ТӨВ АЙМГИЙНХАН ТҮҮХТ ОЙГООРОО ТҮВШИН САЙХАН НААДЛАА

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

    Энэ жилийн хувьд улсын их баяр наадмаар нэлээд хэдэн аймаг, сумдын 100 жилийн ой тохиож байна. Түүний нэг нь миний төрж өссөн Төв сайхан нутаг юм. Нараар наадаж, хураар аргадсан наадмын өглөө наадамчин олон үндэсний хувцсаараа ижилсэн гоёж, уяан дээр шандаст хурдан хүлэг эргэцэж, хүчит бөхчүүд наадмын талбайдаа өрж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорих эрийн гурван наадам, Монголын гал голомт Түшээтхан аймаг, Богдхан уулын аймгийн түүхэн үргэлжлэл Төв сайхан нутаг, Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоо өнгөрөгч долдугаар сарын 27-29 өдрүүдэд бахдалтайгаар түвшин сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Төв аймгийн баяр наадам хуучин цагийн Яармагийн дэнжид болдог улсын наадмыг санагдуулам түм түжигнэж, бум бужигнан өргөн дэлгэр сайхан болсныг нэн тэргүүнд хэлэх нь зөв байх. Нутагтаа дэвсгэртээ улсын нийслэл Улаанбаатараа багтаасан, түүнээс хагас зуун километрийн зайд аймгийн төв маань оршдог тул 100 жилийн уур амьсгалыг мэдрэх хүсэлтэй хэн бүхэн очих боломжтойгоороо хамгийн онцлог юм. Тэр хэрээрээ ч баяр наадмын өдрүүдэд нисэхийн тойргоос эхлээд л автшомашины түгжрэл ид шидээ үзүүлж байв. Ямартаа ч тэр их түгжрэлийг туулсаар аймгийн төвийн зүүн хойд дэнжээр даваад ороход л хүн, машин, асар майхан, өргөө гэрүүд өнгө алаглан өөрийн эрхгүй огшоож байлаа. Хэдийгээр очих зай ойрхон ч тэр бүр аймгийн төврүүгээ очоод байддаггүй юм байна. 100 жилийн түүхэн ой олон хүнийг наашаа ирүүлж, аймгийн хөгжил цэцэглэлтийг харуулсан гэж бодож байна. Бас ч үгүй нүд баясгах бүтээн байгуулалтууд хийгджээ, хийгдэж. Миний хувьд хамгийн их таалагдсан нэг бүтээн байгуулалт бол “Өв соёлын өргөө” гэх аймгийнхаа зүүн урд байрлах цогцолбор байлаа.

Тэнд монгол цомцог гэрээр гол бүтээн байгуулалтаа хийж, эргэн тойронд нь харц булаахуйц ногоон байгууламжийг бий болгож тохижуулж өгсөн нь жинхэнэ энэ цагийн хэллэгээр бол “эко бүтээн байгуулалт” болжээ. Наадам дууссан ч аймгийн иргэд тэнд очиж чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой, сайхан цогцолбортой боллоо гэдгийг зөрсөн иргэн бүр хэлж байсан гэхэд хилсдэхгүй байх. Наадмын нээлтийг Монгол туургатан театрын найруулагч Ц. Батнайрамдал найруулж хүргэсэн бөгөөд түүхэн он цагийн хэлхээсийг орчин үеийн урлагтай хослуулан харуулсан юм. Тэр нь ч учиртай байж, академич түүхч С.Чулуун зохиолыг нь бичсэн аж. Нээлтийн ажиллагаанд 760 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцжээ. Юуны тулд урлаг соёлын алдартнууд, нэрт яруу найрагчдын өлгий нутаг билээ дээ. Харин ч нэг тэднээрээ бахархсаар нээлтээ үзэж суусан шүү, иргэд маань. Нөгөөтэйгүүр бас нэг хэлэх зүйл нь наадамчдад үйлчлэх үйлчилгээг сайн зохион байгуулсан гэдэг нь харагдаж байсан. Тухайлбал, нийтийн хоолны үйлчилгээ, орчин, амт шимт, аюулгүй байдал гээд. Хорхог, шорлог, хуушуурны амт чанарт наадамчид ам сайтай байсан юм. Үнэхээр л хоолныхоо чанарт анхаарал тавихгүй бол тэр их халуунд хүний эрүүл мэнд, амь насны асуудал ч яригдана гэдгийг холбогдох төрийн байгууллагууд нь сайн анхаарч ажилласныг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Мөн Төв аймагчууд бидний омогшил, ондоошил, аугаа их соёл болсон эрийн гурван наадмын зуун жилийн түүхийг өгүүлэх “Зуунаар өртөөлсөн уухай”, “Төв түмний эрийн гурван наадам, спортын алдартнууд”, “Богд Дүнжингаравын бөхчүүд” номууд баярын өмнөх өдөр нээлтээ хийсэн. Уг бүтээлүүдэд Төв сайхан нутгаас төрсөн эрдэмт уяачид, удамт хурдан хүлгүүд, алдар цуугаа мандуулсан хүчит бөхчүүд, Үндэсний сурын харваа болон Шагайн харвааны мэргэчүүд, жороо морьд, Тив, дэлхий болон Олимпын их наадамд улсын нэрийг цуурайтуулсан Хөдөлмөрийн баатрууд, дасгалжуулагчид, их спортын амжилтаараа манлайлсан гавьяат тамирчдын талаар өгүүлжээ. Манай аймгийн спортын алдартнууд энэ номоор хязгаарлагдах бус шинэ зууны, шинэ тамирчдын үлгэр дууриал болон өвлөн уламжлагдаж, тэдний амжилт бүтээлийн үндэс болох нь гарцаагүй биз ээ. 

