С.Дэмбэрэлдулам: Сормуус хийлгэснээр эмэгтэйлэг байдал нэмэгдэж, нүд илүү тодорч, залуу, үзэсгэлэнтэй харагддаг

Нийгэм, Эдийн засаг

М.Даваа

“Миний том хүү 14 настай. Ээжийнхээ түшиг тулгуур. Хоёр дүүгээ асарч, Багаасаа  хатуу хөтүүг сөрж яваа юм болохоор их хэрсүү. Хүүгийнхээ жаргалтай наснаас “хулгайлж” байгаадаа  харамсдаг ч ирээдүйд сайхан амьдарна аа гэсэн итгэлээр  үүрийн жингээс үдшийн бүрий тасартал ажиллаж байна. Хөлсөө дуслуулж олсон мөнгө хичнээн амттай гээч” хэмээн  өгүүлж суугаа бүсгүй бол сормуус  артист С.Дэмбэрэлдулам.  Түүнтэй ажил мэргэжил, ахуй амьдралын нь талаар  ярилцлаа. 

-Цагийн аясаар цас ханзарч, охид бүсгүйчүүд  хөнгөн нимгэн хувцаслан, гоё сайхан  болохыг хүсдэг  энэ цаг дор тантай уулзаж байгаадаа баяртай байна. Таныг сормуус артист Дээгий гэдгээр чинь хүмүүс мэддэг  юм билээ. Сормуус суулгана гэдэг ихээхэн мэргэжлийн  ур чадвар шаардсан ажил бололтой.   Энэ сайхан мэргэжлийг хэрхэн эзэмшив гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Дэлхий дахинаа  хиймэл  сормуус буюу сормуус  суулгах үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна. Миний хувьд  гоо сайхны салбар бол  мөрөөдөл минь байсан. Хүүхэд насны  мөрөөдлөө биелүүлэхэд   Зулаа багш минь тусалсан.  Сормуус артист гэдэг бол  шинэ мэргэжил.  Хүний нүд цог золбоотой гялалзаж байвал  аз жаргалтай харагддаг. Сүүлийн үед  үс зүсээ янзалсан, гоё сайхан хувцасласан  дэрвийсэн урт сормуустай охид  гудамжаар алхаж байна.  Тэдэнд хэн тусалж байна вэ гэвэл гоо сайханчид.  Хүн өөртөө сэтгэл хангалуун байх ёстой. Ийм мэдрэмжийг өгч буй би  ч аз жаргалтай болдог. Гоо сайхныг мөнгөөр хэмжиж болохгүй.  Зүрх сэтгэлээ зориулж хийдэг ажил.  Тиймээс ажилд орсон эхний өдрөөс л үйлчлүүлчээ дээдэлж, чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэхийг хичээсэн. Одоо ч тэр зарчим маань хэвээрээ.  Сормуус артист хэмээх мэргэжлийг эзэмшин анхны үйлчлүүлэгчээ хүлээж авсан тэр өдрийг мартдаггүй юм.  Бүтэн долоон цагийг зориулсан байдаг. Азаар анхны үйлчлүүлэгч маань миний дүү. Шантарч,  ийм ажил хийхээ больё гэж гэж бодож байсан өдрүүд бий. Зулаа багш маань “Шантарч л болохгүй шүү, хичээгээд байгаарай, чи чадна, яг чиний эзэмших ёстой мэргэжил” хэмээн дэмнэж, тусалж, аргадаж, хамтдаа зүтгэсний үр дүнд олон үйлчлүүлэгчтэй болсон төдийгүй артист Дээгий хэмээх хүндэтгэлийн эзэн болсон байна. Үүнээс илүү жаргал хаана байх билээ.  

-Энэ мэргэжлийг эзэмшихээс өмнө ямар ажил эрхэлж байв? 

