Г.Цэрэндолгор: Хойд бүс хөгжих боломтой тул өөрөө хүсч сонгосон. Улс төрд эмэгтэй хүний хувиар шударга ёсыг хамгаална

Улс төр

УИХ-ын 2024 оны сонгууль бүсчилсэн тойргоор явагдахтай холбогдуулан, бүс нутагт шийдлээ хүлээсэн ямар асуудал  байгаа  талаар УИХ –ын  4 дүгээр тойрогт нэр дэвшиж буй Г.Цэрэндолгортой ярилцлаа. Тэрбээр Хөвсгөл, Орхон, Булган аймгийг хамарсан хойд бүсэд нэр дэвшиж байгаа билээ. 


-Таны нэр дэвших тойрог нийт хэдэн сонгогчтой байна вэ?

-  Хойд тойрог буюу   Орхон, Булган, Хөвсгөл  аймаг 203 мянга гаруй сонгогчтой. Тэр  дундаа  Хөвсгөл аймгийн хувьд хамгийн олон сонгогчтой. Түүний дараа Орхон, Булган ордог.

-Энэхүү бүсийн онцлогийг хэрхэн харж байгаа вэ?

-Нэн тэргүүнд хойд бүсэд маань Монгол Улсыг олон жил тэжээн тэтгэсэн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ оршиж буй. Харин Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс гэдэг онцлогтой. Гэвч аялал жуулчлал бүрэн  утгаараа бүрэн дүүрэн хөгжөөгүй  аймаг.  Дэд бүтэц, зам харилцаа дутмаг. Босоо тэнхлэгийн автозам ашиглалтад ороогүй, олон жил яригдаж байгаа. Сум хооронд автозам тавигдаагүй шүү дээ.

Булган аймгийн хувьд мал аж ахуй, газар тариалангаар давуу. Гэвч бүрэн аж үйлдвэр болж хөгжихуч иртай. Иймд бүсчилсэн хөгжлийн бодлогын үүднээс "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас бүрдэх орлогын зарим хэсгийг орон нутагт төвлөрүүлэн зарцуулах, автозамыг хөгжүүлэх зэрэг боломжтой бүс.

-Манай улстөрчид аж үйлдвэрийн бүс хөгжүүлэх тухай олон жил ярьж байгаа. Эрдэнэтийг түшиглэж, ийнхүү хойд бүсэд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах боломж хэр вэ?

-"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ одоогоос 50 гаруй жилийн өмнө байгуулагдсан бүтцээрээ ажиллаж байна. Үүнийг дагасан хүнд болон хөнгөн үйлдвэрүүд байгуулагдаагүй. Энэ нь үеийн үед улстөрчдийн болон ашиг сонирхолтой бүлэг этгээдүүдийн “хооллодог” цэг болсоор ирснийг илэрхийлж буй. Том хүч л дээ, Эрдэнэтэт. Үүнийг ашиглах, түшиглэх нь зөв.

Монголд үйлдвэрлэл хөгжүүлэхийг хүсэхгүй байна шүү дээ. Өөрсдөө үйлдвэрлэгч орон болъё гэхэд улстөрчдөд сонирхол нь алга. Автозамын тухайд ч ийм дүр зураг харагдаж байна. Иймд Улаанбаатарт хэт их төвлөрөл ч үүсэж байна. Хөвсгөлөөс Эрдэнэт рүү нүүж байна. Иймд цогц шинэчлэлийн хүрээнд бүсчлэх, улмаар Эрдэнэт өөрөө хотын статустай болж, хөгжих үү гэдэг асуудал яригдах нь зүйтэй гэж хардаг.

-Сонгогчдын тоо энэ бүсэд өссөөр ирж. Эсрэгээрээ, 2012 оноос хойш сонгуульд идэвхтэй оролцох хэсэг нь буурсан байгаа юм. Төрдөө итгэх итгэлээ алдаж буй сонгогчдын хандлагыг сөрөг хүчний төлөөллийн хувьд та сэргээх боломжтой гэж үздэг үү?

-Энэ жилийн сонгууль их онцлогтой болно. Нэгдүгээрт, бүсчилснээр олон кандитат өрсөлдөх нь. Ийм болохоор сонгогчид жинхэнэ утгаар шалгуураа тавьсан, хэдийнэ бэлтгэгдсэн гэж харж байна. Шинэ хүмүүс орж ирж байна шүү дээ. Тогтолцоо нь ч өөрчлөгдчихлөө.

