МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД Ч ХАЛХ ГОЛЫН ДАЙНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН

Соёл урлаг, Спорт

М.ДАВАА 

Энэ жил Халх голын дайны ялалтын түүхт  85 жилийн тэгш ой тохиож байгаа билээ.Халх голын байлдаан нь Орос, Монгол хоёр орны түүхэнд тодоор бичигдэх том ялалт байсан. Ялалт ямар их үнээр олдсоныг бид санан дурсаж, хүндэтгэл үзүүлж, Монгол Зөвлөлтийн баатарлаг дайчин эрсийнхээ алдрыг цагийн цагт мөнхжүүлсээр байгаа.

 Хоёр орон хамтран Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ хүрээнд   Улаан-Үд хотоос манай улсын зарим  хот руу урлагийнхан, жүжигчид ирж, тоглолт хийж, хамтдаа Халх голын дайны ялалтын 85 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэсээр байна.

Түүний нэг илрэл бол Оросын Холбооны Буриад Улсын Драмын эрдмийн театрын хамт олон Дархан хотын "Залуучууд" театрт Халхын голын ялалтын 85 жилийн ойд бэлэг болгон орос хэлээр зохиогдсон "Халхын гол Тангараг"жүжгийг монгол үзэгчдэд зориулан тоглосон юм.  Хоц Намсараевын нэрэмжит  Буриад улсын драмын академик театрын уран бүтээлчид монголын зарим жүжигчдийн хамтаар  Геннадий Башкуевын зохиолоор “Халхын гол- тангараг”  нэртэй драмын жүжиг бүтээгээд Монгол улсад аялан тоглолт хийж байна. Хамгийн анхны тоглолт нь “Найрамдлын хот”, “Залуучуудын хот” гэгддэг Дархан хотоос эхлээд Төв аймаг- Улаанбаатар хот- Хэнтий-Дорнод- Орхон аймаг гэсэн чиглэлээр үргэлжлэх юм гэсэн мэдээллийн дагуу сэтгүүлч миний бие энэ тоглолтын эхнийхийг  үзэх сонирхолдоо хөтлөгдөн Бурхантын хөндийн Дархан хотыг зорьсон билээ. Монгол хэлрүү орчуулан, монгол хэлээр энэ  сайхан тоглолтыг үзсэн маань хүлээлтээс, зорьж очсоноос   хэд давсан гэдгийг ч энд хэлэх нь зөв байх    Халхын голын дайны үе Дорнод аймгийн харьяат Чимэдцэрэн бүсгүй үе тэнгийн охид  бүсгүйчүүдийн хамт  фронтод сайн дураараа явж цэргийн сувилагчаар ажиллах  уриалгын дагуу фронтод очжээ.  Хэдийгээр ийм бодит үйл явдлаас санаа авсан боловч тодорхой хэн нэгэн хүний тухай түүх биш,  бүхэлдээ дайн тулааны тэр хүнд цаг үед  хоёр орны дайчид, тэдний бат бэх ар талынхны  тэмцлийн тухай дүрслэн үзүүлсэн  драмын жүжиг байлаа.

     Улс орныхоо тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн тэмцэлд оролцох гэсэн бүсгүйчүүдийн эр зориг, эрэмгий тэмцэх чанар нь цэргийн хээрийн эмнэлгийн хатуу ширүүн нөхцөл байдалд ч хугарч нугарсангүй. Сувилагч охид хүүхнүүд шархадсан цэрэг дайчдыг асрах, амь насыг нь аврах үүрэг хүлээж дайныг даван туулна. Жүжигт мөн анхны хайрын тухай ч үзүүлдэг. Хайр сэтгэл гэдэг ариун нандин зүйл нь хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч хүмүүст итгэл найдвар төрүүлсээр байдаг гэдэг билээ. Энэ жүжиг нь эр зориг, энэрэнгүй үйлс, бас хохирол золиос, эцэст нь хүний амьдралын үнэ цэнийн талаар чухал үнэнийг өгүүлж тэмцлийн утга, ялалтын учрыг харуулж  гэрэлт ирээдүйд итгэх боломжийг олгож байна.Тайз дэлгэцэнд, дайн байлдааны сэдэвтэй бүтээлд төдийлэн тодорхой ил гардаггүй, эмнэлгийн сувилагч, асрагч нарын үйл хэрэг тэмцэл бодит үйлсийг гол шугамаа болгон үзүүлж байгаа нь сонирхолтой.Мөн Халхын голын байлдааны ялалтад Монголын ард түмний оруулсан их хүчин зүтгэлийг, түүний дотроос монгол эмэгтэйчүүдийн хатан зориг, зүтгэлийг үнэн бодитоор  үзүүлэхийг хичээсэн нь үнэхээр бахдалтай байсныг үзэгчдэдээ дуулгахад таатай байна.

