Н.Оюунбат: Ирэх есдүгээр сарын 18-нд сурах бичгүүдээ хүлээн авахаар, хэвлэлийн компаниудтайгаа хамтран ажиллаж байна

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

  Шинэ хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд буй энэ үед сурагчдын сурах бичгийн эрэлт хэрэгцээ хамгийн их асуудал дагуулдаг. Тиймээс Боловсролын Ерөнхий газрын ЕБС-ийн сурах бичгийн хангамж, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Оюунбаттай сурах бичгийн хэвлэлт, хүрэлцээ, тараалт зэрэг асуудлаар ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн сурах бичгийн хэвлэлт, тараалт хэдэн хувьтай байна вэ?

-Төрийн худалдан авах ажиллагааны газарт БШУЯ-аас захиалга өгсний дагуу 2021 онд гурван жилийн хугацаатай Ерөнхий гэрээ байгуулж, 2021, 2022 онуудад сурах бичиг хэвлэгдсэн. 2021 онд ерөнхий гэрээний тендер зарлагдан энэ жил буюу 2023 онд дуусах ёстой байсан. Эхний хоёр жил хэвлэлт ерөнхий гэрээний дагуу явагдаж, 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр гэрээ дуусах байсан. Тиймээс бид дөрөвдүгээр сард хэвлэлтээ эхлүүлэхээр ажлаа төлөвлөсөн байсан. Нээлттэй тендерийг цахимаар tender.gov.mn-д хамгийн хурдан хугацаанд буюу 3-5 хоногийн хугацаанд зарлаж ерөнхий гэрээний дагуу хамгийн бага үнийн саналаараа шалгарсан компаниуд гэрээгээ байгуулдаг. Энэ дагуу бид саналаа гуравдугаар сарын сүүлээр зарласан. Гэтэл гуравдугаар сарын 29-ний өдөр ТХААГ-т хэвлэлийн компаниуд хоорондоо гомдол гаргасны улмаас ТХААГ-аас сурах бичгийн захиалгыг зогсоосон. Тэгээд л бидний ажил зогссон доо. Гомдол гаргах хугацаанд бид аймаг, дүүргийн Боловсрол, шинжлэх ухааны газруудаас судалгаа, мэдээллүүдийг авч нэгтгэн ТХААГ-т өгсөн. Тиймээс ерөнхий гэрээний хугацаа дуусахаас өмнө хууль тогтоомждоо нийцүүлэн өөрсдөө хэвлүүлэх ажлаа зохион байгуулах тухай албан бичгийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас мэдэгдсэн. Тэгээд бид ажлын хэсэг байгуулан, нээлттэй тендерийг зарлан, өнгөрөгч долдугаар сарын 7-ний өдөр тендерийн бичиг баримтаа батлуулан, тэр өдөртөө тендерээ зарлаад дөнгөж сая наймдугаар сарын 7-ны өдөр тендерээ нээсэн. 2023 оны наймдугаар сарын 18-нд шалгарсан хэвлэлийн компаниудтайгаа гэрээгээ байгуулан, есдүгээр сарын 18-нд сурах бичгүүдээ хүлээн авахаар ажиллаж байна. Бид оройтсон шалтгаанаа аймаг, дүүргийн БШУГ-т албан бичиг илгээн, эцэг эх, багш сурагчдад мэдээлэл хүргүүлэх талаар чиглэл өгсөн.

-Сурах бичгийн хэвлэлтэд улсын төсвөөс хэр хэмжээний хөрөнгө зарцуулдаг, мөн түрээсийн эргэлтийн сангаас хэр хэмжээний төсөв зарцуулагдаж байгаа талаар яривал?

