Энэтхэг хилийн маргаантай бүс рүү тунелиэр цэрэг зөөнө

Дэлхийн мэдээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Гималайн нуруунд шинээр барьсан тунелийг ашиглалтад оруулжээ. Ингэснээр Хятад улсын хилийн маргаан ширүүсэх үед Энэтхэгийн талаас маргаантай бүс рүү цэрэг, зэвсэг, нэмэлт хүч тээвэрлэхэд илүү бага хугацаа зарцуулах боломжтой болсон байна.

Тус тунель Энэтхэгийн умард хэсгийн Химачал Прадеш мужийг дайран өнгөрч, хилийн маргаантай Ладах нутаг руу цэрэг тээвэрлэх гол хоёр замыг холбосон гэнэ.

Энэ оны зургадугаар сард тус нутагт цэргийн мөргөлдөөн болж, Энэтхэгийн 20 цэрэг, БНХАУ-ын тодорхойгүй тооны цэрэг амь үрэгдсэн билээ. Түүнээс хойш хоёр улсын харилцаа эрс муудаж, маргаантай бүс рүү хэдэн арван мянган цэрэг, зэвсэг нэмэлт хүч болгон илгээж, болзошгүй тулааны бэлтгэлийг хангаж байгаа юм.

Энэтхэгийн шинээр барьсан тунель 400 сая ам.доллараар бүтсэн бөгөөд нийт есөн км урттай гэнэ. Мөн уг тунелийн ачаар Ладахруу яарсан нэмэлт хүч Гималайн нурууны аюултай замаар 50 км явах шаардлагагүй болж, улмаар нийт дөрвөн цаг хэмнэх боломжтой болжээ.

Тунель далайн түвшнээс дээш 3000 метрийн өндөрт байрлаж буй юм. Байгаль орчин, цаг агаарын маш хүнд нөхцөлд тунелийг амжилттай барьж, ашиглалтад оруулсан нь инжинерүүдийн агуу ур чадвар мөн хэмээн мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Тэсгим хүйтэн цаг агаараас болоод ажилчид жилийн зургаан сард нь л ажилласаар нийт арван жилийн турш дээрх тунелийг барьжээ.

Шинээр ашиглалтад оруулсан тунель нь зөвхөн цэрэг армийн талаас төдийгүй нутгийн иргэд, аялал жуулчлалд ч олон сайн үр дүн үзүүлнэ хэмээн Нарендра Моди найдаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: AFP.COM