С.Бямбадорж: Гандангаас эхлээд гэр хороололд инженерийн шугам сүлжээ татаж байгаа

Улс төр

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Сүх-Очирын Бямбадоржтой ярилцлаа. 

-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн Баянгол дүүргийн унаган иргэн. Ерөнхий боловсролын 56-р дунд сургууль сурсан. Аав минь Баян­гол дүүргийг Октябрын район байхаас цагдаагийн хэл­тэст ажил­ласан хүн. Ээж минь монгол хэл, уран зохиолын багш. Би аавын­хаа мэргэжлийг өвлөж Цаг­даа­­гийн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэ­гээд Сэлэнгэ аймгийн Баянгол су­­манд  (Баруунхараа) хэсгийн төлөө­лөгч, ЭЦГ-т төлөөлөгч, АТГ-т комиссар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын мониторин­гийн хэлтэст мэргэжилтэн, Баян­гол дүүргийн Өмч, газрын харил­цааны газрын дарга зэрэг ажил алба хашиж ирсэн. Өнгөрсөн оны есдүгээр сард Баянгол дүүргийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байна.   

-Та өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар ямар ажил хариуцан ажиллаж ирэв?

-Би 2013 онд Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны газрын даргаар томилогдсон. Ингээд дүүрэгтээ хийгдсэн бүтээн байгуулалтын газрын асуудлыг шийдсэн.   Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Гэр бүл ёслолын ордон, Ахмадын хөгжлийн төв, Хүүхдийн ордон гээд нийт 60 орчим бүтээн байгуулалтын ажлын газрын асуудлыг шийдэж хот төлөвлөлтөд тусгуулах зэргээр ажилласан. Миний хувьд  Засаг даргын нийгэм, эдийн засгийн зорилт, мөрийн хөтөлбөрийн биелэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцаж ирсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар чамалхааргүй ажиллаж ирсэн гэж бодож байна. Гэхдээ энэ талаар хийх ажил их байдаг. Манай дүүргийн хууль, эрх зүйн байгууллагууд хамтран ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт, семинар зохион байгуулж мэдээлэл солилцон ажиллаж байгаа. Иймд гэмт хэргийн гаралт буурсан, илрүүлэлт өссөн дүн мэдээ сүүлийн жилүүдэд гарсан.  Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт хороо бүрт очиж тогтмол хийдэг. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс ажил үйлсээрээ нийслэлд тэргүүн байрт орж яваа. 

-Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар тодруулж өгнө үү?

-Баянгол дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бараг 100 хувь биелсэн дүн гарсан.  Мөрийн хөтөлбөрт тусгасан бүх асуудлаа хэлэлцээд тайлангаа гаргаж иргэдэд танилцуулж байгаа.  Бид  өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд их бүтээн байгуулалт өрнүүлсэн. Жишээ нь Баянгол хүүхдийн зуслангаа ашиглалтад орууллаа. Энэ зуслан Горхи Тэрэлжийн нутаг дэвсгэрт байрладаг. Өдөрт 400 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Мөн 21-р хороонд хүүхдийн цэцэрлэг барьж байна. Бас есдүгээр хороонд сургууль барьсан.  Энэ намар ашиглалтад орж байгаа. Нарны хороололд сургууль, цэцэрлэг ашиглалтад орлоо. Ингээд дурдаад байвал дүүргийнхээ иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн маш олон ажил бий. Хамгийн гол нь бид иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, нийгмийн тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх талаар анхааран ажиллаж байна. 

-Тэгэхээр ирэх дөрвөн жилд ямар ямар ажил хийх мөрийн хөтөл­бөр боловсруулав. Энэ талаар манай сонины уншигч­дад тодорхой мэдээлэл өгөөч?

