О.АЛТАНГЭРЭЛ: САЙДЫН ХУВЬД ОЛОНХИ УУ ЦӨӨНХ ҮҮ ГЭДГЭЭС ҮЛ ХАМААРЧ АСУУДАЛ ДЭВШҮҮЛЖ ЗАЛРУУЛАХ ҮҮРЭГТЭЙ ХҮН НЬ БИ

Улс төр

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг  “Монголын мэдээ” сонины 6000 дахь дугаарын зочноор урьж,  ярилцлаа. 

-Ардчилсан нам УИХ-д олонхи болж, Н.Алтанхуяг “Шинэчлэлийн” гэх тодотголтой  гурван намын  төлөөллөөс бүрдсэн  Засгийн газрыг  байгуулж, хууль зүй, дотоод хэргийн яамаа өөртөө авч үлдэж байсан.  Энэ удаад  МАН анх удааХууль зүй, дотоод хэргийн яамыг АН-д өгч түүнийг нь та тэргүүлж буй.Хоёрт, 126 гишүүнтэй анхны парламентийн гишүүн. Үйл явдал нь өөрөө  Монгол Улсын түүх юм.

-Монгол Улсын парламентын түүхэнд шинэ үйл явдал, шинэ агуулга бий боллоо хэмээн үзэж буй. Тодруулбал, тооны хувьд УИХ-ын гишүүний тоо 126 болж нэмэгдсэн.Агуулгын тухайд Үндсэн хуулийн түвшинд мажоритар болон пропорциональ системийг оруулж, томсгосон тойргоор УИХ-ын  сонгуулийг явуулсан гэх утгаараа  энэ удаагийн парламент  цоо шинэ  бүтцийг бий болгосон.   УИХ-ын 126 гишүүний  80 нь анх удаагаа сонгогдсон. Ер нь бол  томсгосон тойрог, холимог  тогтолцооны онцлог нь  хамтарсан Засгийн газар байгуулах өндөр магадлалтай байдаг, энэ магадлалын дагуу Засгийн газар байгуулагдлаа. Үеийн үед эрх баригч хийгээд УИХ-д олон суудал авсан нам нь заавал Хууль зүй, дотоод хэргийн  сайдаа авдаг байсан эл тогтолцоо энэ удаад эвдэгдлээ.  Ардчилсан нам анх удаагаа тойргоос сонгогдсон гишүүнээ  Хууль, зүй дотоод хэргийн сайдаар томилсоны ард мэдээж хариуцлагын асуудал байж таарна. Хариуцлага гэдэг маань нам, эвсэл гэхээсээ илүүтэй сонгогч  түмний итгэлийг дааж явах асуудал шүү дээ.  Нөгөө талаар өөрчлөлт шинэчлэлтийн асуудал яригдаж байна. Өнгөрсөн 76 гишүүнтэй парламентын болон Монголын ардчиллын түүхэнд ардчиллын ололт амжилтыг бататгаж, бэхжүүлэхийн зэрэгцээ хууль, эрх зүйн салбарт гарсан хүний эрхийн зөрчлүүд, авлига, албан тушаалтай холбоотой асуудлуудыг шийдэх том үүрэг оногдлоо л гэж харж  байгаа.

- Хууль, зүй дотоод хэргийн яаманд Хүчний байгууллага, Хил хамгаалах, Дотоод цэрэг, ШШБЕГ гээд  хууль, эрх зүйн орчны хувьд өөр өөр чиг үүрэг бүхий байгууллагууд хамаатай. Эдгээр  байгууллагуудад хийх шинэчлэлээ    аль салбараас  эхлэх  вэ? 

