ОХУ-дахь салбараас ЮНЕСКО-д Монголын эсрэг ээлжит гомдлоо гаргажээ

Улс төр

Олон улсын “Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагын ОХУ-дахь салбараас ЮНЕСКО-д Монголын эсрэг ээлжит гомдлоо гаргалаа.

Энэ удаад тэд Улз гол дээр барьж байгаа далан ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн Дагуурын дархан газрын байгаль, экологийн системд хор учруулна гэж заргалдсан байна.

“Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагын ОХУ дахь зохицуулагч Александр Колотов “Бид сансрын гэрэл зургийн тусламжтайгаар Улз гол дээр том далан барьж байгааг илрүүллээ. Улз бол Дагуурын дархан газрын усны гол нөөц юм. Бидний авсан мэдээллээр тус гол дээр 27 сая кубметр усны багтаамжтай, 700 метр урт, 9-12 метр өндөр далан барих гэж байна. Энэ даланг Монголын Засгийн газрын шийдвэрээр Улз голын урсцыг нэмэгдүүлэх зорилгоор барих гэнэ. Энэ маягаараа монголчууд хил орчмын гол мөрөнд далан барих төслөө идэвхжүүлэх шинжтэй байна. Тэд уул уурхайн төлөө л далан барих гэж байгаа нь тодорхой. Улз голын усны 80 хувийг уул уурхайн компаниуд хэрэглэдэг. Ашигт малтмалын төлөө байгалийн дархан цаазат газрыг устгах гэж байна. Бид Монголын Засгийн газарт эсэргүүцэл илэрхийлсэн” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

2012-2019 онд тус байгууллага Сэлэнгэ мөрөнд УЦС барих төслийг эсэргүүцэн тэмцсээр зогсоож байсан билээ.