-Жил болгон л сурах бичиг хэвлэгддэг, улсын төсвөөс болон түрээсийн эргэлтийн сангаас санхүүжилт хийгдэн хэвлэж байгаа. Түрээсийн эргэлтийн санд 2019 оноос эхлэн төвлөрсөн орлогыг зарцуулах эрхийг 2022 онд өгсөн. Өөрөөр хэлбэл 2022 оноос эхлэн зарцуулж эхэлсэн. Тухайн жилийн санхүүжилтийн хэмжээг Сангийн яамнаас баталж өгдөг. Бид түүндээ тохируулан сурах бичгээ хэвлэдэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн түрээсийн мөнгийг төвлөрүүлэн, тэр мөнгөөр нь хэвлүүлж байна гэж ойлгож болно. Бага ангийн сурагчдын сурах бичигт улсын төсвөөс 2023 онд сурах бичиг хэвлүүлэхэд 1.9 тэрбумыг олгосон. Нэгдүгээр ангийн хувьд Бэлтгэл I, Математик I, Монгол хэл I гэсэн хичээлүүдээс бусад нь долоо хоногт нэг л удаа ордог, дээр нь зурах, тэмдэг, тэмдэглэгээ хийх нь харьцангуй гайгүй тул ЕБС-ийн багш нар, номын санчдын хүсэлтээр энэ жилийн хэвлэлтэд дээрх 3 төрлийн сурах бичиг хэвлэнэ. Тиймээс энэ жил I ангийн долоон нэрийн сурах бичгээс дөрвийг нь дахин хэвлэхээр болсон. Бид Үндэсний статистикийн хорооноос гаргасан зургаан настны тоонд үндэслэн I ангийн сурах бичгийн хэвлэх тоогоо төлөвлөдөг. Энэ жил улс орон даяар 73 мянга 899 хүүхэд нэгдүгээр ангид орж байна. Түгээлтдээ хүүхдүүдийн шилжилт хөдөлгөөнийг бодолцон бага зэрэг илүү тараадаг. Нийтдээ I-V ангийн 32 нэрийн сурах бичиг хэвлүүлж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд V, VI ангийн Англи хэлний хичээл Person тусгай хөтөлбөрөөр хичээллэх тул бид хэвлээгүй.

-Энэ жилийн хувьд тодорхой шалтгааны улмаас хэвлэлтийн тендер хойшилсон гэдгээ та дээр хэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэдэн компани танайхаас зарласан тендерт шалгараад байгаа вэ, энэ талаар тодруулбал?

-Нээлттэй тендер зарлагдсан тул тухайн тендерийн дүрэм, журам, болзлыг биелүүлсэн компаниуд л шалгардаг. Энэ жил манай зарласан тендерийн нэг онцлог нь сурах бичгүүдээ багц болгосонд оршино. Нийт 11 багцад, найман компани санал ирүүлсэн. Бага анги нь I-V багц, ахлах анги нь I-VI гэсэн багц бөгөөд XI, XII ангийг VI багцад багтаасан. Бага ангийн I, V багцыг Мөнхийн үсэг ХХК, II, III, IV багцыг Сэлэнгэ Пресс ХХК хэвлэхээр шалгарсан. Ахлах ангийн VI ангийн багцыг Мөнхийн үсэг ХХК, VII ангийн багцыг Битпресс ХХК, VIII ангийн багцыг Улаанбаатар принт ХХК, IX ангийн багцыг Соёмбо принтинг ХХК, X ангийн багцыг Адмон принт ХХК, XI, XII ангийн багцыг Сод пресс ХХК тус тус хэвлэхээр шалгарсан байгаа. Бага ангийн 32 нэрийн 659 мянган ширхэг, ахлах ангийн 816 мянга 800 ширхэг сурах бичиг хэвлэгдэхээр болсон.