-Хууль сахиулах байгууллагуудад  томоохон шинэчлэл хийхээс аргагүй нөхцөл байдал үүссэн. Цагдаагийн байгууллагатай холбоотой шинэчлэл ид яригдаж, хөтөлбөр төлөвлөгөөгөө нь  гарсан, удахгүй олон нийтэд зарлана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудтай холбоотой асуудлуудыг ч хөндөж, шийдвэрлэнэ. Тухайлбал, хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал байна.  Нийгэмд учруулсан хохирлын  нөхөн төлөлтийн асуудал дээр онцгой анхаарч ажиллана. Олон жил ужгирсан шийдэгдэхгүй байгаа иргэний хэргийн шүүх цаашлаад шийдвэр биелүүлэлт түүний бодит биелэлт, тэр дундаа төлбөр авагч ААН,  иргэдтэй холбоотой олон хүндрэлтэй асуудал, биелдэггүй шүүхийн шийдвэрүүд гээд цогцоор нь шийдвэрлэх олон асуудал байна. Мөн мэргэжлийн боловсон хүчний боловсролын асуудлаар Дотоод хэргийн их сургууль дээр  “Хүний эрхэд тулгуурласан хууль сахиулагчийн боловсрол”  хөтөлбөрийн хүрээнд нэлээн том шинэчлэлийг хийнэ. Ер нь манайд хамаарал бүхий  бүх салбарт тодорхой шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийнэ. Амжилттай яваа салбаруудынхаа амжилтыг мэдээж  хадгална. Эцэст нь тэмдэглэхэд, эрхзүйн шинэчлэлийн давлагаа явагдана. Энэ нь  хэн нэгэн хүн, ажил албан тушаал, нам улс төрийн байр суурь гэхээс илүүтэйгээр монгол хүнд хүрч байгаа төрийн үйлчилгээ, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны хүрээнд хамгаалагдаж байгаа хүний эрх чөлөөний чанар байдал, дээр нь  иргэдийн эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хууль тогтоомжийг сайжруулах үндсэн зорилготой. Мэдээж дагалдаж өөрчлөгдөх  зүйлүүд байгаа.  Нийгмийн хэв журмыг хамгаалах, хэрэг зөрчилтэй тэмцэх. Монгол Улсын хууль зүйн бодлогыг авч явах  уламжлалт зарчмууд явдгаараа  явна.

-АТГ-ын даргыг томилох асуудал  Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар шийдэгддэг байсан. Гэтэл Ерөнхий сайд хүнээ санал болгодог болсон.  Та үүнийг юу гэж харж байгаа вэ? 

-АТГ-ын даргын томилгооны тухайд  Ерөнхий сайдын  санал болгосон хүнийг УИХ хэлэлцдэг болсон. Харин АТГ-ын Олон нийтийн зөвлөлийг Монгол Улсын  Ерөнхийлөгч сонгож байгуулдаг. Монгол Улс 2006 онд  авлигын эсрэг дагнасан байгууллагатай болсноор улсын  хөгжил, эдийн засагт  маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бид ямагт бодож явах ёстой. Өнгөрсөн жилүүдэд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, авлигачдад ногдуулах  хариуцлага, урьдчилан сэргийлэх чиглэлээр АТГ маш их зүйлийг  хийсэн. Тэгэхдээ Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын хуулийн биелэлтийг хэрэгжүүлэх чиг үүрэг   бүхий байгууллагын хувьд АТГ-ын үйл ажиллагааг дэмжих цаг нь болсон гэж үзэж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэн ялангуяа хөдөө, орон нутгийн түвшинд авлигатай тэмцэх үйл ажиллагааг зохион байгуулахад цагдаагийн байгууллага АТГ-ын үйл ажиллагаанд тэр дундаа  илүү оролцоотой байх ёстой. Авлигатай хийх тэмцэл дан ганц АТГ-ын биш Засгийн газар түүний харьяа бүх байгууллагуудын асуудал юм. Тийм учраас өнөөдөр Монгол төрийн бодлого авлигын эсрэг чиглэж байгаа бол  АТГ-ыг өмнөө барих биш засаг нь яаж хамтарч, ойлголцож явах вэ  гэдгээ тодорхой болгох ёстой.  Энэ үүднээс  АТГ-ын удирдлагууд болон зохих албан тушаалтнуудтай Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд санал солилцсон.  Энэ чиглэлийн хууль тогтоомж боловсруулах  асуудалд АТГ-ын төлөөллийг оролцуулж байна. Үүний үр дүнд авлига багасч, авлигын гэмт хэргийн нөхцөл шалтгаан арилж гэмээнэ Монголын ард түмэн эцсийн бүлэгт хожих ёстой. Тэгэхээр бид   Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шүүхээс  ямар нэг асуудал шалтгаалж байна гэж үзэхээсээ илүү Монголын төрийн тогтолцоо тэр чигээрээ  авлигатай хэрхэн  тэмцэх юм, чиглэсэн зорилго руугаа яаж урагшлах юм гээд  шийдэл,  амжилт гаргах зүг рүүгээ л харах ёстой.ХЗДХ-ийн яам ч, сайд нь ч   өнөөдөр энэ бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

- Хууль зүй, дотоод хэргийн яамны ирэх оны  төсөв  таны хийхөөрчлөлт шинэчлэлтийг даах нь үү?

