“Kenzo” брэндийг үндэслэгч Covid-19 өвчнөөр нас барлаа

Дэлхийн мэдээ

Японы “Kenzo” хувцасны брэндийг үндэслэгч Кензо Такада коронавирусийн халдвараар өвчилж нас барсныг Францын хэвлэлд мэдээлжээ. 81 настай Кензо Такада нь Парис хот дахь Америк эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.

Парисын загварын долоо хоногт өөрийн гэсэн хэв маягаар тодорч чадсан анхны япон загвар зохион бүтээгч гэдгээрээ Кензо Кадака онцгой байв. Тэрбээр 1960-аад оноос Францад ирж суурьшин карьераа эхлүүлжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 8000 орчим загвар зохион бүтээжээ.

Кензо Такада нь 1939 онд Японы Осака хотод төржээ. Тэрбээр олон улсад танигдсан “Kenzo” брэндийг 1970-аад онд үүсгэн байгуулж, 1983 оноос эрэгтэйчүүдийн хувцас загварыг гарган, 1980-аад оны сүүлээр спорт хувцасны салбарт хүч түрэн орж иржээ.

Тэрбээр өөрийн хувцасны брэндээ 1993 онд “LVMH” группт зарснаас зургаан жилийн дараа тэтгэвэртээ гарчээ.

Эх сурвалж: ВВС