-Баярын хурлын арга хэмжээг нээж Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн үг хэлсэн бол аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Төв аймагчуудын түүхэн гавьяа, хөгжлийн үнэ цэнэ” сэдвээр илтгэл тавьж, аймгийн түүхэн хөгжил хийгээд өнөөгийн хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл хүргэсэн. Түүний илтгэлээс хүргэж байна.

Засаг дарга Д.Мөнхбаатар: Хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг болон хөгжиж түүхт 100 жилийн ойтойгоо золгож байна

Та бидний төрөлх сайхан нутаг Төв аймаг бол Монголын гал голомтыг түшиж ирсэн Түшээт хан аймгийн түүхийн үргэлжлэл, улсын хөгжлийн төв бүс нутаг билээ. “Монголын үндэсний хувьсгалыг бэлтгэж явуулах бүхий л үйл явцыг Түшээт хан аймгийн харьяатууд голлон удирдсан бөгөөд Түр Засгийн газрын анхны бүрэлдэхүүн, ардын засгийн анхны долоо гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн эрхмүүдийн зургаа нь Түшээт ханыхан байжээ. Мөн 20-р зууны томоохон хувьсгалууд Төв аймгийн нутаг дэвсгэрт өрнөж, Төв аймгаас төр, нийгмийн зүтгэлтнүүд олноороо төрөн гарсан байна. Энэ бол Төв аймаг Монгол төрийн гал голомт болж, нийгэм, улс төрийн бүхий л үйл явцад голлох үүрэг гүйцэтгэж ирснийг гэрчилж байна” гэж эрдэмтэн судлаачид дүгнэн бичсэн байна Монгол Улсын ууган 4 аймаг байгуулагдаж, Түшээт хан аймаг, Богдхан уулын аймаг, Төв аймаг болон хөгжсөн түүхийн он цагийн дараалал бүрт бид улсын эдийн засгийн гол салбар болсон мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн хөгжлийг манлайлж, улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үүргээ тасралтгүй нэр төртэй хэрэгжүүлж, хүнс үйлдвэрлэгч, экспортлогч улс болох Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх түшиц бүс нутаг, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг болон хөгжиж түүхт 100 ойтойгоо золгож байна. Атрын I, II, Ш аянуудад Төв аймагчууд манлайлан оролцож, газар тариалангийн салбарын тогтвортой хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. ДНБүтээгдэхүүн үйлдвэрлэл 2023 онд 925,4 тэрбум төгрөгт хүрч 90 жилийн түүхэн ой тэмдэглэж байсан 2013 оны түвшнээс 4 дахин өсөж, аймгийн эдийн засагт аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарын эзлэх хувийн жин нэмэгдэж, эрчимжсэн аж ахуйнууд, мал амьтны гаралтай түүхий эд, газар тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүд байгуулагдаж байна.

Түүхэн 100 жилийн хугацаанд Төв аймагчуудын дундаас:

  • Улсын баатар 3,
  • Хөдөлмөрийн бааар 65 ,
  • Ардын жүжигчин 20,
  • Ардын цолтон 32,
  • Гавьяат цолтон 317,
  • Улсын аварга тариаланч болон тариаланч хамт олон нийт 283,
  • Улсын аварга малчин 209 төрөн гарсан байна.

Мөн Төв аймагчуудаас Чингис хаан одонгоор 2, төрийн шагналаар 31 эрхэм шагнагдаж, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 26 медаль хүртсэн байна. 

Төв аймаг төрийн наадмын 14 түрүү, 13 үзүүрийг авсан хүчтэнүүдийн өлгий нутаг Бөхийн барилдаан нь үндэсний баяр наадмын гол хэсэг юм.