-Ирэх жилийн төсөвт хөрөнгө оруулалтын шинжтэй зүйлүүд танагдсан гэдгийг хэлэх байна.  Жишээлбэл шинээр барих зарим нэг хорих анги, цагдаагийн газар, хилийн цэргийн барилга байгууламжийн ажилтай холбоотой хөрөнгө мөнгөний асуудал төсөв тусгагдаж чадсангүй. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан  14 төсөл хэрэгжих болсонтой холбогдуулан салбарын зарим нэг хөрөнгө оруулалт танагдсан учраас  нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй.Харин хууль зүйн салбарын шинэтгэлийг явуулахад, шаардлагатай төсөв хөрөнгө 2025 оны төсөвт хангалттай суусан. Монгол хүнд үзүүлж байгаа хууль сахиулах байгууллагуудын үйлчилгээ, хүнийг хамгаалж буй байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдахад шаардлагатай төсөв хөрөнгө хангалттай.   Харин батлагдсан  төсөв хөрөнгөө  хэрхэн үр ашигтай зарцуулах вэ гэх тухайд бид анхаарч ажиллах учиртай.  

- Сайдын ажилтай зэрэгцүүлээд Хангайн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүний хувьд ажиллах ёстой?

-Манай бүс 58 сумтай. Хангайн бүсээс УИХ-д сонгогдсон Ардчилсан намын долоон гишүүн нийлээд асуудлуудаа  эрэмбэлж, нэн даруй  шийдвэл зохих асуудлаар холбогдох яамдын сайдуудтай уулзсан. Бид Архангай-Баянхонгор чиглэлийн авто зам, мөн  хангайн бүсийн 34 сумын цэвэр бохирыг  төвийн нэгдсэн байгууламжид холбохын тулд зураг төслийг нь шийдүүлж, замтай холбоотой  зарим ажлуудыг эхлүүлье гэж ярьж байгаа. Ер нь бүс дотроо сумдыг авто замтай болгох асуудал маш чухал байр суурь эзэлж байгаа. Нэлээд хэдэн сум руу тавих автозамын зураг төслийг бэлэн болгосон. Цэвэр бохир буюу төвлөрсөн дэд бүтцэд сумдыг  холбох нь орон нутагт ажиллаж, амьдарч  байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хүүхэд багачуудын эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй зүйл шүү дээ.  Энэ хоёр асуудлыг нэн даруй шийдэхийн төлөө  зүтгэх болно. Хоёр дахь ажил бол Өвөрхангай аймагт баруун бүсийн тээвэр ложистикийн төв байгуулах Архангай-Баянхонгор чиглэлийн аялал жуулчлалын замыг хөгжүүлэх асуудалд анхаарал тавина. Мэдээж хэрэгбүсээс сонгогдсон учир бүсийн иргэдийн тавьсан санал, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх учиртай.  Энэ бүхнийг ажил хэрэг болгох нь УИХ-ын гишүүний үүрэг, хариуцлага  тул  сайдын ажлын хажуугаар хийж гүйцэтгэнэ  гэсэн зорилго тавин ажиллаж байна даа.

-Орон нутаг дахь УИХ-ын гишүүний бие төлөөлөгч хариуцлагатай ажил.  Тойрог томорсон учраас аймаг бүрт бие төлөөлөгч ажиллах учиртай. Гэтэл хуульд энэ асуудал тусгагдаагүй учраас асуудлыг ямар байдлаар зохицуулж байна вэ?

