А.ХИШИГБАЯР: НИЙГМИЙН ДААТГАЛД БАГА ШИМТГЭЛ ТӨЛБӨЛ ХОЖИМ БАГА Л ТЭТГЭВЭР АВНА

Нийгэм, Эдийн засаг

М.ДУЛАМ

  Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын хувь хэмжээ 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн өөрчлөгдөж буй асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяртай ярилцлаа.

-Асрамжийн газрын тухайд болон асаргааны тэтгэмжийн талаар та юу хэлэх вэ?

-Бид эхний ээлжид зайлшгүй асрамжид авах ёстой хүмүүсээ л авч байгаа. Хүүхэдгүй, ах дүү хамаатан садангүй, асарч хамгаалах хүнгүй гээд. Тэгэхээр хувийн асрамжийн газруудыг нэмэгдүүлэх, заавал асрах биш, өөрөө хүсээд очих хүмүүст төлбөртэй үйлчилгээ бий болгох, тэтгэврээ өгөөд байрлах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Энэ ажлыг өнөөдөр хийхгүй бол, ирээдүйд нөхцөл байдал хүндрэхээр байна. Нөгөө талаас асаргааны тэтгэмж гэдгийг цаашдаа үе шаттайгаар оруулж ирэх нь зүйтэй гэж бодож байна. Өндөр настны тоо маш ихээр нэмэгдэхээр байгаа, өнөөдрийн байдлаар гурав орчим шимтгэл төлөгчид, тэтгэвэр авагч нэг хүн ногдож байна. Бүр 2080 он гэхэд нэг шимтгэл төлөгчид нэг тэтгэвэр авагч ногдохоор байгаа. Эндээс харахад залуучууд болон өндөр настны тоо адил буюу 1:1 болохоор байна, тиймээс үүнийг эртхэн анхаарч асаргааны тэтгэмж гэдгийг өнөөдөр бий болгох нь зүйтэй гэж харж байгаа.

-Япон гэх мэт өндөр хөгжилтэй, өндөр настан олонтой улсын асаргаа, тэтгэмж ямар байдаг талаар туршлага судалж, тэнцвэрээ тогтоох цаг болжээ?

-Бид судалсан л даа, Японд гэхэд асаргааны даатгал байдаг. Бид нийгмийн даатгалын хуулиндаа өөрчлөлт оруулан, асаргааны тэтгэмж гэдгийг нэмэхээр ярьж байна. Шимтгэл дахин нэмэгдвэл иргэд хүлээж авахгүй, тиймээс ирээдүйд гарах эрсдэлийн эсрэг эерэг үр дүн бий болно гэдгийг иргэддээ үе шаттайгаар сайн ойлгуулах нь зөв. Тэгээд ч үүнийг сайн дурын хэлбэрээр оруулж ирэх бодлогыг баримталж байна, цаашдаа нэвтрүүлэхээр зорьж байна. Япон улс ч үүнийг нэвтрүүлсэн юм билээ.

-Цэргийн албан хаагчид 45 насандаа буюу эрт тэтгэвэртээ гардаг. Түүнчлэн шимтгэл маш багаар төлдөг, үүнээс улбаатай талцал бий болдог?

-Үүнд ганц цэргийн албан хаагчид бус цэрэг, цагдаа, онцгой, хил, гааль гээд арав гаруй байгууллагын ажилчдын асуудал хөндөгддөг. Өнөөдрийн байдлаар эдгээр байгууллагын иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл л төлж байгаа. Нөгөөтэйгүүр энгийн байгууллагын иргэд 25 жил ажиллаад 45 хувиар тэтгэврээ бодуулдаг бол дээрх байгууллагын ажилтнуудад тэтгэврийг нь цалингийн 80 хувиар тооцож тогтоодог. Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үндсэн бодлогыг нь барьдаг яам бол Батлан хамгаалах яам юм. Харин нийгмийн даатгалын байгууллага маань иргэдийн тэтгэврийг тогтооход мэргэжлийн ажлыг нь гэрээгээр гүйцэтгэж өгдөг. Тогтсон тэтгэврийг нь улсын төсвөөс манайд шилжүүлсэн үед бид буцаагаад иргэдийн дансанд хийдэг байгаа. Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд онцгой, хүнд, алслагдсан нөхцөлд ажилладаг гэдгээрээ хамаардаг байх.

-Асаргааны тэтгэмж 2-3 дахин нэмэгдээд 275 мянга болсон. Хэчнээн мянган хүн энэ тэтгэмжийг авч байгаа вэ. Мөн энэ тэтгэмжийг авах гэхээр дүүргийн халамжийн байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байх гэсэн шаардлага тавьдаг. Үүнд танайхаас ямар нэгэн хяналт байдаг уу, энэ талаар тодруулж яриач?

-Асаргааны тэтгэмжийг 50 гаруй мянган хүн авч байна, үүнээс үүнээс 11 мянга гаруй нь 0-18 насны байнгын асаргаа шаардлагатай хүүхэд байдаг бол үлдсэн 39 мянга нь насанд хүрэгсэд болон хөгжлийн бэрхшээлтэй ахмад настныг асарч байна. Эндээс хүүхэд асарч байгаа ээж, аавуудын нийгмийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс гаргадаг. Насанд хүрэгч болон хөгжлийн бэрхшээлтэй ахмад настнуудыг асарч байгаа иргэний шимтгэлийг төлдөггүй, хуулиндаа ч заагаагүй. Нөгөөтэйгүүр өвчтэй хүнээ асарч байгаа иргэн заавал нийгмийн даатгалын төлбөр төлдөггүй байх ёстой гэсэн заалт, дүрэм, журам байхгүй шүү. Харин эсрэгээрээ асарч байгаа иргэн маань сайн дураараа НДШ төлж болно.

