, ОХУ-ын Буриад улсын Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Д.Дашибальжиров, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Биеийн тамир, спортын товчооны Залуучуудын спортын газрын орлогч дарга Фэн Жианлун, Спортын арга хэмжээний хэлтсийн дарга Цай Шиао, Гадаад харилцааны хэлтсийн дарга Урихан нар оролцож, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.
Наадамд оролцогчдын байрлах байр болон тэмцээн уралдаан зохион байгуулах танхимуудтай танилцаж, энэ удаагийн наадмыг спортын 10 төрөлд зохион байгуулахыг талууд дэмжлээ.
Энэ үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга “Монгол-Орос-Хятад улс бол өнө эртнээс найрамдалт харилцаатай оршин тогтнож ирсэн. Энэ эерэг харилцааныхаа хүрээнд зохион байгуулдаг томоохон олон арга хэмжээний нэг нь Олон улсын хүүхдийн спортын наадам юм. Эндээс ирээдүйн алдартай тамирчид төрөн гардаг, тэд спортын талбарт харилцан туршлага солилцдог тул удахгүй болох наадмын зохион байгуулалтад өндөр ач холбогдол өгч байна. Тус наадам Биеийн тамир, спортын улсын хорооны энэ оны төлөвлөгөөнд тусгагдсан ажил, наадмын зохион байгуулалтад хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. Цаашид энэ наадмыг тогтмол зохион байгуулаад зогсохгүй спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ болон залуучууд, насанд хүрэгчдийн тамирчдын амжилтыг ахиулах чиглэлд тал бүрээр хамтран ажиллах бодолтой байна” хэмээн тэмдэглэлээ.
Олон улсын хүүхдийн спортын анхдугаар наадам 2009 онд Улаанбаатар хотод болоход спортын 11 төрөлд 300 гаруй тамирчин өрсөлдөж байв. Харин сүүлийн наадам 2019 онд ОХУ-д болоход Монголын баг зургаан алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ.
0 Сэтгэгдэл