-Бие төлөөлөгч хуульд зааснаар УИХ-ын гишүүнд нэг л байх ёстой. Энэ асуудал дээр нэн даруй анхаарлаа хандуулахгүй бол  гурван аймгийн 300 гаруй мянган иргэнд ганцханбие төлөөлөгч хүрч ажиллана гэж байхгүй. Байлаа ч учир дутагдалтай. Хүртээмжийг хэрхэн  нэмэгдүүлэх вэ гэдэг дээр бид бүлэг дээрээ ярилцаж байгаа. Одоогийн байдлаар бие төлөөлөгч гэдэг албан ёсны бус  хүн  томилогдон  ажиллаж байгаа. Цаашдаа сум болгонд УИХ-ын бие төлөөлөгч ажиллах ёстой.  Гэхдээ зүгээр нэг бие төлөөлөгч байх биш тухайн гишүүний явуулж байгаа үйл ажиллагаа төр, засгийн бодлого шийдвэрийг  ард түмэнд хүргэж, төр ард түмний гүүр  болж ажиллах идэвхтэй бүтэц байх ёстой гэсэн бодолтой явна.

-Хангайн бүсээс УИХ-д сууж буй долоон гишүүн амь нэгтэй,  идэвхитэй байх нь гэсэн дүр зураг харагдаж эхэлсэн?

-Бидэнд хийх ажил их байна. Хэд хэдэн хуулийн төсөл санаачилж, УИХ-д  өргөн барина. Бидний хамгийн түрүүнд барьж авсан, долуулаа  нэгдсэн зүйл бол Ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн  Б.Баттулгын санаачилсан Хүүхдийн мөнгөний асуудал.  Хүүхдийн 100 мянган төгрөг дээр 30 мянган төгрөг нэмэх тухай  хуулийн төсөлд  санал нэгтэйгээр гарын үсэг зурцгаасан.

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг  хүн хүчний хувьд сөрөг хүчин байхуйц хэмжээнд очлоо.  Идэвхи зүтгэлтэй байх тухайд таны санааг зовоож байгаа зүйл байна уу?

-Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа ерөнхийдөө одооноос  л жигдэрч байна.  УИХ-ын чуулган албан ёсны нээлтээ хийгээд удаагүй байна. Орон нутгийн сонгууль болж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүд  тойрог руугаа явцгаасан. Саарал ордон эл хуль л байна.  Гэсэн хэдий ч манай бүлгийн гишүүд харьцангуй идэвхтэй ажиллаж байгааг та бүхэн  харж байгаа.Тодруулбал тойргоос сонгогдсон, жагсаалтаар сонгогдсон гэлгүйгээр бүгд л орон нутагт ажиллаж, иргэдийнхээ үгийг сонсч яваа. Байнгын хороо болон  бүлгийн хурлуудад бүтээлч байдлаар хандан  нэлээн ширүүн мэтгэлцээн дор болж байна.  Удахгүй хуулийн төслүүд хэлэлцэж эхлэхээр намын бүлэг, гишүүдийн байр суурь тодорхой болно. Саналын зөрүүтэй асуудлууд зөндөө гарах байх. Ер нь бол “990900” буюу Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлүүдээхэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Үүний төлөө энэ Засгийн газарт орсон. Тэрнээс биш дарга сайдын нэр зүүх гэж эрх мэдэлд хүрэх гэж яваагүй. Ардчилсан намын бүлгийн гишүүд ямархуу ажиллаж байгааг мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээс  хараарай, дүгнээрэй.Бидний хувьд ажил үүргээ сайн гүйцэтгэнэ  гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажилдаа орцгоосон.

- Сөрөг хүчин байх гишүүдийн  төлөвшил ямар байна вэ?

