Агаарын тээврийн компаниуд алдагдлаа яаж нөхөж байна вэ?

Дэлхийн мэдээ

Коронавирусын цар тахлын улмаас дэлхий дахины агаарын тээврийн компаниудын алдагдал 30 тэрбум ам.доллараас давах төлөвтэй байна гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна. 

Өнөө ч гэсэн олон улс орон хилээ хаасан хэвээр  олон улсын нислэг үйлдэж эхлээгүй байгаа нь энэ салбарынхны сэтгэлийг түгшээсээр. Гэхдээ  улс орнуудын агаарын тээврийн компаниуд алдагдлаа бууруулахын тулд төрөл бүрийн ажил арга хэмжээ санаачлан авч хэрэгжүүлж эхлээд байна. Нислэг үйлдэхгүй, ямар ч орлогогүй сууж байгаа агаарын тээврийн зарим компани  онгоцоор нисэгчдэд зориулж өгдөг фирмийн хоол зуушаа, газраар аялагчдад худалдаалж эхэлсэн байна. Өнөө л нислэгийн үеэр өгдөг зориулалтын суурьтай, компанийн лого шошготой хоолоо онгоцоор нисдэг байсан үеэ санагалзсан хүмүүст худалдаалж байгаа гэнэ. Хоолны цэс нь янз бүр. Тайландын агаарын тээврийн компани төрөл бүрийн хоол санал болгож байгаа дотор  шарсан хавч соустай ч өгч байгаа гэнэ. Хонконгийн агаарын тээврийн Cathay Pacific компани мөн ийм хоол худалдаалж эхэлсэн бол Индонезийн Garuda бас газарт нислэгийн үеийн хоолоо худалдаалж байгаа гэнэ. Гэхдээ төрөл бүрийн орцтой. 

Агаарын тээврийн зарим компани “хаашаа ч явахгүй нислэг” зохион байгуулдаг болсон байна. Тайваны нийслэл Табэй хотын Суншань нисэх буудал хүмүүсийг огт нисэхгүй онгоцонд сууж үзэхийг санал болгож байна хэмээн South China South Post мэдээлсэн байна. Энэ бол онгоцоор нисч байсан, эсвэл огт нисч байгаагүй хүмүүс онгоцонд сууж үзэх, тэнд хөнгөн хооллоод гарах хямд үйлчилгээ.  Нөгөө зарим нь нисэх буудлын дээгүүр багахан тойроод буух үйлчилгээ санал болгож байгаа гэнэ. Ийм бяцхан аяллын үнэ  5288 тай.доллар буюу 180 орчим ам.доллар. 

EVA Air A330 онгоц Таоюанийн нисэх буудлаас хөөрөөд нутгийн зүүн хойд булангийн дээгүүр нисч Японы Рюкю арал руу ойртоод ирэхэд хоёр цаг 45 минут болдог байна. Агаарын тээврийн компани орон нутгийн аялал жуулчлалын есөн компанитай гэрээ байгуулан жуулчдыг нь ийн агаарт аялуулдаг болжээ. Зорчигчид нь буудлын татваргүй дэлгүүрээс  бараа бүтээгдхүүн худалдан авбал 25 хувийн хямдралтай үйлчилдэг байна.