ОХУ-Д ХИЙЖ БУЙ ЭЛЭГНИЙ Д ВИРУСТ ГЕПАТИТЫН ЭМЧИЛГЭЭНД МОНГОЛ ИРГЭДИЙГ ХАМРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ

Нийгэм, Эдийн засаг

  Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд хоёр улсын Засгийн газар хооронд 1995 оны дөрөвдүгээр сарын 5-нд байгуулж өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй  Эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд манай хоёр улс эх, хүүхдийн эрүүл мэнд, халдварт өвчин, тэр дундаа  зоонозын халдварт өвчний чиглэлээр хүний нөөцийг давтан сургах, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, хамтарсан хээрийн дадлага сургуулилалт хийх зэргээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд цаашид Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр эмнэл зүйн урт хугацааны сургалтад мэргэжилтнүүдээ илгээх  хүсэлтээ уламжиллаа.

Тэрбээр мөн Монгол-Оросын хилийн дагуух бүс нутагт тарваган тахал болон байгалийн голомтот бусад халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор байгалийн голомтын тандалт судалгааг тогтмол хийх, мэдээлэл солилцох, тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хээрийн хамтарсан дадлага сургуулилалт хийх, тархвар судлал, нян судлалын чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, тархвар судлалын хүндрэл үүссэн тохиолдолд хариу арга хэмжээг шуурхай авах, хамтарсан ажлын хэсгийн уулзалт зохион байгуулах зэргээр зоонозын өвчний чиглэлээр дунд болон урт хугацаанд үргэлжлүүлэн хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.



Эдгээр зорилгын дагуу ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашиг, хүний сайн сайхан байдлыг хамгаалах холбооны хяналтын албатай байгуулсан хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчлэн байгуулахаар төслөө өнгөрсөн дөрөвдүгээр сард Гадаад харилцааны яамаар дамжуулан ОХУ-ын ЭСЯ-нд хүргүүлснийг дуулгаад хэлэлцээр байгуулах асуудлыг шуурхайлах шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм.



С.Чинзориг сайд “Ноён Элчин сайд тантай уулзаж байгаа гол зорилго бол элэгний гепаптит Д вирусийн эмчилгээний талаар ОХУ-тай хамтарч ажиллах боломжийн талаар судалж, санал солилцохоор урьсан юм.  

Манай улсад элэгний B, C, Д вируст гепатитын халдвар өндөр тархалттай байна. Ялангуяа насанд хүрэгчдийн дунд В, С вируст гепатитын халдвар өндөр тархалттай байгаа нь элэгний өмөнгийн шинэ тохиолдлын түвшин Монгол Улсад төдийгүй дэлхийд хамгийн өндөр бөгөөд элэгний өмөнтэй өвчтөнүүдийн 90 гаруй хувь нь вируст гепатитын халдвартай, хүн амын нас баралтын тэргүүлэх таван шалтгааны хоёр нь үүнтэй холбоотой гэсэн судалгаа бий.

Д вирусийн орчин үеийн үр дүнтэй эмчилгээний аргууд өртөг өндөртэй байгаа нь халдвартай хүмүүст тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгоход бидэнд тулгарч байгаа гол бэрхшээл юм. Судалгаагаар манай улсад 66 мянга орчим иргэн Д вирусийн халдвартай байх магадлалтай гэж үзэж байгаа.

Хэдийгээр элэгний Д вируст гепатитын эмчилгээ тодорхой болоогүй, АНУ-ын “Gilead Science” компани эмчлэх эмийг гаргасан ч үйлдвэрлэлийн түвшинд очоогүй, Европын зарим оронд уг эмийг бага хэмжээгээр борлуулж байгаа боловч сарын эмчилгээ нь өндөр өртөгтэй талаар мэдээлэл ирсэн.

Бидэнд байгаа мэдээллээр, уг вирусийг устгах чадвартай Мирклудекс Б (Bulevirtide) эмийг анх ОХУ-ын эрдэмтэд бүтээж, ХБНГУ-ын компанид патентаа худалдаж, тэр компани нь цааш АНУ-ын “Gilead Science”-д худалдсан ба  ОХУ нь уг эмийг зөвхөн дотооддоо өөрийн иргэдэд хэрэглэх тодорхой нөхцөлтэй байгаа гэж ойлгосон.

Иймд элэгний Д вируст гепатитын эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байгаа монгол иргэдийг ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбох, манай ХӨСҮТ-тэй гэрээтэй ажиллах эмнэлэг байх боломжтой эсэх талаар харилцан санал солилцох хүсэлтэй байна” хэмээсэн юм.



Элчин сайд А.Н.Евсиков хоёр улсын эрүүл мэндийн салбар хоорондын олон жилийн найрсаг хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлж улам илүү хөгжүүлэхэд анхаарахаа хэлээд Эрүүл мэндийн сайдын элэгний Д вируст гепатитыг ОХУ-д “Мирклудекс” эмээр эмчилж буйд монгол иргэдийг хамруулах  талаар тавьсан хүсэлтийн дагуу өөрийн улсын ЭМЯ-тай энэ асуудлаар ярилцсан гэлээ. 



Тэрбээр ОХУ-ын Монгол  Улстай хил залгаа нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад элэгний Д вируст гепатитын эмчилгээг хийж байгаа бөгөөд “Мирклудекс” эмийг ашиглан хийж буй уг эмчилгээнд монгол иргэдийг хамруулах боломжтой гэдгийг холбогдох яамнаас нь илэрхийлсэн гэдгийг дуулгалаа. Тодруулбал, тус улс сүүлийн жилүүдэд анагаахын салбарынхаа хөгжил дэвшилд тулгуурлан эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч буй бөгөөд энэ хүрээнд монголчуудыг хүлээн авч эмчлэх боломжтой гэж үзэж буй. Тиймээс  Буриад улсад болон Эрхүү мужид “Мирклудекс” эмийг ашиглан эмчилгээ хийж буй  эрүүл мэндийн байгууллагуудтай шууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ амлалаа.  

Түүнчлэн ОХУ-ын Засгийн газраас эрүүл мэндийн чиглэлээр Монголын 620 эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн тухай мэдээллийг Элчин сайд уулзалтын үеэр өгсөн. Мөн уламжлалт анагаах ухааны чиглэлээр  хамтран ажиллах боломжтой бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд салбарын яамдын харилцаа холбоог бэхжүүлэх талаар тодорхой санал хэлж хоёр улсын Засгийн газар хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг ойрын хугацаанд шинэчлэн байгуулж, элэгний Д вируст гепатитын халдвартай иргэдийг ОХУ-д эмчлүүлэх ажлыг эрчимжүүлэхэд талууд санал нэгдлээ.