-Бүлгийн нэгдсэн байр суурийг хэрхэн яаж илэрхийлж байна вэ гэдгээс шалтгаалж  асуудал яригдана. Бүлгийн нэгдсэн байр суурийг дагах, дагахгүй асуудал нь хувь гишүүний сахилга бат гэхээсээ илүүтэй ардчиллынхан  нэг зорилготой байна уу,   үгүй юу гэдгийг л ерөнхийд нь харж байгаа болов уу. Тодорхой асуудлаар бүлэг шийдвэр гаргана гэдэг нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болоод үндсэн дүрэм, үзэл баримтлалд нийцсэн шийдвэр болох ёстой гэж олонхи нь үзэж байгаа. Яг шийдвэр гаргах тухайн мөчид  дээр хүрээд ирэхээр хэн гэдэг гишүүн  бүлгийн шийдвэрийг дагаж,кноп дарж байгаагаас шалтгаалж сахилга бат,төлөвшлийн асуудал яригдана. Хэдийгээр төрийн шийдвэр гаргах үйл явц дээр намын нэр барьж болохгүй нь үнэн боловч намын үнэт зүйл болоод мөрийн хөтөлбөрийн тухайд тойргоос сонгогдсон гишүүний хувьд  ухамсарлах ёстой. Ард түмний өмнө  амлалт авч энд сууж байгаа гэдгээ дор бүрнээ  ухамсарлаж чадвал асуудлууд аяндаа шийдэгдээд явах байх.

- Цөөнхийн бүлгээс томилогдсон сайдад боломж,  давуу тал нь гэж харах зүйл байдаг юм байна уу?

-Сөрөг хүчний гэдэг юм уу, цөөнхийг  төлөөлж сайд болсны хувьд  давуу тал гэж харах зүйл бол өнгөрсөн он  жилүүдэд олон нийтийн шүүмжлэлд өртөж,   ажил албан тушаалтай холбоотой хэл амаас хол явж иржээ. Сул тал нь  Ардчилсан намаас сонгогдсон учраас намынхандаа ямар нэгэн байдлаар үйлчлэх вий гэсэн хардлага байх юм.Бас бусад нам, эвслийнхэнд хатуу хандах вий гэсэн болгоомжлол  мэдрэгдэж байна. Аль алиныг нь буруутгах үндэс байхгүй. Шулуухан хэлэхэд, хууль зөрчсөн асуудал байх л юм бол Хууль зүйн  сайдын хувьд тэр олонхи байна уу цөөнх байна уу, манайх уу, хүнийх үү гэдгээс үл хамаарч  асуудлыг дэвшүүлж,  залруулах үүрэгтэй хүн нь би.

Мөн хамтарсан байна уу, ямар засаг байхаас үл шалтгаалж  Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гагцхүү хуульд нийцэж гарах ёстой. Монгол Улсын бодлого үйл ажиллагаа хуульд нийцэж  байна уу гэдгийг хянаж, зөв голдиролд нь оруулах үүрэгтэй хүн нь бас л би. Бүх юм цаг хугацаатай учир хожмын өдөр хэн хууль журам, зарчимдаа үнэнч байсныг ярих болохоос биш ямар сайд байсан, хэр удсан, ямар эрх ямба эдэлж байснаараа шүүгдэхгүй.

  Миний хувьд  Ардчилсан нам энэ Засгийн газарт орсны зөв байсныг нотлохын тулд, Ардчилсан нам шударга ёсыг сахиулахын төлөө, тэмцдэг зүтгэдэг улс төрийн хүчин мөн юм шүү гэдгийг харуулахын тулд хариуцлагатай ажиллах ёстой гэж өөртөө хэлдэг. 

- Төрийн залгамж халаа гэж ярих сайд олон. Та тэднээс өөр байхыг хүсч байна уу?

-Уламжлалт, хэзээ ч өөрчлөгддөггүй зүйл гэж бий.  Монгол Улсын Үндсэн хууль болон өөр бусад хуулиудад заасан хуулийг дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөөг   хүндэтгэх гэдэг ч юм уу. Энэ зарчмууд мэдээж үргэлжлэх ёстой.  Гэхдээ бодлого, шийдвэрүүд өөр  өөр гарна. Миний бие илүү хурдан хугацаанд, илүү олон дэвшилттэй үйл ажиллагааг, салбар болгон дээр хүлээгдэж буй  өөрчлөлтийг   хийхийн төлөө ажиллана. Сайд болгон өөрийн бодлого, үзэл баримтлалыг дэвшүүлж, өөрийн зарчмаар ажиллаж ирсэн. Сайд болгонд хэрэгжүүлсэн бодлого, санаачилж эхлүүлсэн ажил бий. Алдаа оноо ч бий л байх.  Надад ч   алдаа, оноо нь бий.  Гэхдээ миний хүсч байгаа зүйл бол энэ системд 20 гаруй жил явсан хүний хувьд  салбарын болоод нийгмийн хүсээд байгаа  шинэчлэлийг аль болох хурдан хийх юмсан, байгууллагуудтай холбоотой асуудлуудыг болохоор аль болох хурдан хийж дуусгах юмсан, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль сахиулах үйл ажиллагааны түвшинг шинэ шатанд гаргаж ирэх юмсан, иргэдийн  хуульд итгэх итгэлийг сэргээсэн юмсан гэх сэтгэлээр ажилдаа хандаж, тийм үр дүнд хүргэхийн төлөө хичээн ажиллаж байна.   Энэ л миний зорилго, зорилт.