-Бид ирэх дөрвөн жилд дүүргийнхээ хөгжлийг арай өөр өнцөгөөр харахыг хичээж байна. Дүүргийнхээ иргэдийн амьдарлын нөхцөлийг сайжруулах, ээлтэй, аюулгүй орчинд тав тухтай байх чиглэлд бодлого боловсруулаад ажиллаж байгаа. Өндөр, гоё сайхан, гял цал байшин хараад хөгжил гэж ойлгох өрөөсгөл тал хүмүүст заримдаа ажиглагддаг л даа. Гэтэл хөгжил гэдэг бол нэг ч гэсэн хүний амьдрах таатай орчин юм. Дэлхийн улс орнууд тэр өндөр байшинг барихдаа төлөвлөлтөө маш сайн хийдэг. Төлөвлөлтгүй байшин барилга барих нь улс орон, тухайн нутгийн хувьд муугаар нөлөөлдөг.  Үүнийг манай дүүргээс маш сайн анхаарч ажиллаж байгаа. Иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэхийн тулд юу юу хэрэгтэй талаар судалгаа хийдэг. Тухайлбал, эмнэлгийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, авто зогсоол тэр орчинд нь байна уу зэргээр бүх талаас нь харахыг хичээн ажиллах бодлого баримталж байна. 

-Та газрын албанд ажиллаж байсан хүн. Нийслэлийн аль ч дүүрэгт газрын маргаан нэлээд гардаг. Мөн газар өмчлөл удаашралтай байна гэдэг. Танай дүүргийн хувьд ийм асуудал бас байдаг л байх даа?

-Манай дүүрэг  Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгино­хайрхан дүүргийн дунд хотын төв хэсэгт оршдог.  Ийм учраас газар нутгийн хувьд хязгаарлагдмал. Гэхдээ газрын маргаан  гардаггүй гэж хэлж болно. Учир нь хотын төвийн нэгдүгээр бүст манай дүүргийн газар нутаг  хамаардаг тул төлөвлөлт нь эхнээсээ хийгдсэн байдаг.  Иргэдийн газар өмчлөл 99 хувьтай байгаа. Өндөр хүчдлийн шон, үерийн усны аман дээр буусан айлууд газраа өмчилж аваагүй. Хууль журмаа мөрдөхгүй бол болохгүй шүү дээ.   

-Бусад дүүргээ бодвол гэр хороолол харьцангуй бага. Гэвч гэр хорооллын дахин төлөв­лөлт, дэд бүтцийн асууд­лыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Баянгол дүүрэгт Ардчилсан нам 2016 оны орон нутгийн сонгуульд ялсан. Манай дүүрэгт найман гэр хороолол хамаардаг. Эдгээр гэр хорооллоо амины орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ нь иргэдийн  цэвэр, аюулгүй тайван амьдрах  орчиныг хангах зорилогтой төсөл юм. УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт ч уг асуудлыг тусгасан байсан. Мөн гэр хороололд нийтийн орон сууц барих хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа. Гэвч тухайн барилгыг барьж буй компаниудаас шалтгаалж зарим ажил нь удааширсан тал бий. Дүүргийн захиргааны зүгээс нийтийн орон сууц барихаас илүүтэй иргэд өөрийн өмчлөлийн газартаа халуун,  хүйтэн устай, цэвэр, бохирын шугамтай утаагүй цэвэр орчинд амьдрах боломжийг бий болгохын төлөө зорьж  ажиллаж байна.  Гэр хороололд хамгийн тулгамдаж буй асуудал нь хөрсний бохирдол. Айл өрхүүд жорлон нь дүүрчихээр сэлгэж ухсаар хашаандаа дахиад ухах газаргүй болж байна. Тэгэхээр энэ хөрсний бохирдолыг арилгахын тулд  гэр хороололд инженерийн шугам сүлжээ зайлшгүй татах шаардлага байгаа юм. Иймд өнөөдөр иргэдийн  эрүүл орчинд амьдрах эрхийг хангах, аюулгүй байдлыг нь бүрдүүлэх асуудал тулгамдаж буй юм. 

-Тэгэхээр Баянгол дүүрэгт оршдог гэр хороололд уг төсөл хэр­хэн хэрэгжиж байгаа юм бэ?

-Ардчилсан нам 2012-2016 онд Баянгол дүүрэгт олонх болж засаг барьж байхдаа Гандангийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл эхлүүлсэн. Энэ ажил 2016-2020 онд үргэлжилж гудамж, айлуудын хашаанд шугам сүлжээ оруулаад байна. Цаашдаа 9, 10, 11, 21, 22, 23 гэсэн хороодод дэд бүтэц татах төсөл нь бэлэн болж иргэдэд танилцуулж байгаа юм. 

-Гэр хорооллын иргэд инженерийн шугам сүлжээ гудамж хашаанд нь ороод ир­вэл амины орон сууц барих сонир­холтой байдаг. Иймд амины орон сууц барихад ипотекийн зээл шиг хөнгөлөлт үзүү­лэх боломж хэр байгаа бол?

