Энэ хавар зун ажил хийх нь үү

Улс төр

Х.ӨЛЗИЙ

Энэ 2024 он УИХ-ын сонгуулийн жил. Сонгуулийн уур амьсгал хэдийнээ орж,  парламентын зөөлөн суудалд тухлан, хуулиас гадуур жаргах гэсэн хүмүүс  аймгуудаа тойглоод, үнэн худал яриад эхэлчихэж. Зарим нь бүр хүний санаанд оромгүй худал ярьж явна. Өмнө нь УИХ-д сонгогдож байгаагүй, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ГовьАлтай,  Завхан аймгийг төмөр замаар холбоно гэсэн юм яриад л явж байх жишээний.Бас Дархан-Улаанбаатарын  220 км замыг долоон жил тавьдаг улс одоо хоёр гуравхан жилийн дотор метро барьчихна л гэнэ. 

Ингээд сонгууль  зургадугаар сарын 28-нд болж өнгөртөл Ерөнхийлөгчөөс эхлээд сайд дарга, аймаг нийслэл, дүүрэг сум, хороодын  дарга нар сонгуулиар өвчилж ердөө намынхаа л ажлыг хийнэ. Мэдээж, мөн л намаасаа нэр дэвшиж байгаа хүнийг ялуулахын тулд эрхэлсэн ажил, харьяа ард иргэдийнхээ төлөө хийх ажил арга хэмжээгээ бүгдийг орхиод далдуур ухуулга сурталчилгаа хийх л ажилтай болно. 

Ингээд худал хулгай, булхай луйвраар хахсан сонгууль дөнгөж өнгөрөхөөр баяр наадам, алдарт 100 жилийн ойн цуурай эхэлнэ дээ. Энэ жил 17 аймгийн 102 сумын 100 жилийн ой тохиож байгаа. Ер нь  Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхоноос бусад аймгуудад сумдын 100 жилийн тэгш ой тохиож байгаа юм. 

Чухамдаа огт оргүй хоосон газар энэ аймаг сумд үүсч байгуулагдсан ч юм биш л дээ. Зүгээр л  ийм нэр хаягтай болсны л ой. За тэгээд нэгэнт л аймаг сум байгуулаад 100 жил болж байгаа юм бол тэндэх албан байгууллагууд нь бас л 100 жил болж байгаа хэрэг. Тэгэхээр аймаг сумын яруу алдарт 100 жилийн ойн зэрэгцээ сургууль, эмнэлэг гээд байгууллагууд нь бас 100 жилийн ойгоо тэмдэглэнэ.

За ингээд л сонгуулиар булхай луйвар хийн гарч ирсэн өнөөх 128 хүн чинь өөр өөрийн аймаг, сум, сургуульд очиж “аугаа их улстөрч” гэдгээ гайхуулахаар талын нэг тараад алга болно. Ядаж байхад энэ жил томсгосон тойргоор сонгууль явуулах болохоор тэр “улстөрчид”- ийн хувьд бөөн завшаан, хоёр гурван аймаг дамжин аймаг, сумын ойд очиж дайлуулж цайлуулан, индэрт залран “алдарт үгээ” хэлэх гээд энэ зун бол тэдний хувьд  улс орон ард түмний төлөө ажил хийхгүй. 

Ердөө найр наадам хэсч идэж ууна. Ойн баярт очих зочдын тоо энэ хэдэн идэмхийгээр хязгаарлагдахгүй л дээ. Нийслэлийн хэдэн амаржих газар төрснөөс бусад нь иргэний үнэмлэх дээрээ аль нэг аймгийн нэг сумыг бичүүлчихсэн байгаа. Тэд бүгдээрээ төрөлх аймаг сумынхаа ойд очно гээд өнөөх хотод төрснүүдийгээ дагуулаад хөдөөг зориод алга болно. Аймгийн төвийнхөн бол бүр ойлгомжтой.

Хөөрхий хөдөөнийхөн маань ч гэсэн дээ, айраг цагаан идээ бэлтгэхээс эхлүүлээд  морь уях гээд мөн л ойн баярт бэлтгээд түмэн завгүй. 

Цас зуд тохиосон ч  зундаа цаг хэзээ тавьж хур усаа хайрлахыг  хэн мэдлээ. Ингэхээр ялангуяа  говь талын аймгууд цагийн сайхныг хүлээн баяр наадам ойгоо долдугаар сарын сүүлч наймдугаар сарын эхээр хийнэ. 

Уг нь бол монголчууд эртнээс “наадмын маргааш намар” гэж хэлдэг нь  баярын дараа гэсэн биш, долдугаар сарын сүүлчээс намрын ажилдаа гарч хашаа хороо, хадлан өвсөө бэлтгэ, хот суурингийнхэн засвар энэ тэрээ хийж эхэл  гэсэн утгатай. 
Энэ жилийн хахир өвөл малчдыг төдийгүй аймаг сумын удирдлагуудыг хадлан өвс, хашаа хороогоо  сайн бэлтгэ хэмээн хатуу сануулга өгсөн.

Гэтэл энэ бүхнийг хийж амжуулах хайран сайхан цагийг алдарт 100 жилийн ой тэмдэглэсээр өнгөрүүлчих вий хэмээн бодогдном. 

Бага байхад “Салан баавгайн үлгэр” гэдэг нэг үлгэр сурах бичиг дээр минь байдагсан. Үүн лүгээ  хахир өвлийн хатуу сургамжийг сонгуулийн хийрхэл, цагийн аяс зун намрын  налгар улиралд 100 жилийн ой тэмдэглэж яваад мартаж орхих вий дээ. 

 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 18. Даваа. №025 (5943)