-Та хуульч. Тойргийн гадна байхдаа Эрүүгийн болоод иргэний хуульд ийм, ийм   өөрчлөлт оруулах цаг нь болжээ гэж бодож явсан уу. Одоо боломж  гарт тань байна?

-Хүний эрхтэй холбоотой өөрчлөлтүүд оруулах ёстой хуулиуд байгаа. Тухайлбал, хүнийг аливаа хэрэгт холбон шалгадаг, аливаа этгээдэд холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад өмгөөллийн туслалцаагаар хангадаг эрхийг нь илүү эдлүүлэх гэх мэтчилэн.  Төр өөрөө ямар нэг үйл ажиллагаа явуулахдаа хүний эрхийн баримжаатай байх гэсэн нэгдүгээр зарчим дээр өөрчлөлт оруулна. Хоёрдугаарт, хууль заавал биелдэг байх ёстой. Өнгөрсөн он жилүүдэд хуулийн  хэрэгжилт асуудал дагуулсаар ирсэн. Жишээ нь авлига авч болохгүй гэдэг ч зөндөө олон авлигачийг “төрүүлсэн”. Хүн хууль бусаар хөрөнгөжиж болохгүй гэсэн атлаа хаанаас хөрөнгөжсөн нь мэдэгдэхгүй хөрөнгөтнүүдтэй. Хуулийн дээр дур зоргоороо аашилдаг байдал сүүлийн 30 жилд бий болсон. Энэ тогтолцоог эсэргүүцэж, яаж өөрчлөх вэ гэж бодож явсан хүний хувьд өнөөдөр түүнийгээ хийх, хийхдээ хууль зүйн арга замаар, бодлогын түвшинд хийх боломж гарч ирсэн учраас  боломж бүрийг ашиглана.

- Сонгуулийн өмнө нүүрс, ногоон автобусны сонсголууд төрийн ордонд ар араасаа сүр дуулиантайгаар хийгдсэн ч үр дүн нь иргэдийн санаанд хүрээгүй.  Одоо ч дараагийн сонсгол яригдаж буй? 

-Энэ намрын чуулганд Засгийн газраас өргөн барихаар бэлдэж байгаа Авлигын эсрэг багц хуулийн төсөлд  таны хэлэх гээд байгаа бүх асуудлыг цогцоор нь тусгаж өгсөн. Цаашид арга зам ярихгүйгээр асуудал ярихаа больё л гэж байгаа юм.  Сонсголын үеэр хэн хүнгүй  баахан зовлон тоочсон.  Үнэн хэрэгтээ бөөн авлигачид  тэгээд яах юм бэ. Нүүрсний хулгайн ард төдөн  их наяд  гэж яриад байгаа ч түүнийг яг хэн тогтоосон юм бэ. Үнэхээр хулгай байгаа бол ингээд л яваад байх юм уу.  Энэ  мэт  асуудалд иргэд  залхан, ямар нэг юм хийе гээд байгаа хэрэг. Гагцхүү гарц гаргалгаа олох нь Хууль зүйн яамны ажил. Бусдаар бол авилгийн гэмт хэрэгтэй тэмцэх нь АТГ-ын ажил, зарим тохиолдолд цагдаагийн байгууллага хүч нэмнэ.

-Улс төрийн нэрт зүтгэлгэн С.Зориг агсны амиа алдсан өдөр саяхан  болж Ардчилсан намын гишүүд түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн.  Сонгуулийн жил тохиох бүрт энэ хэрэг гарч ирэх юм.  Ардчилсан намаас томилогдсон сайдын хувьд  асуудалд өөр байдлаар хандаж магадгүй гэсэн нийгмийн хүлээлт байна?