-Үнэндээ надад хийж үзээгүй ажил гэж үгүй. Сайхан ээжийнхээ буянаар хоол хийж сурсан минь их хэрэг болсон. Сүлжээний бизнес хүртэл эрхэлж үзсэн.  Гэвч сэтгэлийн минь мухарт  байсан гоо сайханч болох юмсан гэх мөрөөдөл минь бүхнийг өөрчлөхөд хүргэсэн. Бага охиноо төрүүлчихээд гэртээ сууж байхдаа цаг заваа ашиглан сургалтад суусан минь аз болсон. Миний багш бол гайхалтай эмэгтэй.  Мэргэжлээрээ олон улсад шүүгч хийх эрх бүхий мэргэшсэн артист.  

-Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр техник хэрэгсэл нь улам боловсронгуй болж, ашиглаж буй материал нь ч төрөлхийн юм шиг харагдуулах юм, сормуусны тухайд?   

-Тийм шүү. Сормуусаа эхлээд яръя. Хүний өөрийн сормуусыг  хоёр см уртасгаж, нүдийг тодруулж өгөхийг сормуус хийх гэж яриад байгаа юм. Хүний сормуус 170-250 ширхэгтэй байдаг. Төрөлх сормуусыг нь ашиглан ширхэг бүр дээр зовхиноос 0.5 мм-ийн зайтайгаар, тухайн хүнийхээ нүдний онцлогт тохируулан шинээр  суулгаж өгөхийг сормуус хийх гэж хэлнэ. Сормуус зохидоггүй эмэгтэй гэж байдаггүй. Сормуусны даац, сормуусны бүтцээс нь хамаарч  тухайн хүнийхээ нүдний  онцлогт тохируулан ямар ч хэлбэрээр хийж болдог. Жишээлбэл, манай салонд зөвхөн эмэгтэйчүүд ирж хийлгэдэг гэж бодож байна уу, үгүй шүү дээ. Сүүлийн үед эрчүүд үйлчилгээ авдаг болсон. Манай салон солонгос болон европт хийгдэж байгаа чанартай сормуус  суулгаж буй. Сормуус хийлгэснээр нүд нь  сэргэхээс гадна байгаагаасаа маш залуу харагддаг. Бид цаг үргэлж өөрсдийгөө хөгжүүлж, тогтмол сургалтад сууж,  трэнд болж буй сормуусыг хэрхэн  яаж суулгах талаар мэдлэгээ байнга  дээшлүүлдэг. Тэр хэрээр   манай салон  маш олон төрлөөр сормуус хийж байна. Сормуус суулгуулснаар эмэгтэйлэг байдал нэмэгдэж,  нүд илүү тодорч,  үзэсгэлэнтэй том болж харагддаг.  

-“Олон удаа сормуус хийлгэхээр өөрийн сормуус дагаж унаад сормуусгүй болдог” гэж ярьдаг. Мөн цавуугаар наах тул харшил өгч ч мэдэх юм?

-Сормуусны цавуу гадуур  маш олон янзаар  зарагдаж байгаа. Харин манай сургалтыг төгссөн артистууд ОХУ-ын мэргэжлийн артистуудын ашигладаг цавууг хэрэглэдэг.  Бидний ашигладаг сормуус өөрийнх нь  сормуус  унасан ч дахин  ургах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Манайхаар үйлчлүүлсэн иргэд дахин, дахин ирж   үйлчлүүлдэг. Чаддаггүй хүнээр хийлгэх, буруу бүтээгдэхүүн ашиглах тохиолдолд сормуус суулгуулах нь хор уршигтай.  Тиймээс заавал мэргэжлийн хүнд хандах нь зөв.  Сормуус суулгуулсан ч тэр нь өөрийн мэт л байх ёстой. Түүнээс хатгах,  нухах,  өвдөх шинж тэмдэг огт илрэх ёсгүй шүү. Ер нь стандартын шаардлага хангасан сайн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Сормуус хийлгэснээр  өөрийнх нь  сормуус унах ёсгүй.  

-Хүний сормуусны төрөлх чанар унаад эргэж ургахад хэвээр хадгалагддаг уу. Тодорхой хугацааны дараа ургалт зогсдог уу?

-Хүний сормуус  насан туршдаа ургаж, унаж,   нөхөн төлжиж, ургаж байдаг.  

