МАН-ы “өвөрт орсон” ХҮН-ий тохироо

Улс төр

Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхэнд хоёр дахь удаагийн том сорилт тулгарав. Ардчиллын төлөөх улс төрийн хүчнүүдийн гол багана болсон Ардчилсан нам УИХ-ын сонгуульд хоёр удаа дараалсан том ялагдал хүлээжээ. 

Одоогоос 20 жилийн өмнө 2000 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан хүчин УИХ-д ганцхан суудалтай үлдэж, МАН дангаараа парламентын 72 суудлыг эзлэхэд ардчиллын төлөөх намууд нэгдэн Ардчилсан намыг дахин байгуулж байв. Үр дүнд нь 2004 оны сонгуулиар АН, МАХН 36:38 суудал авч, ард түмэн энэ сонгуулийн дүнг “Хаан сонголт” хэмээн нэрлэсэн. 2008 оны сонгуулиар энэ харьцаа 25:45 болж, 2012 оны сонгуулиар АН хамгийн олон буюу 31 суудал авч, парламентад 11 суудалтай “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулсан. Энэ бол өнгөрсөн 30 жилийн түүхэнд Ардчилсан хүчин засгийн эрх барьсан хоёр дахь /1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл эрх барьснаас хойш/ тохиолдол. 

Гэвч сүүлийн хоёр удаагийн сонгуулийн үр дүн Ардчилсан нам болон сөрөг хүчний намуудад хоёр дахь том дохиог өглөө. Удахгүй болох орон нутгийн сонгуульд хэрхэн оролцохоос Монголын улс төр, монголчуудын хувь заяа шалтгаална. Эрх баригч намын даргын хэлснээр “төр бүхнийг өмчилж, бүхнийг хянадаг” татолитари дэглэм рүү буцах уу? Алдаа, оноотой, бартаа нугачаатай ч гэлээ сонгосон замаараа зүтгээд, иргэд нь эрх чөлөөтэй, хүсэл мөрөөдөлтэй, өмч хөрөнгөтэй, чөлөөт нийгмийн төлөө тэмцэх үү? 

Ардчилсан нам, сөрөг хүчнүүд хэрвээ энэ удаагийн сонгуулийг алдвал нийтээрээ, торох юмгүй 1990 оноос өмнөх рүүгээ буцна. Угаасаа шааригдаад эхэлчихсэн. Харин тэрийг зогсоох, удаашруулах нь эхний шаардлага.  

Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд “улс төрд нөлөө бүхий” гэж үзэгддэг улс төрийн гурван нам хамтарч оролцохоор болов. Ардчилсан нам, МАХН, ШИНЭ /Шударга иргэдийн нэгдсэн эвсэл/ нам. Ардчилсан намаас нэр дэвшсэн тойрогт МАХН нэр дэвшүүлэхгүй, бие биенээ дэмжинэ, ШИНЭ намынхан Ардчилсан намаас салаалж гарсны хувьд тус намын нэр дээр дэвшихээр болсон гэнэ. Харин УИХ-д ганцхан суудалтай ХҮН /Хөдөлмөрийн үндэсний нам/ орон нутгийн сонгуульд бие даан оролцохоор болов. Анх гарч ирсэн имиж нь гайгүй ч сүүл рүүгээ нэг л мөнгөтэй хүний өвөр дамжсан “энгэр султай хүүхэн” шиг болчихсон. МАХН-ын С.Ганбаатар, “Алтан Дорнод”-ын Т.Ганболд... 

Сануулахад, өнгөрөгч зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар “Зөв хүн Электорат” эвсэл УИХ-ын 29 тойрогт 60 нэр дэвшигч гаргасны зургаа нь ХҮНамаас нэр дэвшсэн. Тэднээс ганцхан хүн УИХ-д сонгогдсон нь ХҮНамын генсек асан /одоо тус намын Удирдах зөвлөлийн дарга/ Т.Доржханд. Мань эр нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, Эрүүл мэндийн сайд асан /одоо БОАЖ-ын сайд/ Д.Сарангэрэл, “шарк” Г.Амартүвшин нарын дараа гурваар гарсан. Д.Сарангэрэл, Г.Амартүвшин нар сонгогчдын 37 хувийн саналыг цуглуулж, Т.Доржханд нь 24 хувийн санал авснаар тус дүүргийн даргаар дөрвөн жил зүтгэсэн МАН-ын Ж.Алдаржавхланг ардаа хаясан.

Сонирхолтой нь, Хан-Уулаас Т.Доржхандыг гаргахад МАН-ын өөрийнх нь сүлжээ ажилласан гэх бөгөөд гол зохион байгуулагчаар сайд Д.Сарангэрэл, өмнө энэ тойргоос сонгогдсон, ЗТХ-ийн сайд асан /одоо УИХ-ын гишүүн/ Б.Энх-Амгалан нарыг нэрлэж байна. Гэвч энэ нэлээд дээрээс шидсэн “чулуу” гэдгийг хэлэх хэрэгтэй. 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигчийн саналыг хуваахын тулд /МАХН гарвал МАН-ын саналыг хуваана/ МАН Ж.Алдаржавхланг золиосонд гаргаад Т.Доржхандыг дэмжсэн гэдэг. 

Т.Доржхандыг сонгосон нь ч шалтгаантай. МАН эрх барьсан жилүүдэд Сангийн яаманд арав гаруй жил /2001-2013 он хүртэл/ ажиллаж, яамны газрын дарга хүртэл дэвшсэн хуучин кадр. 2007 онд эхнэр, хүүхдээ орхиод МАН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг /сайд асан/ “Монро Импекс”-ийн У.Уламбаярын охинтой гэрлэж, хүргэн нь болсон гэх. МАН-тай хэтэвч нэгтэй, эрх ашиг зөрөхгүй гэсэн үг. 

Энэ удаа ч гэсэн ХҮНам эрх баригч намын эсрэг сөрөг хүчний нэгдлээс тойрч, сонгуульд дангаараа оролцох болсон нь Ардчилсан намаас санал хуваах тохироотой гэж ажиглагчид дүгнэж байна. “Нам нь суудал авах шаардлагагүй, гэхдээ АН-ыг ялуулахгүй байх шаардлагатай”. МАН угаасаа сонгуулийн дүнг тооцоолохдоо ХҮНамыг оруулаа ч үгүй. Гол өрсөлдөөн АН, МАН-ын дунд явагдана. 

Тайлбар: ХҮНам эрх баригч намын эсрэг сөрөг хүчний нэгдлээс тойрч, сонгуульд дангаараа оролцох болсон нь Ардчилсан намаас санал хуваах тохироотой гэж ажиглагчид дүгнэж байна. Нам нь суудал авах шаардлагагүй, гэхдээ АН-ыг ялуулахгүй байх шаардлагатай.

Б.СЭМҮҮН