-Засгийн газрын ээлжит  хуралдаанаар С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлттэй холбоотой ажлын хэсгийг миний бие ахлан ажиллах шийдвэр гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа. Ажлын хэсэг байгуулагдаад хэдхэн хонож байгаа болохоор мэдээлэл бага байна. Мэдээж зарчим бол ойлгомжтой, энэ хэрэг заавал илрэх ёстой. Сонгуулиас сонгуулийн хооронд, улс төрийн намуудын санал авах хэрэгсэл болгож байгаад,  хэн нэгэн илүү оноо авах  зорилгоор энэ хэргээр улс төрийн ашиг хонжоо хайдаг байдлыг нэг мөр эцэслэнэ.

-Хэвлэлийн эрх чөлөөний  тухай хуулийг өргөн барих асуудал олон жил яригдаж буйг та мэдэх байх.  Хуулийн төслийг нь сонирхож  үзэв үү?

-Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг өргөн барина. Энэ хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ямар нэг цензур, хяналт  тавихгүй гэсэн  утга санааг  хуулийн төсөлд тодорхой тусгаж өгнө. Сэтгүүлчтэй холбоотой худал мэдээл тараах гэмт хэрэг, олны ярьдгаар гүтгэхтэй холбоотой  зохицуулалт нь өөрөө их эмзэг зохицуулалт. Үүнийг илүү яаж оновчтой  болгох вэ гэдэг асуудлыг  сэтгүүлчид болоод хуульчид л ярина. Хуулийн зохицуулалт талаас нь хэвлэлийн эрх чөлөөг ялгах ёстой. Бид хэвлэлийн эрх чөлөөний асуудал хийгээдбусдын нэр хүндэд халдсан гэдгийг  тус тусад салгаж  ярихгүй бол аль алиныг нь холион бантан болгож орхидог. Ийм хоёр туйлын хооронд яваад байна.  Аль нэг туйл руу нь хазайхгүйгээр  хэвлэл мэдээлэлд хэн ч цензур тавих ёсгүй, хэвлэл мэдээллийн хараат бус байдалд хөндлөнгөөс хэн нэгэн халдах ёсгүй гэх агуулгыг  илүү тодотгож өгөх аваас  маш сайн хууль болно. Мөн хэвлэлийн эрх чөлөөг яаж баталгаажуулах вэ, олон улсын жишигт хэрхэн  нийцүүлэх вэ гэх тухайд зохих  өөрчлөлтүүдийг хийнэ.

-Алслагдсан суманд үүрэг гүйцэтгэж буй хэсгийн төлөөлөгч, хилчний  ажиллах орчин нөхцөл сайжирч гэмээнэ  салбарын сайдын нэр хүнд өснө. 

- Салбарынхаа ажилтан, албан хаагч тэдний ажлын байрны нөхцөл, техникийн хангалт, ахуй амьдралд нь  анхаарал тавих нь миний үүрэг.Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гарч,  хилийн цэрэгт үүрэг гүйцэтгэж буй  албан хаагчдад  онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгохоор болсон. Эл шийдвэрт  хилийнхэн маань маш их талархаж буй. Ахуй амьдралд нь  нөлөө үзүүлэхүйц шийдвэр болсон гэж үзэж байгаа.  Энэхүү баярт мэдээгээ би өнөөдөр 6000 дахь  дугаараа  эрхлэн гаргаж байгаа “Монголын мэдээ” сонины редакциар дамжуулан Монгол Улсын өнцөг булан бүрд үүрэг гүйцэтгэж байгаа хил хамгаалах байгууллагын албан хаагчид болон тэдний үр хүүхдүүдэд дуулгах  байна. Та бүхний  ажиллаж амьдарч буй орчин нөхцөлийг сайжруулах тал дээр онцгойлон анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ Монголын мэдээ сонины түүхэн  дугаараар дамжуулан  Хууль зүйн  сайдын хувьд амлалт болгож үлдээе.

“Монголын  мэдээ” сонины хамт олондоо  түүхт 26 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, танай хамт олонд ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.

-Танд баярлалаа.

-Баярлалаа.