Хоёрдугаарт, эмэгтэйчүүд түлхүү дэвшиж байна. Эмэгтэйчүүдийн квот парламентад үргэлж үл хангагдаж явж ирсэн. Зөв намаа сонговол эмэгтэйчүүдийн оролцоог хангах боломжтой. Залуус их нэр дэвшиж байгаа тул сонгуульд залуу үеийн оролцоо ч нэмэгдэнэ гэсэн эерэг хүлээлт байна.

-Хөвсгөл аймгийг онцолж асуумаар байна. Боломж ихтэй шүү дээ. Гэвч аж ахуйч, эмэгтэй хүн гарвал босоод ирмээр, цүл пал орхисон зохион байгуулалтууд анзаарагддаг?

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн уян хатан бөгөөд шийдэмгий, авлигад өртдөггүй зан чанар хэрэгтэй байна. Тэр тусмаа орон нутагт. ИТХ-ыг ч харсан эрчүүд давамгай явж ирдэг. Энэ нь эрчүүдээ муулж буй хэрэг биш. Гэхдээ өөрийн чинь хэлдэг үнэн.

Ер нь төсвийн жигд хуваарилалт их чухал. Илүү эрх мэдэлтэй, эрх баригч намын төлөөлөл сонгогдсон тойрогтоо илүү төсөв хуваарилаад явчихдаг. Эмэгтэй хүн үүнд хүч дутдаг.

Хаана хямрал үүсэж байна, тийш анхаарлаа хандуулж байх ёстой. Бүс өөрөө бие дааж шийдвэр гаргах эрх зүйн бөгөөд санхүүгийн боломж бий болох учиртай.

Иргэд сонголтоо хийсэн бол бүх орон нутагт л төсөв жигд тавигдах ёстой.

-Харин хойд бүсээс хамгийн орхигдож ирсэн нь Булган аймаг юм шиг. Эрх баригчид өөрсдөдөө зориулж, мандатын тоог нь ч өөрчилж байсан удаатай. Энэ аймгийг бүсийн хөгжилдөө "уях" боломжийг хэрхэн харж байгаа вэ?

-Би өөрөө Булганы хүн.

Байгаль цаг уур сайхан, хүн зон нь ч өөр сэтгэхүйтэй шүү дээ. МАА, газар тариаланд суурилж, орчин үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлбэл хөгжлийн гарц бий. Гагцхүү бусад аймгаас ялгарал үүсгэх ёстой.

Давуу, сул талуудыг холбож, тэнцвэржүүлж өгөх нь зөв.

Улстөрчид ер нь асуудлыг амархан юм шигээр, амаараа ярьчихдаг. Гэтэл шинжлэх ухаан, мэдлэг боловсрол, судалгаа чухал. 5-10 жилээр бодлого тодорхойлж, улстөрчид түүнийгээ дэмжиж ажиллах ёстой.

-Ямар ч боловсролтой хүн парламентад хөл тавьсан бай хүссэн хүсээгүй дээвэр туурга засаж, аж ахуйн ажил хийгээд явчихдаг. Энэ удаа аймгуудыг бүсчлэхээр эмэгтэйчүүд бодлогын түвшинд нөлөөлөх боломж нэмэгдэх үү. Эсвэл 126 гишүүн дунд “живчих” вий гэсэн айдас байна уу?

-Айдас бол алга. Бид баг болж ажиллана. Тийм шийдвэр гаргадаг болно гэж харж байгаа.

Хоёрт, эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх хүлээлттэй байна. Би өмнөх эмэгтэй гишүүдээ судалсан. Дандаа иргэнд ээлтэй хууль санаачилж, улмаар хэрэгжилт нь хамгийн сайн явдаг юм байна. Тэгэхээр одоо улам л чамбайрах болов уу.

Ер нь улстөрчид авлига авдаггүй, эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашигладаггүй болчихвол бид ариун цэврийн өрөө янзалдаг, эсвэл сургууль цэцэрлэг барих төдийд анхаардаг асуудал цэгцэрнэ. Төсөвт зардлыг зөв бөгөөд тэнцүү хуваарилаад ч эхэлнэ. Төсвийн буруу хуваарилалтаас болж л иргэд хохирдог. Түүнээс төр мөнгөтэй байгаа. Гишүүн, төрийн түшээ хүн шударга ёсыг л эрхэмлэх ёстой. Төрийн мөнгөнд гар хүрдэггүй байх ёстой. Ингэвэл асуудал хамгийн түрүүнд цэгцэрч эхэлнэ гэж би үздэг.

-Бүс нутаг дахь ААН-үүдээ судалсан уу?

-Мэдээж Эрдэнэтэд ААН олон. Хөвсгөлд улирлын чанартай, аялал жуулчлалын ААН-үүд бий. Яг нарийн судалгаа маань хараахан хийгдэж дуусаагүй байна. Том зургаар өндөр өгөөжтэй ААН цөөн байна. Барилга бөгөөд худалдааны салбарт л суурилж байна.

