Ё.Гантогоо: Д.Бямбасүрэн гуай менежер Гантогоо гэснээс доктор гэж дуудуулж явбал сайхан биш үү, тэр ШУТИС руугаа яв гэдэг байгаа. Гомдох ч шиг

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

Их засаг Олон улсын их сургуулийн, Үндэсний инженер технологийн сургуулийн, цахилгааны инженерийн тэнхимийн эрхлэгч, техникийн ухааны доктор, профессор Ё.Гантогоотой ярилцлаа

-Эрчим хүчний салбараас төрсөн цөөн эрдэмтдийн нэг учраас салбарынхан тань андахгүй. Аль нэг станц руу ороход “Багш аа” хэмээн бүчих инженер олон. Харин аль нутаг хошууных, ямар удам судартай хүний үр сад болох тухайд тэр бүр мэдэхгүй байх?

-Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул. Говь хангай хосолсон сайхан нутаг. Хүй цөглөсөн газар минь Богд сумын IY баг, Гүн усны бригадаас холгүйхэн Тэвш хайрхан гэж сүрлэг хангай байх. Энэ хайрханы өврөөс 18 жижиг гол, горхи урсдаг гээд төсөөлөхөөр их говийн баянбүрд гэж түүнийг л хэлнэ. Хайрханы зүүн суг гэж хэлж болох Баяндөхөм хэмээх нар ээсэн хөндий байх. Тэнд би “Сүхбаатарын зам” нэгдлийн ямаачин Б. Ёндонгончигийн ууган хүү болон мэндэлсэн. Доороо таван дүүтэй. Олон хүүхэдтэй малчин айлын амьдрал ямар байдаг билээ, тэр л жишгээр хүн болсон. Таван ой өнгөрөөд л дүү нараа асарч энэрэх үүрэг хүлээсэн. Аав ямаагаа туугаад гарна, ээжийнхээ гарын үзүүрт гүйн ишиг, хургаа эргүүлнэ, ямаа саах үеэр дүү нараа тэврэхийг нь тэвэрч, хөтлөхийг нь хөтөлнө шүү дээ. Тэр үед нэгдлийн малчид өнөөдрийнх шиг жаргалтай сайхан, тааваараа байгаагүй юм шүү. Манайх гэхэд л малаа хоёр удаа нийгэмчлүүлсэн байдаг. Тэгэхээр яаж элбэг дэлбэг амьдрах билээ. Хамгийн гол нь бид эрүүл, саруул өссөн. Одоо дүү нар маань дор бүрнээ сайхан аж төрж буй. Аав, ижий хоёр минь өндөр насалсан. Ээж 90 хүрээд хэдхэн жилийн өмнө бурхны орныг зорьсон. Удам судар энэ тэр гэж өгүүлэх, гайхуулах зүйл алга, ахад нь. Харин хүнээр хүн хийж чадсан, ажилсаг, сайхан сэтгэлтэй эгэл боргил хүний үр сад.