     Дайн гэдэг зөвхөн тулаан гэдэг тэргүүн шугаманд тулалдаж байгаа дайчдын амь өрссөн хэрэг мэтээр ихэнх уран бүтээлд үзүүлж ирсэн байдаг. Харин  энэ жүжигт бол дайны ар талд хөдөлмөрлөж байгаа хүмүүс ч бас тулалдаж байдаг юм гэсэн санааг үзэгчдэд маш ойлгомжтой, тодорхой үзүүлсэн байсан.  Халхын голд Хүний Хайр гэдэг агуу зүйл Дайн гэдэг харанхуй хар мангастай үхэх сэхэхээ үзэн тулалдаж, хайр их хохирол үзсэн боловч Ялсан юм гэдгийг маш ойлгомжтойгоор нотлон харуулсан нь Дархан хотын үзэгчдийн сэтгэлийг ихээхэн татсан.

Бас нэг зүйл  онцлохыг хүслээ. Тэр нь “Хүн хүнээрээ байхыг хүсвэл дайсантайгаа адил алж,  хядахыг гол зорилгоо болгож болохгүй, тэгвэл алуурчин дайсантайгаа адил хүн биш араатан болж хувирна гэдгийг үйл явдлын жижигдеталь хэсгээр тодорхой дүрсэлж чадсан байна.  Жүжгийн найруулга , тавилт, зохион байгуулалтын тухайд зүгээр л “сайн” гэдэг үгийг ам бардам хэлэх байна. Гол дүрүүдийг авьяастай залуухан жүжигчид, маш сайн чадварлаг гаргаж харууллаа. Дүрүүдээ ёстой л гялалзтал бүтээжээ.  Дайны хэцүү сэдвийг залуусын өнцгөөс тавьсан нь хамгийн гол ололт гэж санагдлаа.  Залуус бүтэн хоёр цагийн турш жүжгийн баатруудтайгаа хамт баярлаж гуньж, хагацаж, учирч,  нүдэндээ нулимс дүүрэн догдолж үзэж байгаа харагдана билээ. Буриаддаа нээж,  тэсрэлт авчирсан жүжиг Монголд ийнхүү айлчлан ирлээ. Дарханы үзэгчид анхлан үзсэн нь бүр ч азтай. Одоо Төв аймаг, нийслэл хотынхон, дараа нь Хэнтий, Дорнод, Орхон аймагт тоглохоор замдаа гарлаа.   Энэ жүжгийг манай залуучууд, орчин үеийнхэн  үзээсэй, бүр олон хот дамжин тоглоосой гэж хүсч байна. Дашрамд, ийм сайхан уран бүтээл туурвисан Буриадын эрдмийн театрын хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье. 

Жүжиг үзэж буй хүмүүсийн дунд нэгэн үзэгч ихээхэн анхаарал татсан юм. Тэр хүн бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн гуай байлаа. Түүнтэй уулзаж,  жүжиг үзээд төрсөн сэтгэгдлийг нь хуваалцлаа.

Ө.Рагчаасүрэн: Буриад жүжигчид гарал угсаа нэгтэй үзэгчдийнхээ цөсийг хөөргөж,  омогшуулжчадлаа

Тун сонирхолтой жүжиг байна. Тэр болгоныг нь ярихаас өмнө жүжиг бүтсэн түүхээс нь хуваалцъя.  Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойд зориулсан драмын жүжиг бүтээх санааг Буриад Улсын төрийн тэргүүн Алексей Самбуевич Цыденов эхлэн гаргасан нь бүр ч онцлогтой. Жүжгийн гол утга санааг эхлээд бодит баримтаас авахын тулд эрэл хайгуул хийж, Халх голын байлдаанд оролцож явсан энэ нутгийн хүмүүсээс өдгөө амьд сэрүүн байгаа цор ганц хүнийг олсон байна. Энэ хүн болох Монголын Дорнод аймгийн буриад ястан Цэрэнгийн Чимэдцэрэнтэй өнгөрсөн онд Буриадын Улсын төрийн тэргүүн өөрөө биечлэн уулзжээ.

Дараа нь мэдээж жүжгийн уран бүтээлчдийн багаа илгээж. Байлдааны үед цэргийн хээрийн эмнэлэгийн сувилагчаар алба хааж байсан, дайны амьд гэрчийн дурсамж ярианд тулгуурлан Буриадын нэрт жүжгийн зохиолч Геннадий Башкуев “Тангараг,Чимэдцэрэнгийн “Цагаан зам” гэсэн жүжгийн зохиолоо, үзэгчдийн нэрлэж заншсанаар “Бур театр”-т  тусгайлан зориулж бичжээ. Уг зохиолоос сэдэвлэн найруулагч Олег Юмов  “Халх гол Тангараг” нэртэй жүжиг тайзнаа амилуулсан нь энэ юм.

