Украин улс Крымыг Орост алдсан таван шалтгаан

Дэлхийн мэдээ

Украин улс тухайн үед зэвсэгт хүчнээ хорогдуулан, дайчилгааны бэлэн байдлыг зөрчиж, агаараас эсэргүүцэн хамгаалах тогтолцоогоо устгасан, стратегийн батлан хамгаалах баримт бичгүүдээ нэг мөр болгон нэгтгээгүйгээс болж  Крымын хойгоо 2014 онд Орост алдсан гэж Украины Улсын мөрдөн байцаах товчоо үзэж байна. 

Тухайн үед Украины ерөнхийлөгч байсан Виктор Янукович, Батлан хамгаалахын сайд байсан Дмитрий Саламатин, Павел Лебедев, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга байсан Владимир Заман нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад Мөрдөн байцаах товчоо ийм дүгнэлтэд хүрчээ.

Энэ хүмүүсийг улсаас урваж, батлан хамгаалах чадварыг сулруулан, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Украины халдашгүй байдлыг сүйтгэсэн хэмээн 2012 оноос эхлэн мөрдөн шалгаж байгаа юм. 

Энэ бүхний дүнд мөрдөн байцаагчид Крымын хойгийг орост алдсан шалтгаануудыг дээрх байдлаар нэрлэж, тавдугаарт нь Крымыг Орост нэгтгэх үед улс орны удирдлага гадаадын энэ аюулын эсрэг ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэсэн байна. 

“Оросын зүгээс 2013 оны эцэс, 2014 оны эхээр дайрч давших гэж бэлтгэж байна гэсэн тагнуулын мэдээлэл, гэрчлэх зүйл маш их байсан ч  Зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах ямар ч арга хэмжээ аваагүй” гэж энд онцолжээ. 

Киев Крымын хойгоос үүдэн оросын талаар асуудал үүсгэх ёстой гэж Украины Гадаад хэргийн сайд асан Павел Климкин Facebook хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан. Павел Климкин   Крымыг Орост хууль бусаар нэгтгэсэн тухай “Помпейн  тунхаг”  баримт бичигт гарын үсэг зурсны хоёр жилийн ойд зориулан ингэж хэлсэн байна. 

Энэ тунхгийг Крым бүх ард түмний санал асуулгын үндсэн дээр  Орост нэгдсэнээс дөрвөн жилийн дараа 2018 оны долдугаар сарын 25-нд америкийн талтай хамтран  баталсан юм. 

Украины “Европын эв нэгдэл” намын штабын дарга, Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Александр Турчинов мөн Крымыг дайрахад оролцоход бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Турчиновынхоор бол украины тэргүүн Владимир Зеленский  ч хойгийг хүчээр эргүүлэн  авах цэргийн ажиллагаа санаачлан, өөрөө ч байлдахад бэлэн байгаа гэнэ. 

Крымыг Украинд шилжүүлэн өгөх тухай ярьсан бүхнийг ОХУ шийтгэнэ

ОХУ-ын Төрийн думын спикер Вячеслав Володин харин  Оросын газар нутгийг гадуурхан үзэх нь экстремизмтэй адил гэсэн хууль баталсны дараагаар Крымыг Украинд эргүүлэн өгөхийг уриалж байгаа гадаадын бүх улстөрчдийг Оросын засгийн газар шилжүүлэн өгөхийг  шаардана гэж мэдэгдэж байна. 

“Энэ бол ихэвчлэн украины улстөрчидтэй холбоотой. Крымын талаар, энэ талаар юу хийхээ мэдэгдээд байгаа хүмүүсийг ОХУ-ын хуулиар шийтгэх ёстой. Тэднийг бид манай оронд шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй. Нөгөө талаас авч үзвэл  энэ асуудал цаашдаа улам даамжирч мэдэх тул бид энэ хуулийн хэм хэмжээг баримтлах ёстой” гэж Володин Төрийн Думын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгджээ. 

Түүнийхээр бол гэмт хэрэгт шийтгэл ногдуулах нь хэрэг хйисэн л бол иргэний харьяалал хамаагүй гэнэ. 

“Украин ч бай, Балтийн улс орных ч бай, эсвэл АНУ-ын ч бай хамаагүй. Оростой, оросын зарим нутагтай хамаатай мэдэгдэл хийсэн л бол энэ хуулиар шийтгэл хүлээх ёстой болохоор бид түүнийг манайд шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй. Бид үүнийг анхааралгүй орхихгүй” гэж анхааруулжээ. 

Володин бас тухайн хүн ийм мэдэгдэл хийснээс хойш хэдий хугацаа өнгөрсөн ч хамаагүй бүх зүйлийг эргүүлж авна гэсэн байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүний өмнө бас телевизийн “Москва. Кремль. Путин” гэсэн нэвтрүүлэгт орох үеэрээ Украинд 2013 оны эцэс, 2014 оны эхээр төрийн эргэлт гарч засгийн эрхийг булаан авсан гэж хэлж байсан юм. “Биднийхээр бол эндээс эхлээд Украины удирдлага бидний эсрэг болж, бидний зам салсан” гэж Оросын ерөнхийлөгч онцолжээ. Үүний дараа л крымчүүд оросын бүрэлдхүүнд орохыг хүссэн юм гэж тэр хэлсэн байна.

Украины засгийн газар хойгийн оршин суугчдад харьцах хандах талаар тун таагүй байгаа болохоор Крым эргэж Киевийн захиргаанд  орохгүй гэж Украины парламент Дээд Радагийн депутат байсан Анна Герман үзэж байна. “Крымчүүдэд зуны халуун цагаар ус өгөхгүй байгаа Украины захиргаанд крымчүүд хэзээ ч  эргэн орохыг хүсэхгүй” гэж Герман онцолжээ. 

Х.ӨЛЗИЙ

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

2020.9.21 ДАВАА № 076 (5376)