Швейцарын нэг муж дэлхийн хамгийн өндөр ажлын хөлсний доод хэмжээг нэвтрүүлэхээр болов

Дэлхийн мэдээ

Швейцарын Женев мужийн иргэдийн олонх хэсэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг анх удаа тогтоохын төлөө санал өгсөн байна.

Ингэснээр тус мужид ирэх сарын нэгнээс цагийн ажлын хөлсний доод хэмжээ 23 франк буюу $25 болж байна.

Женевийн иргэдийн 58 хувь нь энэхүү өөрчлөлтийг дэмжсэн санал өгснийг орон нутгийн захиргаа мэдээлжээ. Баян чинээлгээрээ алдартай Швейцар улсын 26 мужаас гурав нь сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн хөлсний хэмжээг албан ёсоор тогтоох санал хураалт зохион байгуулаад байгаа.

Энэ нь эдийн засгийн хямрал, цар тахлын сөрөг нөлөөнөөс иргэдээ хамгаалах зорилготой шийдвэр юм. Женевийн тогтоосон цагийн $25 нь дэлхийд хамгийн өндөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болжээ.

Швейцар улс нь шууд ардчиллын тогтолцоотой улс бөгөөд иргэд нь жилд дөрвөн удаа нийгэмд тулгамдсан аль нэг асуудлаар санал хураалт зохион байгуулж, шийдвэр гаргах эрхтэй байдаг.

Өмнө нь Женевийн иргэдээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох талаар хоёр удаа санаачилга гарч, 2011, 2014 онуудад санал хураалт зохион байгуулсан ч дэмжигдээгүй юм байна.

Харин энэ жил коронавирусийн цар тахлын нөлөө эдийн засагт туссан нь дэмжигдэх нөхцөл болсон гэнэ. Женев хот дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын 10 дугаарт бичигддэг нь дэмжигдэх бас нэг шалтгаан болжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосноор Женевийн ажилчид хамгийн багадаа сарын 4,000 франкын ($4,350) цалин авахаар болж байна. 

 

Эх сурвалж: CNN