Москвагийн "Шереметьево" буудал ирэх хавар С терминалаа нээнэ

Дэлхийн мэдээ

Москвагийн олон улсын "Шереметьево" нисэх буудал ирэх 2021 оны хавар гэхэд С терминалийг нээхээр төлөвлөж байна хэмээн тус буудлын дэд захирал Андрей Никулин сэтгүүлчдэд мэдээллээ.

С терминал нь 2017 онд их засвар хийгдэхээр хаагдсан юм. Их засварын явцад уг терминалийг бараг бүрэн шинэчилсэн бөгөөд 2020 оны нэгдүгээр сард ашиглалтад өгсөн боловч COVID-19-ийн цар тахлын улмаас нислэгүүдийг зогсоосон тул буцаагаад хаасан юм.

"D терминалийг бид бүрэн хүчин чадлаар ашиглаж байна, харин С терминалийг ирэх 2021 оны хавар нээхээр төлөвлөж байна” хэмээн Андрей Никулин хэллээ.

Коронавирусийн цар тахлын улмаас Орос улс хилээ хаан, олон улсын нислэгүүдийг зогсоосноос үүдэн "Шереметьево" буудал D, E, C терминалууд, мөн гуравдугаар нисэх зурвасаа хаасан юм. Харин долдугаар сарын 27-ноос зарим олон улсын нислэгийг сэргээх шийдвэр гарсантай холбогдуулан D терминалийг бүрэн нээсэн ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