-Бидний боловсруулсан төслөөр инженерийн шугам сүлжээ гудамж, хашаанд нь ороод ирэхэд тухайн айл ямар хэлбэр загвартай амины орон сууц барих талаар хэд хэдэн загвар гаргаж санал болгож байгаа. Энэ загваруудаас иргэд өөрсдөө сонгоод хөрөнгө санхүүгээ шийдэж амины орон сууц барих боломж олгож буй юм. Тэгэхдээ уг төсөлд хөнгөлөлттэй зээлээр амины орон сууц барих асуудлыг тусгасан. Хэн  бүхэн мэднэ. Хийж байсан ажлаа үргэлжлүүлэхийн тулд тухайн орон нутгийн сонгуулиар олонх болж, ялалт байгуулж  байж цаашдаа хэрэгжээд явдаг шүү дээ.

-Та дээр яриандаа хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалт оруулж байгаа гэсэн. Тэгэхээр дүүргийн хүн амын өсөлт хэр байна. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байгаа вэ?

-Манай дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайн байдаг. Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл 2012-2016 онд нэлээд хийсэн. Одоо гэр хороололдоо сургууль, цэцэрлэг шинээр барьж байгаа. Тухайлбал, 9, 21 дүгээр хороо байна. Ингээд гэр хороололд шинээр сургууль, цэцэрлэг барих ажил хийж  байгаа юм. Гэвч сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ хүн амын өсөлтөө дагаад жилээс жилд нэмэгддэг. Манай дүүрэгт шилжин ирэх иргэдийн тоо байнга нэмэгдэж байна. Хамгийн сүүлийн статистикгийг харвал энэ жил 3800 өрх шилжин ирсэн. Гэтэл шилжин явж буй иргэн бараг байхгүй. Үүний учир нь Баянгол дүүрэг иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн, төрийн үйлчилгээ   сайтай гэдэг. Жишээ нь төрөөс үзүүлж буй эмнэлгийн үйлчилгээ сайн. Ахмадын, хүүхдийн, шүдний, дүүргийн нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна Хүүхдийн сургалтын төв, Ахмадын ордон, Гэр бүл ёслолын  ордон гэх мэт иргэдэд шаардлагтай бүхий л зүйлийг Ардчилсан нам засаг барих хугацаандаа хийж ирсэн. Ийм учраас шилжин ирэх хүн, өрх бүл маш их байна. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ жил бүр өсч байгаа юм. 

-Эрүүл мэндийн салбарт хийсэн ажлаасаа тодруулж өгнө үү?

-Бид засаг барих хугацаандаа эрүүл мэндийн салбарт маш олон ажил хийсэн. Тодруулбал, өрхийн эмнэлгүүдийн барилгыг бүрэн шинэчиллээ. Хүүхдийн хоёр эмнэлэг ашиглалтад оруулсан. Одоо хүйтний улирал эхэлж байна. Ханиад томуу их дэгддэг. Энэ үед хүүхдийн эмнэлэгийн хүчин чадал хүрэлцээтэй байдаг. Мөн ид ачааллын үед бусад дүүрэгт дэмжлэг үзүүлдэг. Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг мэс заслын тасагтай болсон. Ийм учраас иргэд нийгмийн асуудлаа шийдсэн Баянгол дүүргээсээ шилжихгүй гэдэг. Жишээ нь бусад дүүрэгт шинэ орон сууцанд орсон иргэд хаягаа шилжүүлэхгүй байх тал бий. Яагаад та бүхэн хаягаа шилжүүлэхгүй байна вэ? гэхэд “Бид Баянгол дүүргээс төрийн үйлчилгээ авахад амар байдаг. Дараалал бага, эмчилгээ үйлчилгээ сайтай. Тэгэхээр Баянгол дүүргээс хаягаа шилжүүлэхгүй”  хэмээн хариулдаг. 

-Баянгол дүүргийн хувьд төсвийн хүрэлцээ хэр байна. Төсвөө хэрхэн бүрдүүдэг вэ?

-Манай дүүрэг хамгийн олон аж ахуйн нэгжтэй. Худалдаа, үйлчилгээ, барилга, тээврийн салбарт үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж олонтой. Тухайлбал, төмөр замыг дагсан маш олон аж ахуйн нэгж бий. Тэгэхээр төсөв бүрдүүлэх тал дээр асуудал гардаггүй. 