-Жил бүр л хүүхдүүдийн сурах бичиг хүрэлцэхгүй байна, түрээслэж үзэхээр худалдаж авснаас үнэтэй тусч байна гэсэн яриа гардаг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Хэдийгээр бид боломжоороо хэвлэж байгаа ч 100 хувь хүрэлцдэггүй нь үнэн. 2019 оноос хойш хэвлэсэн сурах бичгүүдээ давхар ашиглах чиглэл өгсөн. Энэ хугацаанд хэвлэсэн сурах бичгийнхээ тоог харвал 80-аад хувийн хангалттай байгаа. Гэсэн ч номын элэгдэл хорогдол, эдэлгээнээс хамаарч ашиглагдахгүй болох, зарим нэг хүүхдүүд зарж үрэх гээд тоо нь цөөрсөн шалтгаанууд байдаг. Түрээсийн сурах бичгийн хувьд ашигласан жилээсээ хамаараад нэг жилийн хугацаанд хамгийн бага нь 15 мянган төгрөг төлж байгаа. Харин хамгийн дээд үнэ нь 21 мянга байгаа. Худалдаж авахаас үнэтэй байдаг гэж яагаад ч тийм зүйл байхгүй. БШУны сайдын 2019 оны А/624 дүгээр тушаалаар төлбөрийн хэмжээг баталсан байдаг. 2022 онд түрээсийн эргэлтийн сангийн 3.7 тэрбум төгрөгөөр ахлах ангийн сурагчдын /VIXII ангийн сурагчдын/ сурах бичгийг хэвлэсэн, тухайн жил хэвлэсэн сурах бичгийг ашиглана гэж тооцоход зөвхөн 23 хувийг л хангах сурах бичиг хэвлэсэн байдаг. Эндээс харахад түрээсийн эргэлтийн сангийн мөнгөөр хангалттай хэвлэж чадахгүй гэдэг нь харагдаж байгаа байх. Энэ жил ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 2.4 тэрбум төгрөгөөр хэвлүүлж байгаа, Тэгэхээр нөгөө хангах хувь буурч л харагдаж байна. 2019 онд маш сайн хэвлэж хангасан тул түүнийг тооцож харахад сурах бичгийн хангалт 85 хувь болж байгаа.

-Түрүү жилүүдэд хэвлэгдсэн номыг энэ жил хэвлэгдсэн шинэ номтой хольж хэрэглэхээр багш, сурагчдад бэрхшээл тулгарах юм биш үү?

-Өнөөдрийн байдлаар манай ЕБСиуд 2013 онд батлагдсан хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Энэ маань арван жилийн давтамжтай байдаг. Энэ оноос ерөнхийдөө хөтөлбөрт өөрчлөлт орно гэсэн байгаа. Гэхдээ өөрчилнө гээд л шууд өөрчилчихдөг юм биш ээ. Юу нэмж, юу хасах вэ талаар эхлээд үзэл баримтлалаа батлуулж, үе шаттай өөрчлөгдөнө. Эхлээд бага ангийн хичээлийн хөтөлбөрийн өөрчлөлт яригдаж байна. Ер нь өөрчлөлт сайжруулалт гэдэг маань туршиж байж тодорхой хугацаанд хийгддэг ажил. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2019 онд сурах бичгүүдэд сайжруулалт хийгдсэн, жил бүр шинээр хэвлэгдэх сурах бичгүүд өмнөх жилд хэвлэгдсэн эх, загвараар хэвлэдэг. Тиймээс номын хэвлэлтийн жилээс шалтгаалсан бэрхшээл багш сурагчдад тулгарахгүй. Салбарын сайдын өгсөн чиглэлийн дагуу 2023 онд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сурах бичигт буй цэг таслал, үг үсгийн алдааг засаж сайжруулах төсөл хэрэгжүүлж, ажлын хэсэг ажилласан.. Тэгэхээр энэ жилийн хэвлэлтэд тэр үр дүн гарах бөгөөд агуулгын хувьд өөрчлөлт гарахгүй, өмнөх жилийн хэвлэлттэй адилхан.

-Сурах бичгийн түгээлтийг яаж хийдэг вэ?

-Маш их асуудал дагуулдаг асуудал бол түгээлт. Өмнөх жилүүдэд хэвлэлийн компаниуд хэвлэчихээд, түгээлтээ давхар хийдэг байсан. Бид хэвлэдэг болохоос түгээдэг газар биш, түгээмээргүй байна аа гэдэг саналаа бидэнд хэлдэг байсан. Тиймээс энэ жилээс эхлэн бид тээвэрлэлтийн зардлаа тусад нь аваад одоо тендерээ шалгаруулах гэж байна. Урьд нь тээвэрлэлт их эрсдэлтэй байдаг байсан. Тухайлбал, тэд өөрсдийн машинаар тээвэрлэдэггүй, Нарантууд захаас унаанд дайж явуулдаг байсан. Зам зууртаа ямар нэгэн асуудал гарвал хэн хариуцах вэ гээд их хэцүү, эрсдэлтэй байлаа. Тиймээс энэ жилээс эхлэн тээвэрлэлтийн асуудалд санаа зовохооргүй болсон. Тээврийн тендерт шалгарсан түгээлтийн компаниуд сум сумд нь, сургуульд нь хүргэж өгөхөөр байгаа. Тиймийн тул 463 сая төгрөгийг төсөвлөсөн байгаа. Тээвэрлэлт тусдаа болсон болохоор хэвлэлтийн компаниуд ч их баяртай байгаа.

