ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДЫН СУРГУУЛЬ

Нийгэм, Эдийн засаг

ДУГААРЫН СУРВАЛЖИЛГА

Э.БАТ-ЭРДЭНЭ

   “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны 20 дахь удаагийн олон улсын сургууль Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхлээд багагүй хоногийг өнгөрөөжээ. Энэ жилийн тухайд 26 орны 1100 алба хаагч тус сургуульд оролцож байгаа юм. Дашрамд дурдахад Бүгд Найрамдах Лаос Ард Улс болон Бүгд Найрамдах Турк Улс анх удаа цэргээ илгээсэн.

Америкийн нэгдсэн улстай хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд өнгөрсөн хугацаанд дэлхийн 67 улсын 18 мянга гаруй цэргийн алба хаагч оролцсон байна. Тус сургууль нь оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг ач холбогдолтой. “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь командштабын болон салаадын хээрийн сургууль, чадавхыг нэмэгдүүлэх сургалт гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна.

Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны бүтцийн нэг болох цагдаагийн бүрэлдэхүүний төлөөлөл оролцож буй бөгөөд тэдгээр төлөөлөл нь өмнө нь БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цагдаагийн алба хаагч нар юм. Мөн олон улсын “Улаан загалмай” нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож байна. Улс орон бүр алба хаагчдаа бодит цагийн байдалд дадлагажуулахын тулд зохиомол улс, хотын захирагч, цэргийн захирагч, эмч зэрэг дүрд хувирч байгаа бөгөөд бусад оролцогч НҮБын хүмүүнлэгийн байгууллага болон ТББ-ын дүрийг бүтээж байгаа юм. Түүнчлэн гар хийцийн тэсэрч дэлбэрэх төхөөрөмжөөс хамгаалах, түүний эсрэг арга хэмжээ авах талаар мэргэшсэн олон улсын багш нар хамтран ажиллаж байна.

Салаадын хээрийн сургуулийн хувьд хичээлийн есөн цэгт НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүсдэг бодит цагийн байдалд дүйцүүлэн хичээл сургуулиа зохион байгуулж байгаа юм. Гурав дахь хичээл болох чадавхыг нэмэгдүүлэх сургалт зөвхөн Америк болон Монгол Улсын цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Энэ жилийн сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Мөнх-Ирээдүй, сургуулийн штабын даргаар Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн Энхийг дэмжих ажиллагааны Сургалтын төвийн дарга, дэд хурандаа Н.Гантулга нар ажиллаж байна. “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг зохион байгуулж эхэлсний 20 жил, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг илгээж Ирак болон Афганистаны дайны дараах сэргээн босголт, аюулгүй байдлын төлөө хувь нэмрээ оруулсны 20 жилийн ой давхцаж байгаагаараа онцлогтой. Бүс нутагтаа томоохонд тооцогдох “Хааны эрэлд” сургууль бодлого, төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэх мянга мянган чадварлаг энхийг сахиулагчийг ийнхүү сургаж бэлтгэж байна. Манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 2002 оноос хойш 21 мянга гаруй цэргийн алба хаагчаа дэлхийн гурван тивд энхийг дэмжих 20 ажиллагаанд оролцуулаад байгаа юм.

Өнгөрсөн жил НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор бүс нутагтаа анх удаа эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулсан.

Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр “Энэ жилийн “Хааны эрэлд” энхийг дэмжих олон улсын сургууль уламжлал ёсоор өргөн хүрээтэй эхэллээ. Есөн орны арван салаа оролцож байна. Энэхүү сургуулийн зорилго дэлхийн энх тайвныг сахиулахад энхийг сахиулагчдын үүрэг, оролцоо, чадавхийг нэмэгдүүлэхэд оршино. Монгол Улс Тавантолгой дахь энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвд 19 дэх удаагаа буюу давхардсан тоогоор 18 мянган алба хаагч оролцсон сургалтыг зохион байгуулжээ. Цар тахлын жилүүдэд сургуульд оролцох улс орон, алба хаагчдын тоо буурсан байсан боловч энэ жилээс өсөн нэмэгдэж цар хүрээ тэлж байна. Сургалт гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Түүний нэг нь төлөвлөлт, команд штабын сургууль юм. Үүнд стратеги, тактик боловсруулах түвшний цэргийн мэргэжлийн офицерүүд, энхийн сахиулах ажиллагаанд оролцсон туршлагатай алба хаагчдын багаас бүрдсэн бүлгүүд хамтран ажиллаж онолын түвшинд төлөвлөлт хийнэ. Түүнчлэн үлдсэн 10 хоногийн хугацаанд үндсэн бүрэлдэхүүн Тавантолгойн сургалтын төвд нэгдсэн сургалт, дадлагыг практикт хийх юм. “Хааны эрэлд” сургуулийг олон улсын хамтын ажиллагаа болон дэлхийн энх тайвны үйл хэрэгт цэрэг нэг бүрийн үүрэг оролцоог тодотгож өгөх, эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд бэлтгэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар зохион байгуулахаар зорьж байна. Энхийг эрхэмлэсэн манай улсын гадаад бодлогод “Хааны эрэлд” олон улсын сургууль нь томоохон байр суурийг эзэлж, эвийн хүч, найрсаг харилцаа, дипломат аргаар энх тайвныг сахин хамгаалах дуу хоолойгоо даян дэлхийд түгээхийн зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, манай улсын цэргийн алба хаагчдын төдийгүй дэлхийн олон орны энхийг сахиулагчдын мэдлэг, ур чадвар, дадлага, туршлагыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм” гэдгийг тус сургуулийн нээлтийн үеэр онцолсон юм.

Ийнхүү энэ удаагийн дугаарын сурвалжилгаараа тус “Хааны эрэлд” олон улсын сургуульд оролцож буй орон орны цэргүүд онолын түвшинд олж авсан мэдлэгээ хэрхэн практик дээр хэрэгжүүлж байгаатай танилцсанаа хүргэе. Улаанбаатар хотоос зорин очсон бидний хэдэн сэтгүүлчдэд “Хааны эрэлд” сургуулийн үйл ажиллагаа болоод дээр дурдсан командштабын болон салаадын хээрийн сургууль, чадавхыг нэмэгдүүлэх сургалт гэсэн үндсэн гурван хэсэг, хээрийн сургуулийн хичээлийн есөн цэгийн талаар танилцуулсан юм.

Үүний дараагаар цагийн хуваарийн дагуу цэргүүдийн өдрийн хоолны цаг таарч цэргүүд түр амс хийхээр сууцгаав.

Энэ үеэр “Хааны эрэлд 2023” сургуулийн хүнсний офицероор томилогдон ажиллаж буй дэслэгч Н.Марал цэргүүдийн хоол хүнсний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийтдээ 26 орны мянга гаруй алба хаагчдад өдрийн гурван удаа сонголттой хоолоор үйлчилж байгаа. Үүнээс онцлоход Турк, Непал улсын хувьд цагаан хоолтон цэргүүд ирсэн учир тухайн хоол хүнсээр нь үйлчлэхийн зэрэгцээ орон орны цэргүүдийн онцлогт тааруулсан хоолоор ханган ажиллахыг зорьж байна. Манай албаны хувьд 20 жилийн туршлагатай хамт олон томилогдон ажиллаж байгаа гэдгийг энд хэлэхэд таатай байна. Мөн энэ арвин туршлагатай хамт олны нэг хэсэг болон ажиллаж байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна” гэлээ.

Ийнхүү цэргүүдийн өдрийн хоолны цаг дуусаж өөр өөрсдийн оноогдсон хээрийн сургуулийн хичээлийн есөн цэг рүүгээ хөдөлцгөөв. Бид ч тэдний хээрийн сургуулийн хичээлийг харахаар араас нь мордлоо. Сургалтын төвийн зүүн талд хээрийн сургалтдаа гарсан эхний салаа нь Катар улсын цэргүүд байв. Тэдний энэ өдөр үзэх хичээл бол газарт нуусан гар хийцийн тэсрэх төхөөрөмжийг илрүүлэх юм.

