“ТӨВ АЙМГИЙН ТҮҮХ” ГУРВАН БОТЬ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Нийгэм, Эдийн засаг

   Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмыг тохиолдуулан Төв аймгаас төрөн гарсан зохиолчид, эрдэмтэн судлаачид хамтын бүтээл “Төв аймгийн түүх” гурван боть номын нээлтийг Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит аймгийн Нийтийн номын санд зохион байгууллаа. 

Уг гурван боть ном нь Төв аймаг нь анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсын үеийн улс төрийн төв байснаас гадна эртний төрт улсуудын түүхэнд холбогдох томоохон хот суурин, булш бунхан, түүхэн дурсгалт газрууд, Монголын эзэнт гүрний үеийн улс төрийн төв буюу голын түмэн, 17 дугаар зууны зуунаас Халхын гурван аймгийн төв Түшээт хан аймгийн гол хошуудаас бүрдэж, 20 дугаар зууны эхэнд Монгол оронд өрнөсөн түүхт их хоёр хувьсгал 1911, 1921 онуудын үйл хэргийг манлайлан удирдаж байсан төв нутгийнхний түүхэн үйл хэргийг судалгааны үндсэн дээр тулгуурлан нэгтгэсэн бүтээл бөгөөд Монгол улсын нийслэлийг тойрон оршиж байгаа онцлог, ирээдүйд хөгжих боломжтойг илэрхийлж ийнхүү түүхт 100 жилийн ойн босгон дээр олноо толилуулж байна. Номын Ерөнхий редактороор Академич С.Чулуун ажилласан бол Тэргүүн ботийн зохиогчоор аймгийн Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд, II боть болох “Хөгжлийн түүчээ Төв аймаг” номын зохиогчоор Нацагдоржийн нэрэмжит шагналт, МЗЭ-ийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэрэндоо, III боть болох “Зууныг бүтээсэн Төв аймгийнхан” номын зохиогчоор Болор цомын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нар ажилласан байна.