-Таныг  нийгмийн идэвхи сайтай, сайхан сэтгэлтэй хэмээн  үйлчлүүлэгч тань онцолсон. Гурван хүүхдээ өсгөх, ажлаа хийх, нийгэмд тустай үйл хийх гээд  л. Энэ бүхнийг хэрхэн амжуулж байна вэ? 

-Юуг нь нуух вэ дээ,  би бол  30 гарч яваа залуу үеийн төлөөлөл. Гурван  хүүхдийн ээж. Хамгийн бага маань охин. Дөрвөн сартай  охиноо тэврээд хүргэлт хийж явсан өдрүүд бий. Төрсний дараахь сэтгэл гутралд хүртэл орж байлаа. Нөхөр маань залуухан эмэгтэй дагаад явсан. Талхны ч мөнгөгүй үйлдэж байлаа.  Тиймээс ээжээсээ сурсан  зүйлээ ажил болгож, захиалгын хоол хийж эхэлсэн. Түүнийгээ хүргэж өгөх ёстой биз дээ. Урдаа охиноо  тэврээд нуруундаа хийсэн хоолоо үүрээд л явж өгнө. Ийм амьдрал ганцхан надад тохиолдсон юм биш. Монголын нийгэмд хэдэн мянгаараа. Би уруу дорой явж болохгүй. Тиймээс зовсон ч зовоогүй юм шиг амьдарч явна. Хүүхдүүд минь л өвдөхгүй бол бусад нь асуудал биш. Миний том хүү 14 настай. Ээжийнхээ түшиг тулгуур. Хоёр дүүгээ асарч, Багаасаа  хатуу хөтүүг сөрж яваа юм болохоор их хэрсүү. Хүүгийнхээ жаргалтай наснаас “хулгайлж” байгаадаа  харамсдаг ч ирээдүйд сайхан амьдарна аа гэсэн итгэлээр үүрийн жингээс үдшийн бүрий тасартал ажиллаж байна. Хөлсөө дуслуулж олсон мөнгө хичнээн амттай гээч.  Миний ажил 14:30-д эхэлж оройны 20 цагт дуусдаг. Тэр хооронд хүү маань л дүү нараа харж, арыг маань зохицуулж байна даа.  Би хүүхэд  байхын нийгмийн идэвхи сайтай. Хилэнцийн ордны залуучууд нийлээд нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд нэгддэг. Монголын нийгэмд болж бүтэхгүй зүйл олон байна. Нэг ч гэсэн хүнийг баярлуулахын төлөө бид нэгддэг. Асрамжийн газар, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өвдөж зовсон хэвтрийн хөгшчүүдэд бид тусалдаг. Хүн баярлуулах их сайхан. Бид хамтдаа зүтгэдэг, бүтээдэг. 

-Бизнес эрхлэхэд гарааны мөнгө чухал. Үүнийгээ яаж олсон бэ? 

-Дөрвөн сартай хүүхдээ тэврээд хоол хүргэж явахдаа   бага хэмжээний мөнгө хуримтлуулсан. Бас хүүхдийнхээ мөнгөнд гар хүрдэггүй байсан минь хэрэг болсон.  Аав минь ч тэтгэврийн зээл авч нэмэрлэсэн.  Би эхнээсээ  л  ажилдаа эзэн байя, үйлчлүүлэгчээ дахин дахин ирдэг болтол нь найрсаг хандаж, чанартай бүтээгдэхүүнээр үйлчилье гэж бодсон.  Улсын их дэлгүүрт 800 мянган төгрөгөөр өрөө түрээслэх нь гоо сайхны салбарт хөл тавьж буй надад хүнд байсан.  Эхэндээ хүн ирэхгүй, ирсэн ч өөр артистыг сонгоно. Гэхдээ би чадсан. Анхны үйлчлүүлэгч маань “классик” гээд хамгийн хэцүү загварын сормуусыг  хийлгэсэн.  Олон цаг гоо сайхны орон дээр хэвтсэндээ бухимдан, ууртай  загнаад гарсан. Гэтэл хэд хоногийн  дараа чи үнэхээр нямбай хийсэн байна, эгчийнхээ сормуусыг. Сар болсон гэхэд маш цөөхөн унасан тул чамайг гэж зориод Эрдэнэтээс ирлээ гэсээр сүү бариад орж  ирсэн.  Одоо  миний байнгын үйлчлүүлэгч бас найз болсон.  Найз эгч маань надад байнга сэтгэлийн дэм, урам хайрлана.    Хичээгээрэй гэнэ. Тэр эгчийг харах бүртээ өөрийнхөө ээжийг харсан мэт болдог. Үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун үдэх мөч хамгийн гоё. Амьдрал үүрэн зүтгэж яваа  бүсгүйчүүд, ээжүүдэд “Та нар минь өөртөө цаг гаргадаг байгаарай, хэзээ ч   өөрийгөө гээж болохгүй шүү” гэж захих байна.  