-ДНБ өслөө гэдэг ч иргэдийн халаасанд мэдрэгдэхгүй байгаа. Орон нутагт дундаж давхаргын иргэн бий болох нь бага байна.  Үүнд ямар нэг тээг бий гэж та үздэг үү?

-Дээр нэрлэсэн шалтгаануудыг дурдмаар санагдаж байна. Төр бол тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Харин хувийн байдлаар асуудалд хандаж болохгүй. Дарханы арьс ширний цогцолборын төсөл хэрэгжиж, бүтээгдэхүүн нь Европ руу нийлүүлэгдэж эхэлсэн бол өдийд малчид, орон нутгийн иргэд ажилтай, орлоготой болох байв. Энэ нөхцөлийг бий болгож өгөхгүй байна л даа. Бараг л зориудын хямрал үүсгэж байна. Гэтэл асар их байгалийн баялагтай манай оронд дутагдаж, гачигдахын зовлон байх ёсгүй.

-Та Х.Баттулга, улстөрч Ж.Батзандан нартай болон МоАХ фракцын хүмүүстэй хамт нэр дэвших гэж байна. Дагах уу. Тэдний улстөрд лидержилт үүсгэсэн байдал нь бүсийн хөгжилд хувь нэмрээ оруулах болов уу?

-Манай нам маш нээлттэй, шударгаар нэр дэвшигчдээ тодруулсан. Хамгийн ил тод байсан. Өөрөөр хэлбэл, "Намын гишүүн бүр хаана дэвшмээр байна, тэр саналаа нээлттэй оруул" гэсэн. Ингээд би хойд бүсийг сонгосон.

Нэгдүгээрт, би Булганых. Хоёрдугаарт, уул уурхайн инженер мэргэжилтэй. Эрдэнэтэд амьдарч байсан, Хөвсгөлд ойр очдог. Хөгжих боломж надад бодитоор харагдсан.

Түүнчлэн би ерөөс шударга ёсыг хүсэж буй. Би яах вэ, бизнесээ хийгээд аж төрөх бүрэн боломжтой. Гэвч шударга ёсны тэнцвэр алдагдсаар, нэг л өдөр унана. Эх оронч үзэл санаа минь илүү давамгайлснаар өөрийн хүсэлтээр МоАХ-нд элссэн. Тэнд үзэл баримтлал маань нэгдсэн.

Хойд бүсэд манай намаас дөрвөн эмэгтэй горилж, тэднээс би шалгарсан. Би хэн нэгнийг дагалдаагүй, сүүдэрт нь нуугдаагүй. Хэрэв УИХ-ын гишүүн болбол юу хийхээ сайн мэдэж буй.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга орж ирвэл мэдээж давуу талтай. Нийгэмд өндөр нөлөөтэй, улс төрийг, гадаад харилцааг, улсын хөгжлийн гарцыг олж харсан нэгэн.

-Таны эрдмийн ажлын сэдэв авлига байж. Цаашдаа парламентыг сонгодог жишгээр нь хөгжүүлье гэдэг зорилгын үүднээс Үндсэн хуулиа өөрчилж, сонгуулийг холимог тогтцолоотой, УИХ-ыг 126 гишүүнтэй болгосон гэж тайлбарладаг. Та нэг нь болсноор, энэ засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадах уу?

-Яг энэ чиглэлд түлхүү ажиллана гэж бодож байгаа. Ингэхдээ мэргэжлийн судлаач, эрдэмтэдтэй хамтарч ажиллана.

Жил ирэх бүр өсөж буй авлигын индексийг бууруулахад анхаарна. Ер улстөрчид болон уул уурхай дагасан авлига л өндөр. Зохих журам, дагалдах хуулийг өөрчлөх замаар нөлөөлөх боломж энд бий.

Иргэдэд ээлтэй шийдлийг заавал батлуулах, нэвтрүүлэх хүртлээ тууштай явж сурах ёстой, улстөрчид. Би хуучнаа биш ирээдүйгээ бодож байна. Өнгөрсөнд хийсэн алдааг ирээдүйд давтаж болохгүй шүү дээ. Энэ онцлогоо харуулж, зоримог улстөрч байх болно.

Бизнесийн салбарт дандаа л эрчүүдтэй ажиллалаа. Нугарч, хугарч унасангүй. Гадуурхагдаж үлддэг нь бол үнэн. Гэхдээ шударга ёсыг хамгаалж, бататгаж харуулна гэж итгэдэг.