Борогдуу амьдрал хүнийг хатуужилтай, тэсвэртэй болгодог юм шүү дээ. Бага зэргийн өлсөхийг үл ажирна. Магадгүй тэмүүлэлтэй болж өсдөг ч байж мэднэ. Гэхдээ хүн бүрт хувь тавилан гэж нэг юм байдаг. Би хүүхэд байхаасаа л багш болохыг мөрөөддөг байлаа. Тэр үед сумын сургуулийн нусгай хүүд багш шиг үлгэр жишээ, дагаж дуурайх сайхан хүн харагдахгүй. Тиймээс долдугаар ангиасаа хойш багш болъё, эцэг эхдээ ч нэмэр болъё гэж бодох болсон. Айлын том хүүхдийн бодол л доо. Тэгээд яах вэ, наймдугаар ангиа төгсөөд Архангайн Багшийн техникумын хуваарийг авах хүсэлтэй байгаагаа ангийн багшдаа хэлсэн. Сургуулийн захирал “Гантогоо бол сурлага сайтай хүүхэд, тиймээс үг дуугүй есдүгээр ангид дэвшин суралц” хэмээх нь тэр. Багшдаа учир байдлаа хэллээ. Ар амьдралыг маань мэдэх хүний хувьд сургуульд ирсэн ганц гадаадын хуваарийг надад авч өгсөн. Уг нь аравдугаар анги төгссөн хүүхэд суралцах хуваарь. Ингэж сайн багш нарынхаа ач буянаар тухайн үеийн ЗХУ-ын Одесс хотод нарийн хэмжүүрийн чиглэлээр суралцах эрх өвөртөлсөн. Гэвч би бурхны зурсан зургаар явж, мөрөөдлөө биелүүлэн багш хэмээх алдрын эзэн болж, 40 гаруй жил самбарын өмнө зогсч байна даа. Миний өдий зэрэгтэй яваа минь уул устай холбоотой гэж боддог. Сүрлэг хангайн өвөр бэлд төрсөн хүн муу явах учиргүй. Тэвш хайрханы домгийг та бүхэнд хэлж өгий. Их эзэн Чингис хаан Хорезмыг дайлаар мордохдоо манай нутагт үдэлжээ. Хаанд зориулан тэхийн мах чанан тэвшин дээр гаргатал хангарьд шувуу махыг нь шүүрч. Баатрууд нь хангарьд шувууг харвах гэтэл Чингис хаан “хэрэггүй ээ, тэнгэрийн эзэн, газрын эзэнтэй хоолоо хувааж идэж байна, би Хорезмыг ялах юм байна ” гээд энэ уулыг Зандан тэвш гэж нэрлэе хэмээсэн гэдэг.

-Хэмжил зүйн хүн яаж яваад эрчим хүчний салбарт хөл тавив?

-Амьдралын минь эхлэл их зөв тавигджээ гэж хааяа боддог юм. Ангийн багш Ганболд маань ухаалаг, шавь нараа хэн нь хэн бэ гэдгийг мэддэг хүн байсан тул миний хувь заяаг маш зөв шийдсэн. Сумын төв, ямааны бэлчээр хоёроос холдож үзээгүй хүүг гадаадад сургахаар илгээнэ гэдэг бол их алсыг харсан багш хүний ухаан. Муу хүний заяа завагт гэдэг дээ. Надад хэн хүнд олдохгүй хэд хэдэн боломж тохиосон юм шүү. Эрхүүгийн их сургуулийн хэлний бэлтгэлд аравдугаар анги төгссөн хүүхдүүдтэй нэг жил сурсан. Хэлний бэлтгэлээ тун дажгүй төгссөн тул мэргэжлээ дахин сонгох боломж гарч ирэв. Цаг уур, АН-2 онгоцны нисгэгч хоёрын аль нэгийг сонго гэх нь тэр. Үнэ стандартын хорооны нэр дээр сургуульд явсан тул өөр мэргэжилтэй болох нь хүн чанаргүй санагдаад анхны мэргэжлээ сонгосон. Тухайн үед оюутнууд 60 рублийн тэтгэлэгтэй байсан бол би 80 орчим рубль авна. Өөрөөсөө харамлах шахам хураагаад л зуны амралтаараа аав, ээж, дүү нартаа бэлэгтэй ирдэг байлаа. Төгсөөд иртэл сургуулиа сайн сурч төгссөн байна гээд магтан, Үнэ стандартын хороонд чанарын удирдлагын хэлтэст мэргэжилтэн болж, үеийнхнээсээ нэг шат илүү болсон. Ингэж миний ажил амьдралын гараа эхэлсэн. Тухайн үед 650 төгрөгийн цалин авдаг, амьдралд хүрэлцээтэй л байлаа. Жил гаран ажиллаад цэрэгт татагдаж, хэмжүүрийн хүн чинь холбоочин болдог байгаа. Хугацаат цэргийн албыг хоёр жил хаасан.

Карантинд байхдаа МХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдсон. Гадаадад сургууль төгссөн учраас тэр. Алба хаахын хажуугаар хурандаа нарт орчуулагч хийнэ. Ангийн захирагч, штабын дарга нар дэргэдээ орос зөвлөхтэй. Тэдэнд синхрон орчуулга хийх үүрэгтэй. Дарга нар, орос зөвлөхүүд магтдаг байсан болоод тэр байх, Батлан хамгаалах яамаас хэд хэдэн ажлын санал ирсэн. Тэгээд Жанжин штабыг сонгон холбооны мэргэжлээр ЗХУ-д хэдэн сарын курст суралцаж ирээд офицер болсон. Батлан хамгаалах салбарт 13 жил ажиллахдаа жагсаалын цэргээс хошууч хүртлээ дэвшиж ажилласан. Чамгүй амжилт шүү. Цэргийн газар ажиллаж байхдаа зүгээр байгаагүй. Физикт сонирхолтой тул түүндээ хөтлөгдөн оройгоор МУИС-ийн цахилгааны ангид элсэн суралцаж төгссөн. Ингэж л цахилгаанчин болсон түүхтэй. Цэргээс халагдаад Үнэ стандартын хороондоо эргэн ирж, эрчим хүчнийхээ чиглэлээр, үнэ, тариф хариуцсан ахлах мэргэжилтнээр хоёр жил ажиллаж байтал БНМАУ зах зээлд шилжин байгууллагыг маань татан буулган Шинжлэх ухаан техникийн улсын хороотой нэгтгэж орхисон. Удалгүй төлөвлөгөө, эдийн засгийн хороотой нэгтгэн Үндэсний хөгжлийн хороо болсон. Үнийн хороог татан буулгасан явдлыг би хувьдаа их буруу шийдвэр гэж хардаг. Гэхдээ миний хувьд том олз болсон гэлтэй. Дараа нь Засгийн газрын ХЭГ-т найман жил ажилласан. Тэгж байтал 2001 онд Эрчим хүчний тухай хууль гарч хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Эрчим хүчний зохицуулах газрыг байгуулсан юм. Түүнд нь мэргэжлийн дагуу ажиллах хүсэлтэй байгаагаа тухайн үеийн ХЭГ-ын дарга Ө.Энхтүвшин даргадаа хэлснээр эргэлт буцалтгүйгээр Эрчим хүчний салбарын хүн болсон доо. Энэ салбарт оруулсан миний хувь нэмэр гэвэл эрчим хүчний салбарыг зах зээлд шилжүүлэх анхны үйл явцыг Р.Гаанжуур, Мөнхөө дарга нарынхаа хамтаар өндөр түвшинд, сайн зохион байгуулсан гэж боддог.

-Удирдлагын академи руу гүйж очсон сураг байдаг. Дашийн Бямбасүрэн гуайг бараадсан хэрэг үү, удирдлагын менежер сонирхлыг тань татсан хэрэг үү?

-Монгол Улсын Ерөнхий сайд Д. Бямбасүрэн гуай болбоос алив асуудлыг олон улсын түвшинд сэтгэдэг гайхалтай эрдэмтэн, эдийн засагч, соён гэгээрүүлэгч сэтгэгч, судлаач хүн гэж би хувьдаа боддог, үнэлдэг, хайрладаг. Бас Гантогоо гэх нөхрийн амьдралыг чиглүүлж өгсөн буянтай хүмүүсийн нэг байхгүй юу. Ерөнхий сайдаас буусныхаа дараа Удирдлагын академийн захирлаар томилогдсон. Би дор нь ажиллаж байсан хүний хувьд Бямбасүрэн гуайг бараадах, хоёрт дөнгөж чих шүргэж эхэлсэн төрийн удирдлагын менежер гэх ангид нь элсэн суралцах санаатай очлоо. Дотроо бол өөртөө итгэлтэй гэж жигтэйхэн. Ерөнхий сайд маань ор, ор л гэж байна. Мэнд усаа мэдэлцлээ, дарга яриад байна, нэг завсраар нь ЗГХЭГ нэлээд хэдэн жил ажиллачихлаа, удирдлагын арга барилаа сайжруулахын тулд академид сурмаар байна гэдгээ хэллээ. Тэгтэл “Гантогоо чамд сурах зүйл энд байхгүй. Одоо явуулж байгаа бүх үйл ажиллагаа, удирдлагын арга барилыг чинь энд үздэг юм шүү дээ, чиний хувьд хугацаа алдахын нэмэр гэсэн. Чи тэр докторын ажлаа л амжуул, хожим чамайг менежер Гантогоо гэж дуудахгүй харин доктор Гантогоо гэж дуудуулж явбал сайхан биш үү, тэр ШУТИС руугаа яв гэдэг байгаа. Гомдох ч шиг. Тэр үед би ШУТИС-ийн докторант. Ухаантай хүн гэж их өөр шүү. Хүний амьдралын чигийг дор нь олж хараад хэлж байгаа хэрэг. Миний амьдралд ухаалаг багш нар, ухаалаг дарга нар тааралдаж, чиг зүгийг минь зөв болгож өгсөн гээд бодохоор би азтай хүн байгаа биз.

-“Эрчим хүчний салбарт Ё. Гантогоо докторын оруулсан хувь нэмэр их. Хөгжлийн түүхэн үеийн шийдлийг зөв тавьсан математик загварчлалын “бурхан” хэмээн нэгэн үе тантай хамт ажиллаж байсан мэргэжилтнүүд тодотгоно лээ?

-Баярлалаа, яасан том үнэлгээ вэ. Монгол Улс зах зээлд шилжээд удаагүй 1990-ээд оны эхэн үед манай эрчим хүчний салбар уналтын байдалтай байсныг ард түмэн мэднэ дээ, мэднэ. Өдөрт цахилгаан нэг, хоёр цагаар тасрах энүүхэнд. Заримдаа 7-8 цаг болж байж гэрэлтэй залгадаг байлаа. Орон нутагт бүр хүнд. Жишээлэхэд, Дорнодын цахилгаан станц гэхэд л зуухууд нь доголдож байв. III, IV цахилгаан станцын зуухууд ч ялгаагүй. Тэр үед би Үндэсний хөгжлийн газарт эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг хариуцан ажиллаж байв. Бид эрчим хүчийг сэргээхтэй холбоотой асуудлаар маш чухал арга хэмжээ болох донор орнуудын зөвлөгөөнийг анх удаа эх орондоо зохион байгуулсны үр дүнд донор орнуудаас хөрөнгө оруулалт орж ирсэн түүхтэй. Тухайлбал, Италийн хөрөнгө оруулалтаар III цахилгаан станцын техник, тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Германы техник, технологийн буцалтгүй тусламжаар Дорнодын цахилгаан станцыг шинэчилсэн, IV цахилгаан станцад төсөл хөтөлбөр мөн л хэрэгжсэн.

Дашрамд онцолж хэлэхэд энэ бүхэнд тухайн үеийн салбарын сайд С.Батхуягийн гавьяаг хэлэхгүй өнгөрч болохгүй. Шинэ цагийн Монгол Улсын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын түүх эндээс эхтэй юм шүү. Донор орнуудын хөрөнгө оруулалтын ач тусыг өнөөдөр ч хүртэж байгаа бөгөөд сэргэхийн үндэс суурь нь болсон гэж би хувьдаа үздэг. Хот байгуулалтын чухал хэсэг нь эрчим хүчний салбар. Өмнө нь манайх хөгжлийн цахилгаан схем гээд эрчим хүчний хөгжлийн бодлоготой байсан юм. Харин зах зээлд шилжээд хаана юу болж байгаа нь тодорхой бус болсон тэртээх он жилүүдэд эрчим хүчний хэрэглээг ШУ-ны үндэслэлийн дагуу нарийвчлан тодорхой тооцох тооцоолол хэрэгтэй гэж үзсэн нь хамгийн зөв алхам болсон. Энэ цаг үе миний ажиллаж байсан үетэй таарч олон сайхан эрдэмтэн багш нарын тус дэмээр өдий зэрэгтэй явах судалгаа, шинжилгээний ажлынхаа эхлэлийг тавьж чадсан нь бурхны хишиг юм. Тухайлбал академич, доктор профессор Д.Содномдорж, академич Б.Нүүрэй, профессор С.Батхуяг гээд нэрлээд байвал олон хүн бий. Миний эрдмийн ажлын нэр нь “Зүүн бүсийн эрчим хүчний зохистой хөгжлийн загвар”. Эрчим хүчний загварчлалыг гаргаж ирэх хүрээнд зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт судалгаа явуулсан. Энэ салбарын онцлог юу байдаг вэ гэхээр нэг аймгийн хүрээнд бус бүс нутгийн хүрээнд шийдэгдэх асуудлыг гаргаж ирдэг. Үр дүнд нь бүс нутгийн хөгжлийн загварчлал бий болсон. Миний есөн жилийн хөдөлмөр. ШУТИС маань миний хийсэн судалгаа, шинжилгээний ажилд үнэлэлт, дүгнэлт өгч, техникийн ухааны докторын зэрэг олгосонд баярлаж явдаг. Амьдралд байгаа зүйлийг бодит хөрсөн дээр нь судалж, шинжилж байж бичсэн хөдөлмөр тул миний боловсруулсан аргачлалыг Дорнодын ДЦС-ын 50 МВт-ын өргөтгөл, IV ЦС-ын 127 МВтын өргөтгөл, түүнээс гадна нар, салхины олон эх үүсвэрүүдийн техник, эдийн засгийн шийдэл гаргахад ашигласан байдаг. Цаашдаа судлагааны ажлынхаа гүйцэтгэлтэй холбогдсон хэсгийн бүтээлийг сургуулийнхаа 30 жилийн ойг тохиолдуулан гаргах бодолтой яваа.

-Их засаг их сургуульд та багшилж буй. Манайх хувь, хувьсгал нийлсэн нэлээн олон их, дээд сургуультай. Тэнд суралцагчдын ялгаа танд мэдрэгддэг үү?

-Энд нэг зүйлийг холбоос болгож хэлэх хэрэгтэй. Яагаад төрийн албан хаагч багш болов оо гэх тухайд та бүхэн миний туулсан замналыг уншаад ойлгох байх. Хүнд тархин дахь мэдлэгээ хуваалцаж, мэдлэг олгож, ном заах шиг буянтай ажил энэ хорвоод үгүй. Би чинь нэг хэсэг МУИС-ийн физик электроникийн сургуульд Сэргээгдэх эрчим хүчний тэнхимд багшлахаас гадна сургуульдаа дадлагын гурван том баазыг байгуулж өгсөн багш. Энд мэргэжил маань их хэрэг болсон. Бас нэг зүйлээ гайхуулахад, МУИС-ийн эдийн засгийн сургуулийн хажуугийн дугуй хэлбэртэй байрыг миний удирдлагаар барьж, тухайн үедээ оны шилдэг барилгаар тодорч байлаа. Бас сургуулийнхаа 90 багшид, Гачууртад газрын асуудлыг шийдүүлж өгсөн хүн. Үе үеийн шавь нар маань сайн явж байна, энэ л багш хүний бахархал шүү дээ. Хувийн сургууль, улсын сургуулиас ялгаатай. Сургалтын систем, сургалтын тогтолцоо, сурагчдын хичээл ойлгох, хүлээж авах чадвар гээд ярьвал асуудал бий. Онооны зөрүү хүүхдийн сурах чадварыг илэрхийлнэ шүү. Математик, физик үндэстэй инженерийн мэргэжил олгоно гэдэг чинь их хүнд шүү. Гэвч багш хүний үүрэг бол тухайн хүний суурь мэдлэгт тулгуурлаад цааш нь хөгжүүлэх явдал.

Тиймээс ЕБС-д үзсэн математик, физикийн хичээлийг сэргээж заадаг, мэддэг хүн ер нь л ховор. Миний хувьд энэ жил нэг баяртай мэдээтэй сууж байгаа. Японы CCE компани Их засаг олон улсын их сургуультай гэрээ байгуулан миний оюутнуудаас найман хүүхэд сонгон шалгаруулж, үйлдвэрлэлийн дадлага хийлгэхээр болсон. Гэхдээ зүгээргүй хоол, байр гээд бүх зардал цаанаасаа байх агаад ирэхдээ дөрвөн сая орчим төгрөгийн цалинтай ирнэ. Энэ зунаас явна гээд баярлаад сууж байна.

-Та шинжлэх ухааны 60 гаруй цуврал бүтээл гаргажээ, гайхалтай байна. Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ уламжлалт аргаар л явагддаг, бага зэрэг нар, салхи, уснаас цахилгаан гаргаж авдаг. Гэтэл дэлхийд эрчим хүчний хөгжил хязгааргүй үргэлжилж байна. Ийм цаг үед эрчим хүчний салбар ямар бодлогоор хөгжих ёстой вэ?

-Манай системийн хувьд суурилагдсан хүчин чадал хэрэглэгээндээ хүрэхгүй, энэ өвлийг хэрхэн давах вэ гээд бөөн яриа болдог, жилийн жилд. Миний хувьд хэрэглэгээний өсөлтийг л судалдаг хүн. Эрчим хүчний онцлог бол үйлдвэрлэлээ шууд хэрэглээд дуусдаг. Түүнийхээ үнэ өртгийг дараа төлбөрт маягаар л олж авдаг тогтолцоотой. Нөгөө талаар манай систем тохируулга их муутай, хатуу тогтоцын бүтэцтэй. Уян хатан тохируулгатай байсан бол өндөр ачаалалтай үед нь их өгөөд бага үед нь нөөцлөөд явах жишээтэй. Ингэвэл үнэ тариф ч уян хатан, хямд байна шүү дээ. ДЦС-д нүүрсээр 4-5 цаг галлаж байж 400-500 цельсийн градустай буцалж буй уснаас хурц уурыг гаргаж авч байж турбин нь эргэлдэж цахилгаан, дулааныг гаргаж авдаг. Эрчим хүчний салбарт хөл тавьсан хэн болгоны мөрөөдөл бол усан цахилгаан станц. Манай улс ч томоохон усан цахилгаан станцтай болохыг мөрөөдөн ажил хэрэг болгохоор зорьж буй. Намайг сургууль төгсөж ирэхэд л Эгийн голын усан цахилгаан станц яригдаж байсан, одоо ч баригдаагүй л байгаа. Усан цахилгаан станц нь хуримтлагдсан усан сангаасаа усаа их юм уу бага гаргах тал дээр тохируулга хийдэг, системийг бүхэлд нь тохируулж ч болдог.

Өөрөөр хэлбэл хүссэн хэмжээгээрээ байлгаж болдог тул усан цахилгаан станц чухал бөгөөд хэрэгтэй эд. Усан цахилгаан станцын үр шимийг хүртэхийн зэрэгцээ, түүнийг дагасан амьжиргаа гэж бий. Ховдын Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын асуудлыг Ерөнхийлөгч маань БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ хамтран барих гэрээ байгуулсанд эрчим хүчний салбарынхан бид баяртай байгаа. Ингэснээр тэнд ямар сайхан орчин бүрдэхийг төсөөлөхөд гайхалтай сайхан төсөөлөл бууж байна. Нөгөө талаар түүнийгээ баруун бүстэй холбочихвол оргил үеийн ачааллыг тохируулах боломж бүрдэх төдийгүй тийм цаг нэг их хол харагдахгүй байна. Эрчим хүчиндээ төдийгүй ард түмний аж амьдралыг, дээшлүүлэхэд маш том үр ашигтай зүйл байдаг гэдгийг амьдрал харуулсан байдаг.

-Нарны цахилгаан станцын тухайд та юу хэлэх вэ?

-Бид XXI зууны иргэдийг бэлтгэх, түүний суурийг сайн тавьж өгөхийн төлөө ажиллаж буй гэдэгт багш бүр санаа нэгдэх байх. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх тал дээр эрхзүйн тогтолцоо маш сайн тавигдсан. Эрчим хүчний тухай хуулиараа сая зохицуулж өглөө. Гадаадын хөрөнгө оруулалтыг шууд дэмжих үүднээс 2014 онд мөн хууль нь батлагдсан. Ер нь сэргээгдэх эрчим хүчний станцууд тун дажгүй хөгжиж буй. Салхит, Дорноговь, Замын үүд, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал, Монэнержи компанийн нарны цахилгаан станц гээд. 2025 он гэхэд нийт суурилагдсан хүчин чадлын 25 хувь, 2030 он гэхэд 30 хувьд сэргээгдэх эрчим хүчийг хүргэнэ гэсэн бодлого төлөвлөлт бий. Энэ дагуу л хөгжил нь явагдаж байгаа. Дулааны цахилгаан станц ажиллуулдаг орнууд дэлхийг бохирдуулсныхаа төлөө торгууль төлдөг, түүнийг нь сэргээгдэх эрчим хүч хөгжүүлж байгаа орнуудад зөрүүлж мөнгө өгдөг. Үүнийг цэвэр хөгжлийн механизм гэж байгаа юм. Манайхан үүнд хамрагддаг, төлбөр авдаг эсэхийг нь мэдэхгүй байна.

-Ярилцсан танд баярлалаа.