-Аж ахуйн нэгжүүд нийг­мийн хариуцлага биелүүлэх хуультай. Төмөр зам болон танай дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэг­жүүд нийгмийн асуудлыг шийд­вэр­лэхэд хэрхэн оролцдог юм бэ?

-Манай дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага биелүүлэх тал дээр идвэхтэй, ухамсартай хандан оролцдог. Бид 2012 оноос хойш дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй байнга хамтран ажиллаж ирсэн. Аж ахуйн нэгжүүд дүүргийн засаг захиргаанаас гадна нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж буй хороодтойгоо нийгмийн хариуцлагын хүрээнд нягт хамтран ажилладаг. Ингээд тухайн хорооны иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд идвэхтэй оролцдог юм. Улаанбаатар төмөр зам дүүргийн засаг захиргаатай маш сайн хамтран ажилладаг. 

-Танай дүүрэгт ажилгүйд­лийн түвшин  ямар хэмжээнд байна. Энэ жил “Ковид-19” цар тахал дэгдсэн тул манай улс хилээ хаасан. Үүнээс улбаалж олон аж ахуйн нэгж үүдээ хааж буй шүү дээ?

-Энэ жил “Ковид-19” цар тахал дэгдэж дэлхий даяар  нийгэм , эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж байна. Тэгэхээр ганц Монгол Улс тэр дундаа  нийслэлийн Баянгол дүүрэгт уг асуудал тулгараагүй л дээ. Ажилгүйдлийн түвшин дэлхий нийтээр өслөө гэж яригдаж байгаа. Бид ажлын байр хадгалах, шинээр бий болгох талаар анхаарч ажилладаг. Ингээд иргэдийн худалдаа, үйлчилгээний салбарт иргэдийн ажлын байрыг нь хадгалах үүднээс зөөлөн бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, намар цагт ногоочдыг дэмжиж үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Барс худалдааны төвийн ойролцоо хэд хэдэн цэгт хүнсний ногооны худалдаа зохион байгуулж байгаа. Мөн төмөр замын байгууллагтай ярилцаад хуучин “1000 машины зогсоол” гэж байсан газарт ногооны худалдаа гаргалаа. Иргэдээ ажлын байртай болгох үүднээс аль болох боломжтой бүхий л арга хэмжээ авч байна. Баяр болгоноор үзэсгэлэн худалдаа олон цэгт зохион байгуулдаг. Мөн “И-март” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтарч жижиг дунд үйлдвэрлэгчид, иргэдийн гар урлал, хийсэн бүтээл зэрэг бүтээгдэхүүнийг борлуулах үзэсгэлэн худалдааг дүүргээс тогтмол зохион байгуулж байгаа. Гэвч энэ онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн. Гэхдээ нэг цэгийн үйлчилгээ, хөдөлмөр зуучлалын төвөөр дамжуулаад иргэдээ аль болох ажилтай, орлогтой болгохыг зорьж байна. Энэ үйлчилгээр иргэдэд ажлын байр санал болгох, мэдээлэл өгдөг. Хороод маань нутаг дэвсгэрт нь гарсан ажлын байрны зарыг иргэдэд хүргэж ажилладаг. 

-Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл танай дүүрэгт хэрхэн хөгжиж байна. Үүнийг дэмжих талаар та бүхэн ямар бодлого баримталж байгаа вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэлийг хариуцсан хэлтэс бий. Үүгээр дамжуулаад иргэдэд үйлдвэрлэл, бизнесээ хэрхэн эхлэх, эрхлэх талаар сургалт зөвлөгөө тогтмол өгдөг. Харин нийслэлээс Баянгол дүүрэгт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулах төсөв мөнгө өнгөрсөн дөрвөн жилд  тухайлан олгоогүй. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өгч байгаа. Гэвч бид мөнгөггүй гэж зүгээр суугаагүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдээ хүлээн авч бизнесээ хэрхэн зөв хөтлөн эрхлэх зөвлөгөө өгч ирсэн. Тэд маань харьяа хорооныхоо засаг захир­гаанд хандаж хоорондоо хан­даж бие биедээ ажлын байр гар­гаж өгөх, хамтарч ажиллаж байна. 

Т.ЖАНЦАН