Төв аймгаас Ардын төрийн 3 аварга тэргүүтэй 65 улсын цолтой бөх төрөн гарсан, төрийн наадмын 14 түрүү, 13 үзүүрийг авсан хүчтэнүүдийн өлгий нутаг билээ. Даншиг наадмын аварга, арслангууд олноороо төрж, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн, Ардын хувьсгалын баяр наадмын түүхэнд хоёр Дархан аварга төрсөн цорын ганц аймаг хэвээр байна. Түүхт 100 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх зодоглосон. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат, Дархан аварга, Монгол Улсын гавьяат тамирчин А.Сүхбат, Улсын арслан Б.Орхонбаяр, Жудо бөхийн азийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, Улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Даваабаатар, Улсын өсөр идэр начин Ж.Отгонбаяр, Ч.Батчулуун, Улсын начин Д.Хүдэрбулга, Э.Ууганбаяр тэргүүтэй хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдсан. Бөхийн барилдаан сонирхолтой, өрсөлдөөнтэй болж Улсын начин Д.Хүдэрбулга түрүүлж, Улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ. Баяр наадмын их шөвгийн дөрөвт Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын начин Г.Ганжад нар шалгарсан юм. 

Ардын төрийн баяр наадмын 296 түрүү, 1232 айргийг хүртсэн томоохон амжилтын эзэд юм, манай аймгийнхан

Түүнчлэн Ардын хувьсгалын ойн их баяр цэнгэл наадамд уясан хурдан хүлгүүдээ түрүү, айрагт хурдлуулсан амжилттай Тод манлай уяач 17, Манлай уяач 24, Алдарт уяач 49 төрөн гарсан бөгөөд Ардын төрийн баяр наадмын 296 түрүү, 1232 айргийг хүртсэн томоохон амжилтын эзэд юм, манай аймгийнхан. Төв аймгийн 100н жилийн наадамд уралдсан морьдын бай шагналын тухайд

  • 6-10-д хурдалсан моринд 3,000,000сая,
  • 11-20-д хурдалсан моринд 1,500,000 сая,
  • 21-30-д хурдалсан моринд 1,000,000 сая,
  • 31-50-д хурдалсан моринд 500,000
  • 51-100-д хурдалсан моринд 100,000 төгрөгөөр тус тус байлжээ.

Энэ ньуяачдын бүтэн жилийн хүч, хөдөлмөрийг жигд үнэлсэн сайхан шийдвэр гэдэгт иргэд баяртай байсан юм. Ямар шагнал өгөх нь тухайн аймгийн баяр зохион байгуулагчдын мэдэх хэрэг ч гэлээ зөвхөн түрүүлсэнд нь том машин өгчихөөд, бусдыг нь хүүхэд хуурч байгаа юм шиг байдаг үзэгдлийг анхаарах нь зөв болов уу. Үүнд манай аймаг жишиг, жим гаргаж өгч буй нь сайшаалтай. 

Үндэсний сурын харваа өрсөлдөөнтэй боллоо

Эрийн гурван наадмын нэг төрөл болох үндэсний сурын харваа ихээхэн өрсөлдөөнтэй болж эрэгтэйчүүдээс Дунговь аймгийн Адаацаг сумын уугуул, Төв аймаг Хүмүүн цогцолбор сургууль, Зуун мэргэн холбооны харваач, аймгийн мэргэн Лхагваагийн Батболд 39 оноогоор тэргүүлсэн. Харин Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Орхон аймгийн Онцгой байдлын газрын харваач, Спортын мастер, аймгийн гоц харваач Батбаярын Мягмарсүрэн 37 оноогоор дэд байр эзэлж, аймгийн Гарамгай мэргэн цол хүртлээ. Харин эмэгтэйчүүдээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, “Жахрайн мэргэд” сурын холбоо, “Ихэр бүрд” ХХК-ний харваач, аймгийн мэргэн, спортын мастер, Ж.Норжмаа 38 оноогоор тэргүүн байр эзэлсэн. Дэд байрыг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, Үндэсний сурын “Ган зэв” багийн харваач, спортын дэд мастер Пүрэвдоржтын Сумъяасүрэн 37 оноогоор эзэлж, аймгийн Гарамгай мэргэн харваач цолны болзол хангалаа. /Сурын харвааны зураг оруулах/ Төв аймгийнхан түүхт ойгоо сайхан тэмдэглэж, түмэн олноо баясгасан бөх, харваач, уяачдынхаа хөдөлмөрийг жигд үнэлэн, урамшуулсан нь бас нэг сайн жишиг болж үлдэн, бусад аймаг сумд санаа авмаар сайхан ажил болж гэдгийг эцэст нь онцлон хэлэх байна.

                                                                               

                                                                                             ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН