И.ДОРЖСҮРЭН: ӨВӨРХАНГАЙЧУУД 2024 ОНЫ ТӨСВӨӨ ӨӨДРӨГӨӨР ТӨСӨӨЛЖ БАЙГАА

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэнтэй өвөлжилтийн бэлтгэл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өвөрхангай аймаг өвөлжилтөд бэлэн үү гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил ид явагдаж байна. Өвөлжилтийг ярихын тулд эхлээд зуншлага ямар байсан талаар яръя гэж бодож байна. Манай нутагт зуншлага харьцангуй сайхан, хур бороо сайтай, өвс ногоо сайтай болж өнгөрлөө. Аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвийн гаргаж байгаа мэдээгээр, Богд сумын урд талын хэсэгт зуншлага сайн гараагүй тул аймгийн хойд талын сумд руу оторт гарцгаасан. Баянхонгор аймгийн урд талын сумдад мөн л зуншлага тааруу гарсны улмаас Баруунбаян-Улаан сумын нутагт есдүгээр сард отроор орж ирсэн 100 гаруй айлын мал зусаад аравдугаар сарын эхээр буцсан. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгаас Гучин-ус, Төгрөг сумын урд хэсэг рүү бас 100 гаруй өрхийн 50-60 мянган толгой мал отроор орж ирээд буцаагүй байгаа. Иймд Өмнөговь аймгийн удирдлагуудтай оторчдын тоог нэмэхгүй байх, нэгэнт ирчихсэн байгаа оторчдыг хөөж туухгүй байх талын яриа хэлэлцээр хийсэн. Манай бусад сумын нутгаар харьцангуй зуншлага сайн, гадагшаа отор нүүдэл бага, Зүүнбаян-Улаан, Хархорин, Төгрөг сумын цөөн хэдэн айл хуучин оторлож сурснаараа Булган, Архангай аймгийн зүүн хэсэг, Сэлэнгэ аймгийн нутгаар отор нүүдэл хийнэ гэсэн байдалтай байна.

 Өнгөрсөн жилүүдэд манай аймгийн мянга орчим айлын сая гаруй толгой мал гадны 15 аймгийн 50 гаруй суманд отор нүүдэл хийсэн байдалтайгаар оторлосон. Энэ жилийн тухайд цаг агаар сайхан байсан учраас отор нүүдэл бага байлаа. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Засгийн газраас албан даалгаврын хүрээнд орон нутгийн өмчит компани байгуулж, Хархорин сумын нутагт 400 га талбайд ногоон тэжээл тариалж, 50 мянган боодол ногоон тэжээл бэлдэж авсан. Түүнээс аймаг 30 мянган боодлыг худалдаж авсан. Үлдсэн 20 мянган боодол ногоон тэжээлийг сумдуудад хуваарилах, аюулгүй байдлыг хангах зорилгоор нөөцөлсөн. Засгийн газрын өгсөн үүрэг даалгаврыг давуулан биелүүлж, аюулгүйн нөөцөө бүрдүүлж чадсандаа баяртай байна. Улсын онцгой комисс ойрын үед манай аймагт ажиллан өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах тов гарсан. Төв суурингийн тухайд өвөлжилтийн бэлтгэл амаргүй байгааг нуугаад яах вэ. Өнгөрсөн зуны хүчтэй аадар борооны улмаас цахилгааны өндөр хүчдэлийн шугам 2-3 удаагийн байдлаар унаж, 2-3 дээд тал нь 6-7 хоног цахилгаангүй байсан. Ийм байдал ирэх өвөл, хавар дахин гарахгүй гэсэн баталгаа байхгүй, эрсдэлтэй байгаа. Эрсдэл гэж яг юуг хэлэх вэ гэхээр цахилгааны шугамын насжилт нэлээд өндөр, мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар 31-33м/с-д унаж байна гэсэн дүгнэлт гарсан. Өвөл салхи харьцангуй бага ч, хаврын улиралд хэцүү. Нөхцөл байдалтай холбогдуулж, дулаан эрчим хүчээр хангадаг хувийн хэвшлийн бүх байгууллагуудыг нөөц цахилгааны мотор тавь гэдэг үүрэг даалгавар өгсөн. Аравдугаар сард бүх байгууллагууд нөөц мотортой болж чадсан. Ингэснээр эрсдэл гарахаас сэргийлэх арга хэмжээг авсан гэж үзэж болно. Нүүрс нөөцлөлтийн асуудал хүнд байна. Зам тээврийн үндэсний төвөөс баталсан стандарт ёсоор нэг тэнхлэг дээр ирэх ачааны хэмжээ гурван тонн, өөрөө хэлбэл 50- 60 тонн ачдаг машинд нийт 13-16 тонн ач гэж тулгаж байгаа нь тээврийн бизнес эрхлэгчид болон дулаан хангамжийн бизнес хийдэг байгууллагуудад хүндрэл үүсгэсэн. Үүнтэй холбоотойгоор Баянтээгийн нүүрсний уурхай болон албан байгууллагуудтай ярилцаж тохирох, ямар ч байсан нүүрсний нөөцлөлтийг хангалттай байлгах, өвлийн улиралд гал алдахгүй байх, нүүрсний тээвэрлэлтийг саадгүй явуулах зохицуулалтыг хийсэн. Хот суурин болон, хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл нэг иймэрхүү. Газар тариалан, ургацын хувьд энэ жил багавтар буюу найм орчим мянган га талбайд тариалалт явуулсан. Ургац хураалт 70- 80 хувьтай. Тэнгэр хангай ивээж хур бороо, цас багатай байгаатай холбоотойгоор ургац хураалт дажгүй сайн байсан боловч есдүгээр сард Хархорин болон бусад ургац тариалдаг сумдуудаар бороо орсонтой холбоотойгоор ургац хураалтын ажил технологийн хугацаанаасаа хойшилсон авч өнөөдрийн байдлаар хурааж дууссан гэсэн мэдээллийг хүлээж авсан.

-Нүүрс алсын сумдад ямар үнээр хүрч байгаа вэ. Нэн ядуу өрх , өндөр настанд хөнгөлөлт үзүүлэх үү?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын журмаар түлээ нүүрсийг тусгай шаардлагын тухай иргэдэд олгодог тэр процесс хэвийн явагдана. Өнгөрсөн 2022 онд Баянтээгийн нүүрсний уурхайн нүүрс тонн нь 39 мянган төгрөг байсан бол 49500 төгрөг болж нэмэгдсэн. Нүүрсний үнэ нэмэгдсэн асуудлаар шалгалт оруулсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлага ажилтнууд өнгөрсөн долоо хоногт манай аймагт ажиллаад, зөвлөмж зөвлөгөө өгөөд явсан. Ойлголтын зөрүү байгаа бололтой. Юу гэхээр, зах зээлийн зарчмаар нийлүүлэлт багасвал үнэ өснө, нийлүүлэлт өсвөл үнэ буурна гэсэн ерөнхий зарчим үйлчлэх ёстой. Гэтэл энэ нэрийн дор үнийг хэт өсгөх явдал байгаа учраас түүний ялгаа заагийг олж үнийг хэт өсгөж үү, үгүй юу гэдэг дээр хяналт шалгалтын ажил явуулж байна.

-2024 оны төсвийг хэлэлцэж байна. Өвөрхангай аймгийн хувьд хөрөнгө оруулалт шаардлагатай ямар ажил байна вэ?

-Хэд хэдэн зүйлийг нэрлэх байна. Өнгөрсөн есдүгээр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай аймагт ажиллаж, тулгамдсан нэлээд хэдэн асуудлыг шийдсэн. Тухайлбал, аймагт баригдаж байгаа БНСУ-ын дэмжлэгтэйгээр 50 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй, дулааны цахилгаан станцын барилга баригдаж буй Станцын барилгын асуудлыг шийдсэн. Барилгын ажил одоогийн байдлаар 36 хувьтай буюу удаашралтай байгаа тул шалгарсан компанид нь эрчим хүчний яамаар дамжуулан шаардлага хүргүүлсэн. Энэ 50 гаруй тэрбум төгрөг нь зөвхөн дулааны цахилгаан станцын барилгын ажлын өртөг бөгөөд баригдаад дууссаны дараа дулаанаа хэрэглэгчдэд түгээх хоёрдугаар сүлжээг ашиглалтад оруулах зардалд нийтдээ 28.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Түүнийг улсын төсөв дээр тодорхой хэмжээгээр тусгахаар болсон. Иймд УИХ-ын гишүүд болон эрчим хүчний яамтай хамтарч тодорхой хэмжээний зохицуулалт хийгээд аль болох хурдлуулах тал дээр анхаарна. Дээр нь Ерөнхий сайдын ажлын үеэр Багшийн хөгжлийн төв барих асуудлыг ярьсан. Үүнд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөгийн төсөв, аймгийн төсвөөс 3.5 орчим тэрбум төгрөг буюу нийтдээ долоон тэрбум төгрөгөөр барихаар төсөвлөсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барихаар газрыг нь судлаж буй. Ирэх онд баригдана. Гэр хорооллын шугам сүлжээний ажлыг эхлүүлсэн. Дараа жил мөн дахин 12 тэрбум орчим төгрөгөөр шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг хийнэ. Мөн замтай холбоотой ажлууд ч хийгдэнэ. Ирэх онд Бат-Өлзий, Хужирт чиглэлийн 49.5км замын ажил үргэлжлэх бөгөөд 50 орчим хувь нь ашиглалтад орно. Хужирт сумаас урагш улсын чанартай авто зам болох АА0301-тэй холбогдох 44.3 км авто замын зураг төсөл бэлэн болсон, нийт төсөвт өртөг 70.2 тэрбум төгрөг. Энэ мөнгө ирэх оны улсын төсөвт суусан. Төлөвлөгөө ёсоор хоёр жилийн хугацаанд дуусч ашиглалтад орчихвол манай аймгийн хойд талын сумдууд болох Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Өлзийт сумын баруун хойд талын хэсэг, Есөнзүйл сумын зүүн урд талын хэсэг аймгийн төвтэй авто замаар холбогдоно. Нөгөө талаар зам ашиглалтад орсноор аялал жуулчлал хөгжиж, жуулчдад зориулсан ая тухтай нөхцөлийг нэмэгдүүлэх боломж бололцоо бүрдэх учиртай. Мөн 2024 онд Арвайхээрээс манай Сант сум, Дундговийн Эрдэнэдалай, Сайнцагаан, Чойр чиглэлийн авто зам барих ажлыг эхлүүлэхээр төсөвт тусгагдсан. Дээр нь Арвайхээрийн төвөөс Өмнөговийн Мандалговь чиглэлийн 250 км авто замын зураг төсөл гаргах ажил тусгагдсан. Зам тээвэр, хөгжлийн яамны төсөвт хөрөнгийн эх үүсвэр тусгагдаж, тендер зарлагдаад шалгарсан компани зураг төслөө боловсруулна. Баригдаж эхлэхгүй ч зураг төсөлтэй болсон байхад ажил хэрэг болох үндсэн суурь нь тавигдана гэж бид үзэж байна. Үүнээс гадна Арвайхээрийн төвөөс Гучин-ус, Богд , Баянлиг, Өмнөговийн Гурван тэс сумдын нутгаар дайран өнгөрч Шивээхүрэнгийн хилийн боомт хүртэлх 500 орчим км автозамын зураг төслийг боловсруулах ажил Зам тээвэр хөгжлийн яамны төсөвт суусан. Баянтээгийн нүүрсний уурхайгаас улсын чанартай автозам хүртэл 22км замын зураг төслийг уурхайн төсөвт суулгана.

Хайрхандулаан сумын төвөөс улсын чанартай авто зам хүртэл гурав орчим км авто зам, сумын төвдөө хоёр орчим км буюу нийт тав орчим км авто зам баригдах төсөв төсөвт тусгагдсан. Нарийнтээл сумын инженерийн шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж хийгдэхээр төсөвт тусгагдсан. Есөнзүйл сумын төвөөс улсын чанартай автозам хүртэл 12км зам болон сум дундах 2.7 км зам буюу нийт 14.7км замыг Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар барихаар болсон гэх мэтчлэн хөрөнгө оруулалтууд ирэх оны төсөвт тусгагдсан. Энэ сарын 29-нд аймгийн төсөв батлагдаж, арванхоёрдугаар сарын 15-нд улсын төсөв батлагдана. Тиймээс 16-ны өдрөөс шууд тендерийн үйл ажиллагаагаа зарлахаар төлөвлөж байгаа. Өвлийн гурван сард багтан бүх бичиг баримтаа хүлээн авч тендерээ шалгаруулаад хавар газар гэсэнгүүт шууд ажлаа эхлүүл гэсэн чиглэлийг аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн хэсэг болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын хэлтэст өгсөн. Хувийн хэвшлийн байгууллагууд маань үүнийг анхаараасай билээ. Өвөрхангайчууд 2024 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж буй. Мэдээж цаана нь дэлгэрэнгүй яривал олон зүйл бий.

-Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого Өвөрхангай аймагт хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Өвөрхангай аймагт ажиллаж амьдарч байгаа бид яах вэ гэдэг бол нэгдүгээр асуудал. Хоёр дахь нь ирээдүйн нийслэлийн баримжаатай хөгжих шинэ Хархорин хотын асуудал. Аймгийн хувьд, улсынхаа төв хэсэгт байрлалтай, баруун чиглэлийн авто зам дайрч байгаа нь манай аймгийг транзитын төв байх үндсэн суурийг бүрдүүлж байгаа. Нөгөө талаар манайх хүн амын тоогоор хөдөөгийн 21 аймгаас хоёрт ордог. Хүн ам их байна гэдэг нь, зах зээл байна гэсэн үг. Зах зээл, эдийн засгийн орчин сайн байна гэдэг нь бүх чиглэлийн бизнес хөгжих нөхцөл бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй сайн гэсэн үг. Тэр хэмжээгээр өнгөрсөн жилүүдэд манай аймгаас сонгогдсон үе үеийн УИХ-ын гишүүд , үе үеийн аймгийн удирдлагууд аймгийн төв болон сумдуудад дэд бүтцийг сайн хийсэн. Богд сум 2009 онд хамгийн сүүлд эрчим хүчний шугам сүлжээнд холбогдсоноор эрчим хүчний шугамд холбогдоогүй нэг ч сум байхгүй. Манай 19 сумаас ес нь инженерийн шугам сүлжээтэй. Ирэх жилээс үлдсэн сумд инженерийн шугам сүлжээтэй болох тал дээр анхаарлаа хандуулж ажиллана. Аймгийн төвд авто зам, гэр хорооллуудаар нэлээд явсан байгаа. Инженерийн шугам сүлжээний өргөтгөл хийгдэж эхэлсэн. Өвөрхангайд үүрэн холбооны бүх операторууд үйл ажиллагаагаа явуулдаг. Үр дүнд нь алслагдсан 34 цэгт үүрэн холбооны антенууд боссон. Хүн амын төвлөрөл ихтэй Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумдад инженерийн шугам сүлжээтэй болж байгаа нь бизнесийн таатай орчин бүрдэж байгаа юм. Мөн манайд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүд бий. Ноосны үйлдвэр, арьс ширний үйлдвэр гээд л. Ноосны үйлдвэрийн тухайд эсгий хийхээс гадна ноосоо угаагаад, ноос ноолуурыг нь ялгаж ээрсэн утсаар нь Дарханы үйлдвэрүүд бээлий, оймс, цамц үйлдвэрлэдэг. Үйлдвэрээ өргөтгөн ноолуур агуулах цехийг нэмж барихаар төлөвлөсөн. Ингэснээр нэлээн том дэвшил гарна гэж үзэж байгаа.

Манай аймагт жилд дунджаар 1.2 сая ширхэг арьс шир гардаг юм байна, одоо ажиллаж байгаа арьс ширний үйлдвэр нийтдээ сая ширхэг арьс шир боловсруулах хүчин чадалтай боловч эргэлтийн хөрөнгө дутагдалтайн улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Үүнийг Ерөнхий сайдад танилцуулж, зээлийн эх үүсвэр хүссэн. Ойрын хугацаанд шийднэ гэсэн хүлээлтэй байна. Өнгөрсөн долдугаар сараас арьс ширний үйлдвэр маань Эмээлт захын ханшаар хонины нэхий худалдаж авч эхэлсэн. Арьс ширний үйлдвэрийн захирлуудын тайлагнаж байгаагаар зээлийн эх үүсвэр олдвол цаашид арьс ширээ бүтэн боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж буй. Одоо хагас боловсруулж байгаа, цаашдаа гүн боловсруулалт хийж, савхи хийх юм билээ. Махны үйлдвэр маань Иран улсын нэг компанитай гурван жилийн гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд жилдээ малчдын гар дээрээс 15-20 тэрбум төгрөгөөр малын мах авдаг. Энэ жилийн хувьд 150 мянган бог буюу хонь худалдаж авна. Бэлэн болсон бүтээгдэхүүнийг Ираны талаас шалгасны дараа зориулалтын сав баглаа боодолд боогоод, хөргүүртэй машинаар тээвэрлэн Ираны зах зээлд нийлүүлэх юм. Хөдөөгийн сэргэлттэй холбоотойгоор ийм ажлууд хийгдэж байна. Түүнчлэн манайд өөр аймаг, хотоос хүмүүс ирж суурьшихад хуримын ордон, усан бассейн, хүүхдийн ордон, ахмадын өргөө, хүүхдийн парк, Хөгжимт драмын театр гэх мэт үйлчилгээ болон соёлын салбар сайн хөгжсөн учраас амьдрахад нэлээд таатай гэж хэлж болно. Аймгийн боловсролын байгууллагууд ч сайн ажилладаг, 1990-ээд оноос хойш ЭЕШ-аар бүх сургуулиудыг байр эзлүүлж байгаа. Манайх 1-3-р байр эзэлдэг. Улсын хэмжээний топ 10 сургуулийг шалгаруулахад манай хоёр сургууль багтсан. Нэг нь Арвайхээрийн “Мэргэд цогцолбор” сургууль, нөгөө нь Хархорин сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль. Боловсролын байгууллагуудыг бүгдийг нь хоёр ээлжээр хичээллүүлбэл, 2000 хүүхдийг нэмж сургах боломжтой. Аймагт нийт ерөнхий боловсролын сургуульд 23500 хүүхэд сурч байна. Ингээд харахаар гаднаас ирж суурьшиж байгаа хүмүүсийн хүүхдүүдэд сургуулийн хүрэлцээ боломжийн.

-Орон сууцны үнэ ямар байна вэ?

-Чанараасаа хамаараад 2.2- 2.8 саяын хооронд байх шиг байна. Улаанбаатар хотоос тийм ч хямдхан биш. Манай аймагт орон сууц барих сонирхолтой компаниуд байвал, бид газрын асуудлыг шийдье гэсэн байр суурьтай байгаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд сумын мэдлийн, аймгийн мэдлийн, байгаль орчны газрын мэдлийн газрууд дээр үйлдвэрлэл үйлчилгээ, тээвэр ложистик өөр юу байдгийн бүх төрлийн үйлчилгээний газруудыг хангалттай шийдэж өгнө. Шинээр иргэд суурьшихтай холбоотойгоор Засгийн газраас суманд ажиллаж байгаа ажилчдын цалинг 40 хувь, аймгийн төвд ажиллаж байгаа ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм билээ. Бид харин өөрсдийн зүгээс суманд ажиллаж буй ТАХ-ын цалинг 10 хувиар нэмэх бодолтой байгаа. Хэрвээ тооцоо судалгаа нааштай гарвал Засгийн газрын чиглэл болгож буй 40 хувиар цалин нэмэгдэж байгаа дээр 10 хувийг нэмээд 50 хувь болгохоор төсөөлсөн. Ингэснээр сумын шатлалд ажиллаж байгаа алба хаагчдын ахуй амьдрал сайжрах нөхцөл боломж бүрдэнэ. Энэ жил дөрвөн суманд төрийн алба хаагчдын орон сууц баригдаад дуусах шатандаа явж байгаа. Сумдад боловсон хүчний хангамж сайнгүй, ажлын орон тоо нь бэлэн байгаа ч боловсон хүчин байхгүй, байдалтай 70 гаруй орон тоо бий. Баянтээгийн уурхайн 70 хувийг аймаг эзэмшдэг бөгөөд үүнийхээ 19 хувийг иргэддээ өмчлүүлье гэсэн санаатай байгаа бөгөөд аймгийн ИХ-ын тогтоол гарсан. Тиймээс хувьцааны бизнес хийдэг дараагийн шатны байгууллагуудтай хамтарч ажиллах ажиллагаагаа эхлүүлсэн. Урьдчилсан байдлаар 16 хувийг одоо байгаа 118 мянган иргэддээ өмчлүүлнэ, гурав орчим хувийг шинээр ирэх 15 мянга орчим иргэддээ өмчлүүлэхээр төлөвлөсөн.

Тиймээс манай аймгийн иргэн болвол Баянтээгийн уурхайн хувьцаа эзэмшигч болно гэсэн сайхан мэдээг хэлэхийг хүсч байна. Одоогийн байдлаар манай Баянтээгийн уурхай жилдээ 240-250 мянган тн нүүрс зах зээлд гаргадаг. Архангай, Баянхонгор, Өвөрхангай гэсэн гурван аймгийн дулаан хангамжийг үндсэн байдлаар, цаана нь арваад аймгийн дулаан хангамжийг туслах байдлаар хангадаг, тав орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 252 мянган хувьцаатай компани юм. Энэ 252 мянган хувьцааг бид жижиглээд 2.5 сая орчим хувьцаа болгоод дээр дурдсан 16 хувийг одоо байгаа иргэддээ, гурван хувийг шинээр ирж суурьших иргэддээ өмчлүүлнэ. Дээр дурдсан Шивээхүрэнгийн боомт хүртэлх авто зам тавигдчихвал Баянтээгийн уурхайн нүүрсийг Хятадын зах зээлд гаргах нөхцөл бүрдэнэ. Тэр хэмжээгээр компаний нэгж хувьцааны үнэ өснө гэж үзэж буй. Нийт 481га газрын зөвшөөрөлтэй боловч өнгөрсөн хугацаанд тав орчим сая тн нүүрс олборлосон. Анхны тогтоосон нөөцөөр 24сая тн, 2022 онд хийсэн нэмэлт хайгуулаар зургаан сая тн нэмэгдэж 30 сая тн-ын нөөцтэй болсон бол, 2023 онд хийсэн хайгуулаар 30 сая тн нүүрс нэмэгдэж нийт 60 сая тнын нөөцтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Өвөрхангай аймаг баруун чиглэлийн төв зам. Хүн ам ч ихтэй. Сүүлийн үед хүүхэдтэй холбоотой хэргүүд чих дэлдийлгэх боллоо. Хүүхдэд ээлтэй байх тал дээр бусдад туршлага хуваалцах зүйл юу байна вэ?

-Хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол цөөнгүй гарсан. Хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр Цагдаагийн байгууллага, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, түүний харъяанд Хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах байр, сумдын хүүхдийн эрхийг хамгаалах ажилтнуудтай хамтран ажиллаж байна. ЕБСийг камержуулсан, дотуур байруудыг нь камержуулаад эхэлсэн. Ирэх 2024 онд бүх дотуур байрыг камержуулна. -Та хуульч . Тиймээс шударга байх тухайд бусад Засаг дарга нараас арай өөр арга барилаар ажиллаж байгаа болов уу? -Иргэдийг хүлээн авах цаг гэж практикт байдаг л даа, гэхдээ миний хувьд тийм цаг гаргаагүй. Аль болохоор боломжоороо, зорьж ирсэн иргэнийг хүлээн авч асуудлыг шийдвэрлэхийг боддог. Долоо хоногийн нэг өдөрт хүлээж авахаар бусад өдөр яаралтай асуудал тулгарсан иргэд хүлээх болно. Хурал, цуглаан, хөдөө сумдаар явах, иргэдийг хүлээн авах гээд аль аль ажлаа орхигдуулахгүй, зохицуулаад л явж байна даа. Төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ иргэдийн хүссэн хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа нь нууц биш. Долоо хоног бүрийн мягмар гарагт аймгийн Засаг даргын харъяа газрууд, төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагуудыг оролцуулан шуурхай хуралдаан зохион байгуулдаг. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв гэх Засаг даргын харъяа 70321111 утсыг ажиллуулан, иргэдийн санал, гомдлыг хүлээн авахаас гадна иргэд биеэрээ очин гомдлоо хэлж болдог. Иргэдийн санал гомдлыг шуурхай хуралдаанаар нэг бүрчлэн ярилцаж, шийдвэрлэх чиглэлийг өгч, гомдлыг барагдуулдаг. Ийм уламжлал тогтоод 4-5 жил болж буй. Энэ нь таны асуугаад байгаа шударга байх, иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх гэдэгт нэлээн дөхөмтэй, зохион байгуулалтын арга хэмжээ гэдгийг хэлэх байна. Гэсэн ч байвал зохих хэмжээнд хүрч зохицуулалт хийж хараахан амжихгүй байна, дүрэм журмын дагуу бүрдүүлэх бичиг баримт олон, шат дамжлага их гэх мэтчлэн. Тиймээс энэ хүрээндээ 2024 оныг цахимжилтын жил болгохоор зарласан. Үүнд аймгаас 500 орчим сая төгрөг, мөн Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас 3-4 аймагт хэрэгжүүлэх төсөлд манай аймгийг хамруулахаар болсон. Өөрөөр хэлбэл, энэ хүрээнд 2.4 тэрбум төгрөг манайд хуваарилагдахаар болсон. Нийтдээ гурав орчим тэрбум төгрөгөөр цахимжих, судалгааны ажлыг нь 15 сая төгрөгөөр мэргэжлийн компаниар хийлгэж байна. Цахим болох нэг хэрэг харин иргэдээ хэрэглээнд сургах хоёр дахь том ажил бий. Энэ бол нэлээн том ажил, тиймээс энэ чиглэлд зарцуулах хөрөнгийг давхар тооцоод ажиллаж байна.

-Иргэд газар өмчлөх асуудалд хэр хандаж байна, тухайлбал, малчид газраа өмчилж амжсан уу?

-Газар авах гэдэгт хоёр янзын ойлголт. Малчдын хувьд өвөлжөө, хаваржааны газраа бараг 90 хувь нь эзэмших чиглэлээр авсан. Харин өмчлөлийн хувьд аймаг, суманд авсан газар цөөн. Газар өмчлөх, эзэмших тал дээр Барилга, хот байгуулалтын яамаас дэд бүтэц шийдэгдсэн газрыг иргэд, ААН-д эзэмшүүлж, өмчлүүлэх ерөнхий шаардлагыг тавьдаг. Үүнтэй холбоотойгоор газар олголтыг хангалттай төлөвлөж чадаагүй. Гэсэн ч төлөвлөлтийнхөө дагуу энэ ажил өдөр тутам явагдсаар байгаа, нээлттэй хэвээр. 

-Ярилцсанд баярлалаа

-Та бүхэнд баярлалаа.