 Жүжгийн үйл явдал их онцлог санагдлаа. Тайз дэлгэцэнд, дайн байлдааны сэдэвтэй бүтээлд төдийлэн тодорхой ил гардаггүй, эмнэлгийн сувилагч асрагч нарын тэмцэл бодит үйлсийг гол шугамаа болгон үзүүлж байгаа нь сонирхолтой. Жүжгийн гол дүрүүд нь бүр ч өвөрмөц.  Бодит түүхийг тодруулахад Дорнод аймгийн Баяндун сумын эрэлхэг зоригтой охид бүсгүйчүүд, байлдааны хээрийн эмнэлэгт сайн дураараа ажиллаж байжээ. Жүжигт дүрслэн үзүүлснээр, төрсөн нутаг усаа дайснаас хамгаалж, амь биеэ хайрлахгүй тэмцэнэ гэж  тэдгээр залуус бүгд нийлж, цусан тангараг тавиад байлдааны талбарт ирж байна. Гайхалтай ховор жишээ.

            Жүжгийн гол санаа бүх насныханд зориулагдсан боловч,  үндсэндээ залууст чиглэжээ. Халх голын байлдааны 85 жилийн ойд зориулсан мэдээлэл, сурталчилгаа олон сараар явлаа. Албаны энэ мэдээлэл залууст наалдац муутай байсан. Тэгвэл энэ жүжгийг л манай залуус их үзээсэй гэж хувьдаа хүсэж байна. Учир нь өсвөр залуусын өөрсдийнх нь хэлээр жүжгийн баатрууд ярилцаж байгаа учраас маш ойлгомжтой.

 Тайзан дээр өрнөж байгаа үйл явдал залуу үзэгчдийн зүрхэнд хүрч чадаж байгаа нь Дарханы тоглолтоос тод харагдлаа. Зөвхөн залуучууд л мэдрэх гэнэн хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, хайр дурлалын хэлээр жүжиг хүүрнэж байна. Жүжгийн тайзан дээрх тоглолтыг арын дэлгэц дүүрэн үзүүлсэн баримтат киноны хэсэг, жүжигчдийн уран сайхны тоглолт, амьд дуу авиатай хослуулсан нь үйл явдлыг илүү ойлгомжтой гоё болгон чимлээ.

Жүжгийн дайн байлдааны эсрэг,  тэсрэг зөрчилтэй дүрүүд нь хүний мөс, чанарыг бүхнээс илүүд тавьж байна. Дайсны олзлогдсон цэрэгт сувилагч охин өөрийн цусаа  өгч амийг нь аварч, эмчлэн эдгэрүүлж байгаа нь мэдээж хүний мөс чанар шүү дээ.

 Буриадын  уран бүтээлчид энэ жүжгээ өөрийн театртаа буриад хэлээр тоглох юм байна. Ингэхдээ Хорь буриад, Эрхүүгийн Буриад болон бусад аймгийн онцлог нутгийн аялга мөн Орос хэлээр тоглохоор бэлджээ. Энэ удаа Монголд айлчлан тоглоход зориулж тусгайлан Буриадын зэрэгцээ Халх монгол хэлээр тоглохоор орчуулж, жүжигчид нь бэлтгэл сургуулилт хийгээд ирсэнд нь бахархлаа.

Сэтгэл хөдөлсөндөө дахин хэлэхэд жүжигчин залуус, тэр тусмаа басгад жүжигтээ адтай сайн тоглолоо. Гарал угсаа нэгтэй үзэгчдийнхээ цөсийг хөөргөж омогшуулж байлаа, та нар.   Буриадын  театрт  энэ удаа ингэж сэтгэл татагдлаа. Дархан, Улаан Үүд хоёр жар гаран жил ахан дүүгийн барилдлагатай яваа хотууд шүү дээ, учир бас байна аа, байна. Оюутны таван жилд тохой залган суусан буриад охидын царай төрх нүдэнд харагдаад эхэллээ...Жүжиг, юм юм л санагдуулж байна...   

Анд нөхөд минь, “Халхын гол Тангараг” жүжгийг амжиж үзээрэй. 

 Буриад улсын драмын академик театрын уран сайхны удирдагч Олег Юмовтой  уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.

Олег Юмов: Монгол эмэгтэйчүүдийн эх орноо гэсэн сэтгэл, баатарлаг тэмцлийг бахдан үзүүлэхийг зорьсон

 -Энэ жүжигт тухайн үеийн Зөвлөлт- Монголын ард түмэн, хоёр орны зэвсэгт хүчний дайчид,  улс орны тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд мөр зэрэгцэн хэрхэн тэмцсэн тухай өгүүлж байгаа.

 Үүн дотроо монголын эмэгтэйчүүдийн эх орноо гэсэн сэтгэл, баатарлаг тэмцлийг бахдан үзүүлэхийг зорьсон. Мөн дайн тулааны үеийн хүнд хэцүү байдал, түүнийг хэрхэн даван туулж байгааг, мэдээж залуу,  сайхан насны улсууд хойно тэдний үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлийн тухайд ч тусгаж үзүүлэхийг хичээсэн байгаа.

 Энэ тоглолтыг Буриадын засгийн газар, Соёлын Яам дэмжиж Монгол Улсад  илгээсэнд баяртай байна. Монголын ард түмэн үзэгч та бүхэн бидний тоглолтыг өргөнөөр үзээрэй гэж хүсье.