Трамп: Би эргэж ирнэ ээ!

Дэлхийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп иргэддээ хандан эмнэлгээс дөрвөн минутын бичлэгээр дамжуулан үг хэлжээ.

Тэрбээр “Би энд ирэхэд бие минь үнэхээр сайнгүй байсан. Харин одоо хамаагүй дээрдсэн байна. Энд бүгд намайг тэнхрүүлэхийн төлөө маш их хичээж байна. Үр дүнд нь миний бие сайжирж байгаа. Тэр байтугай хэдхэн хоногийн дараа гэхэд дахиад шинжилгээ авч, эдгэсэн эсэхийг минь тогтоох бололтой. Тиймээс юу болохыг харцгаая. Би удахгүй эргэж ирнэ. Учир нь би АНУ-г дахин гайхамшигтай болгох ёстой” хэмээн өөдрөгөөр ярьсан аж.

Трамп өөрт нь хийж буй эмчилгээний тухай үг цухуйлгаагүй ч заримдаа бясалгал хийж байгаа талаараа ам алдсан билээ. Харин эмч нар Трампын эмчилгээнд эсрэг биетийн коктейл хэрэглэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Түүнээс гадна Трамп Уолтер Рид эмнэлгийн чадварлаг ажилчдад болон нийт ард түмэндээ, хурдан эдгэхийг ерөөсөн дэлхийн удирдагчдад талархсанаа илэрхийлсэн байна. Эргэн санавал БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон, нэр дэвшигч асан Хилари Клинтон тэргүүтэй улс төрийн зүтгэлтнүүд түүнийг хурдан эдгэхийн ерөөн мэнд хүргэсэн юм.

Эх сурвалж: RT.COM