-Хувийн сургуулиуд бүртгүүлэхээр ирж буй сурагчиддаа сурах бичиг шахдаг. Ийм гомдол жил бүр л гардаг. Сая нэг сургууль бүр 400 мянган төгрөгийн ном шахаж байна гэсэн гомдлыг эцэг эх нь хэлж байв. Үүн дээр танай байгууллагын зүгээс ямар нэгэн хяналт шалгалт тавьдаг эсэх, мөн хичээл эхлэхээр багш нар нь тус тусдаа гарын авлага гаргаад зардаг тохиолдлууд гардаг. Үүнд танай байгууллагын зүгээс яаж ханддаг вэ?

-Ер нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа улсын ч бай, хувийн ч бай ЕБС-д суралцагч нь нэг стандарт, хөтөлбөрөөр хичээлээ үзэх ёстой. Гэхдээ хувийн сургуулиуд өөрийнхөө сургалтын онцлогт тохирсон агуулга бүхий гарын авлагуудыг сурагчиддаа тарааж байхыг үгүйсгэхгүй. Хэрэв энэ нь сургалтын агуулгаас зөрүүтэй, эцэг эх танд таалагдахгүй бол уг сургуулийн тусгай зөвшөөрөл авсан газарт нь гомдол гарган шалгуулж болно шүү дээ. Тэгэхээс манай байгууллагаас хянах, шалгах асуудал байхгүй. Сургууль эхлэнгүүт мөн л багш нар гарын авлага зараад байна гэх яриа гардаг. Гэхдээ тэр гарын авлага нь нэмэлтээр хүүхдүүдэд мэдээлэл олгоход ач холбогдолтой гэж л гаргадаг байх. Би гэхдээ энэ тухай нарийн сайн мэдэхгүй байна. Үүнийг ч бид хянах, хориглох боломжгүй. Тухайн гарын авлагыг гаргасан багшийн маань өөрийн нэр ус тодорхой байгаа тул та өөрт нь хандах боломжтой. БШУЯ сурах бичгээ хянаж, ашиглах, хэвлэх зөвшөөрөл өгдөг бөгөөд багш нарын гарын авлага боловсруулалтад зөвшөөрөл өгдөггүй. Гарын авлага ашиглахад асуудал гарвал хууль, дүрмийн дагуу дээд байгууллагад болон манай байгууллагын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотод аудитын газарт санал хүсэлтээ өгөх бүрэн боломж иргэдэд бий. Үүнтэй уялдан хүүхдүүдийн цүнх сав хүндэрдэг тал бий. Үүнд эцэг эхчүүд их бухимддаг л даа.

-Харин тиймээ, ер нь хүүхдийн цүнхний хүндийн хэмжээнд стандарт байдаг байх, энэ талаар тодруулбал?

-Бага ангид 6-9 нэрийн сурах бичиг ашигладаг. Бид бага ангийн сурах бичгийг жинлэж үзсэн. Тухайн сурагч тухайн өдөр бүх сурах бичгээ авч явлаа гэж тооцоход 800гр болж байсан. Ер нь бага ангийн сурах бичиг Математик, Монгол хэлнээс бусад нь цөөн хэвлэлийн хуудастай буюу нимгэн байдаг. Математик, Монгол хэл арай зузаавтар байдаг хэдий ч хэвлэлийн цаас нь сүүлийн үеийн технологийн цаасаар хэвлэдэг учраас маш хөнгөн. Ахлах ангийн хувьд 12-17 нэрийн 100 гаруй нэрийн сурах бичиг байдаг. Жин нь дунджаар бүгдийг цүнхэнд хийнэ гэж тооцоход 3,8 кг байсан. Ахлах ангийн хүүхдүүд бүх сурах бичгээ цүнхэлж явдаггүй, хичээлийн хуваариа ялгадаг болохоор арай өөр. Иймд бага ангийн хүүхдийн эцэг эх хүүхдийнхээ хичээлийг ялгаж байх хэрэгтэй. Бүх сурах бичгээ цүнхэлж явах шаардлагагүй.