НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХӨРСНИЙ БОХИРДОЛ ҮҮССЭН 15 ГА ТАЛБАЙН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ, СААРМАГЖУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Нийгэм, Эдийн засаг

    Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдол үүссэн 15 га талбайн бохирдлыг бууруулах, саармагжуулах ажлын хүрээнд  Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Биокомбинат орчмын хөрсний бохирдол үүссэн 7 га талбайгаас  эхлүүлээд байна.

  Тус байршил нь барилгын хог хаягдал /цемент, арматурын төмөр/ болон нянгийн бохирдолтой бохир ус /тогтмол нуур үүсэж үнэр орсон/ байдалтай байсан нь тухайн хорооны иргэдийн зорчих орц гарцыг хааж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулахаас гадна хуримтлагдсан хог хаягдлаас үүдэлтэй хөрсний бохирдол, газрын элэгдэл доройтол, эвдрэл үүссэн тул орчны бохирдлыг саармагжуулж, нөхөн сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

 Энэхүү арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ болон харьяа хороодын хэсгийн албан хаагчид хамтран ажиллаж байна.

 Тус байгууллага нь хөрсний бохирдол, доройтлыг саармагжуулах ажлын явцад захиалагчийн хяналтыг 2 жилийн хугацаанд тавьж ажиллах ба нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа тухайн газрыг ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулах зэрэг иргэд, олон нийтийг эрүүл аюулгүй, орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллах юм.