-Таны хэтийн зорилго юу вэ. Гоо сайхны ертөнцөд хийхээр төлөвлөсөн зүйл юу байна?.

-Байгаа, маш олон зүйл бий. Миний зүрхний гүнд нэг бодол байдаг. Ээж  минь 2011 онд бурхан болсон. Ээждээ харуулж чадаагүй сайхан амьдралаар амьдрахын төлөө хичээж байна. Ээж маань надад “Гоо сайхны салбарт ажиллавал  чамд  зохино доо” гэж хэлдэг байсан. Гэвч амжаагүй. Хожмын өдөр өөрийн гэсэн гоо сайхны “гоё” салонтой болно. Гэртээ хүүхдээ хараад цаг зав багатай ээжүүддээ боломжийн үнээр чанартай, том салоны үйлчилгээ үзүүлэх юмсан гэж мөрөөддөг. Мөн  гуаша нүүрний массажны сургалтад суухаар төлөвлөн  багшийгаа хүртэл сонгосон. 

-Та 14 настай хүү маань миний арыг дааж байна гэж ярилаа. Ээж, хүү хоёр энэ амьдралынхаа  тухай хэрхэн  ярилцдаг вэ?

-Би хүүдээ маш том амлалт өгсөн. “Чи ээждээ нэг л жил туслаад өгөөч, ээж нь нэг жил гүрийчихвэл сайхан амьдрах боломжтой болно. Чиний хүссэн бүгдийг авч өгдөг ээж болно”  гэж. Энэ нийгэм биднээс цаг наргүй ажиллахыг шаардаж байна.  Тэгж байж л өөрийн гэсэн зүйлтэй болно,  хүүхдүүдээ сайхан амьдруулах боломжийг бүрдүүлнэ. Тиймээс  ар амьдралаа  хүүдээ л даатгахаас өөр арга алга. Хүүд маань их олон сайхан чанар бий, надтай сайн ойлголцдог, эмэгтэй хүнийг хайрладаг, хүндэлдэг гээд л. Нөгөөтэйгүүр,  өөрт нь өндөр хариуцлага үүрүүлээд ирэхээр хүүхэд их өөр болдог юм байна. Бие даасан, хүнтэй зөв харилцдаг, өдөрт болсон үйл явдлуудыг өөрийнхөөрөө дүгнээд, ээжтэйгээ маш сайн ярилцаж, ойлголцдог, аливаа зүйлд төвөгшөөдөггүй. Орой ажлаа тараад очиход хоолоо хийгээд, хоёр дүүгээ хооллочихсон байх жишээний.  Жилийн өмнөхөөс тэс өөр болсон. Хагас, бүтэн сайн өдөр  хүүгээ аль болохоор амраахыг хичээдэг. Хүүхдүүддээ цаг гаргаж чадахгүй, сайн ээж байж чадахгүй байгаадаа өөртөө хааяа гутардаг л юм. Гэсэн ч орой ажлаа тараад ирэхэд  хүлээж буй хүүхдүүдээ хараад тайвширдаг, хамгийн жаргалтай ээж болдог. 

-Ярилцлагынхаа төгсгөлд таныг зориод, дэмжээд, чанартай, сайн сормуус хийлгэх  хүсэлтэй хүмүүст утасныхаа дугаарыг өгч болох уу?

-Манайх XI хорооллын Дөрвөн Уул худалдааны төвийн  хоёр давхарт байрлах гоо сайхны салон. 

 

Холбогдох дугаар: 96208864