-2024 оноос иргэдээс авах нийгмийн төрлийн шимтгэлүүдийг өөрчлөх үү?

-НДШ-д өөрчлөлт ороогүй, харин ажил олгогчдын төлж байгаа шимтгэлийн тухайд хувь хэмжээ нь буураагүй ч төлж байгаа шимтгэлүүд буурч байгаа. Ялангуяа уул уурхайн компаниуд болон хүнд нөхцөлд ажиллаж байгаа үйлдвэрүүдийн хувьд үйлдвэрлэлийн ослын шимтгэлийн хувь хэмжээг ялгаатай тогтоодог болох гэж байна. Өнөөдрийн хуулиар уул уурхайн компанид ажиллаж байгаа нягтлан бодогч гэж бодоход тэр хүн бол эрсдэлтэй, газрын дор ажиллаж байгаа хүн биш тул ийм хүмүүсийн шимтгэлийг хүнд нөхцөлтэй адилтган авахгүй буюу 0.5 хувиар бодож 2024 оны нэгдүгээр сараас авахаар зохицуулалт оруулсан байгаа. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн ослын шимтгэлийн хэмжээ ажлын байртайгаа уялдан өөрчлөгдөж байгаа учраас байгууллагаас төлж байгаа шимтгэл буурна гэж харж байна.

-Нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах тал дээр иргэдээс санал авч байгаа, хэрэв буурахад ямар эрсдэл үүсэх вэ?

-Манай улсын хувьд дэлхийн 120 гаруй орноос НДШ-ийн хувь хэмжээгээрээ 60-т жагсаж байна. Иргэд шимтгэл өндөр байна гэж байгаа боловч буцаад тэтгэвэр, тэтгэмжтэй нь харьцуулаад бодох юм бол тийм ч өндөр биш. Өнөөдөр нэг сая төгрөгийн цалинтай хүн бол тэтгэврийн даатгалд 170 мянган төгрөг төлж байна. Гэхдээ яг өөрийнх нь цалингаас 85 мянган төгрөг суутгагддаг. Бид хэрвээ шимтгэлээ бууруулаад байвал, ирээдүйд тэтгэвэр авах хүний маань тэтгэврийн хэмжээ буураад явна. Яагаад гэхээр 1979 оны нэгдүгээр сараас хойш төрсөн бүх хүн өөрийнхөө оруулсан шимтгэлд ногдсон л тэтгэвэр авна. Тэр нь шимтгэлд суурилсан аргаар тэтгэврийг нь бодож эхэлнэ гэсэн үг. Өнөөдөр би бага шимтгэл төлж байвал ирээдүйд бага л тэтгэвэр авна. Ажилгүйдлийн тэтгэмж гэхэд 0.2 хувь л төлдөг, гэхдээ байгууллага иргэн хоёр 50 хувиар хувааж төлдөг. Гэтэл ажилгүй болбол хамгийн багадаа 45 хувиар бодуулж авдаг. Ирэх 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 2-5 жил ажилласан бол хамгийн багадаа цалингийн 50 хувиар бодож олгоно. Шимтгэлийг бууруулна гэдэг маань нэг талаас хувь хүний нийгмийн баталгаа алдагдахад хүрэх учраас манай салбарын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа юм.

-Хувийн нийгмийн даатгалын сан гэж яригдаж байна. Үүнд танай яамны зүгээс ямар нэгэн оролцоо, хараа хяналт байх уу?

-Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын хуулийг манай яам боловсруулж, Засгийн газраас өргөн барьсан байгаа. Яагаад бид энэ хуулийг боловсруулаад оруулж байна гэхээр хувийн тэтгэврийн даатгалыг олон байгууллага хийж эхэлсэн байна, гэтэл ямар ч хууль эрхзүйн зохицуулалтгүйгээр хэрэгжүүлээд явж байна. Иргэний даатгуулсан мөнгө нь маргааш алга болчихвол яах вэ. Тиймээс бид түүнд хамрагдаад байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах, мөнгийг нь эрсдэлгүй хадгалуулах, зохицуулалтыг нь хийж өгөхгүй бол маргааш тухайн хувийн байгууллага мөнгийг нь аваад ямар нэгэн зүйлд зарцуулаад алга болохоос сэргийлж хууль боловсруулаад байна. Хуулиар бол хувийн даатгалын санд хамрагдах иргэн эхлээд заавал албан журмын даатгалд даатгуулсан байх ёстой гэж заасан. Мөн хувийн даатгалд даатгуулсан бол тухайн хүний мөнгийг ямар хөрөнгө оруулалтад оруулж болох, болохгүй, хэн хариуцах гээд бүх асуудлыг нь нарийн тусгаж, зохицуулалтыг нь хийж байна. Түүнээс гадна гол зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороо хийнэ гэдэг байдлаар хуульчилж байгаа. Манай яам оролцох хуулийн заалт байхгүй, харин даатгуулагчаа эрсдэлт байдлаас хамгаалан, хуулийг нь боловсруулж байна.

-Ярилцсанд баярлалаа