Олон улсын валютын сангийн хөтөлбөр амжилтгүй дуусчээ

Дэлхийн мэдээ

Монгол Улсын хөрөнгө оруулалтын байдалд Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам задлан шинжилгээ хийсэн дүнгийн илтгэлдээ тус улс Олон улсын валютын сангийн санхүүжилтийг өргөтгөсөн нь амжилтгүй боллоо хэмээн тэмдэглэжээ. 

“Энэ 2020 онд Монголын гадаад өр Дотоодын нийт бүтээгдхүүний 77 хувьд хүрч байгаагаас үзэхэд энэ улс 2021 оноос гадаадад төлөх арилжааны өрийн дарамтад орж мэдэхээр байна. Монгол Улс  хэдийгээр эдийн засгаа тогтворжуулах хүрээнд Олон  улсын валютын сангийн гурван жилийн хөтөлбөрт хамрагдсан ч Засгийн газар ОУВС-тай банкны салбарын макро асуудлаа шийдэж чадаагүйгээс энэ хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дууссан” гэж  илтгэлд дурджээ. 

Монгол Улсын экспортын орлого буурч, төсвийн алдагдал өсч байгаагаас болж 2016 оноос эдийн засгийн төвөгтэй байдалд орсон юм. Улмаар Монголын Засгийн газар ОУВС-гийн Stand by хөтөлбөрийн хүрээнд зээл хүссэн юм. Харин ОУВС-гийн Монголд ажиллаж байгаа төлөөлөгчид гурван жилийн хугацаатай өөр Extended fund facility хөтөлбөр санал болгосон нь 2020 оны тавдугаар сарын  24-нд дууссан юм.

Х.ӨЛЗИЙ

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

2020.9.21 ДАВАА № 076 (5376)