Энэхүү дадлага хичээлийн талаар монгол талаас оролцож байгаа багш, ахлах ахлагч Д.Нямдаваа ярихдаа “Улс болгон өөрсдийн онцлог чанаруудтай учраас хичээлд оролцох идэвх харилцан адилгүй байдаг. Цэг бүр дээр багш нар байгаа миний хариуцсан цэг дээр яг ямар хичээл орж байгаа вэ гэвэл. Гар хийцийн тэсрэх төхөөрөмжийг, байлдааны газарт илрүүлж хэрхэн аюулгүй болгох, нүдээр харж таних, яаж тодотгох, тэмдэглэх зэргийг цэргүүдэд олон улсын багш нарын хамтаар зааж байна” гэв.

Энхийг сахиулагчдын цуваа үүргээ гүйцэтгэх явцад тухайн орон нутгийн иргэдийн байгуулсан албан ёсны бус шалган нэвтрүүлэх цэгийг дайран өнгөрөх шаардлага тулгардаг аж. Тус цэгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр нэвтэрдэг бол зарим тохиолдолд энхийг сахиулагчдаас хэт их зүйлийг шаарддаг байна. Жишээ нь цуваанд яваа аль нэг хуягт машин болон их хэмжээний бэлэн мөнгө өгөхийг шаарддаг гэв. Мэдээж энхийг сахиулагчдын зүгээс аль болох эвийн хэлэлцээрээр тохиролцохыг илүүд үздэг бол зарим үед зайлшгүй гал нээх тохиолдлууд ч гардаг байна.

Энэ талаар хээрийн дадлагын багш ахлах ахлагч О.Пүрэвдорж хэлэхдээ “Цувааны хамгаалалт хичээлийн дадлага яг одоо явагдаж байна. Америкийн нэгдсэн улсын цэргийн салаа өглөө авсан онолын мэдлэгээ бататган хээрийн дадлагадаа гарсан байна. Тухайн энхийг сахиулах ажиллагааны газарт түгээмэл тохиолддог хууль бус шалган нэвтрүүлэх цэгт, тус орон нутгийн хууль бус зэвсэгт бүлэглэлүүд цувааны хөдөлгөөнд саад учруулах тэднээс татвар авах зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Энэ хичээлийн гол зүйл нь энэ хууль бус шалган нэвтрүүлэхийг хэрхэн давах, тохиролцох уу эс тохиролцох уу гэдгийг дадлагаар хийж гүйцэтгэж байгаа юм” хэмээв.

Мөн цуваа эдгээр хууль бус шалган нэвтрүүлэх цэгүүдийг нэвтрэн зорьсон газартаа очих хүртлээ. Гэнэтийн халдлага, отолтод ордог гэдгийг хээрийн дадлагын багш нар хэлж байсан юм. Хэдий энэ бүгд хээрийн дадлага ч гэлээ яг л тухайн орчин нөхцөлийг бүрдүүлж байгааг хараад сэтгүүлч миний дотор энхийг сахиулагчдаараа бахархах, өмнөөс эмээх, айх мэдрэмж төрж байсан гэдгийг энд бичих нь зөв биз ээ.

Үргэлжлүүлэн бидний дараагийн очсон цэгийг хошууч Б.Цолмонцэцэг танилцуулав. Тэрбээр “Бидний зогсож байгаа энэ цэг нь байлдааны талбарт шархданг татан гаргах ажиллагааны цэг юм. Өнөөдрийн хувьд Солонгос улсын салаа энэ цэг дээр дадлагад гарч байна. Энэ цэгт байлдааны галын шугаман дээр шархданг татан гаргаж, аюулгүй газарт авчирсны дараа эмнэлгийн бус нөхцөлд өөртөө болон нөхөртөө хэрхэн анхны тусламжийг цаг алдалгүй хүргэхийг цэргүүдэд зааж байгаа юм. Манай багш нарын багт Монгол, Америк, Солонгосын есөн багш дээр нь нэгдүгээр шатны эмнэлгийн долоон багш ажиллаж байна. Миний хувьд “Хааны эрэлд” олон улсын сургуульд анхны жилдээ багшаар ажиллаж байна тиймдээ ч сэтгэгдэл маш өндөр байгаа. Америк, Солонгосын багш нараас маш их туршлага хуримтлуулж, байгаа нь олзуурхууштай зүйл болж байна” гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Хээрийн дадлагын дараагаар Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн жагсаалын талбайд олс таталтын тэмцээн боллоо. Тус тэмцээнд 12 орны баг тамирчид оролцож, хурд хүчээ сорьсноос тэргүүн байрт АНУ-ын цэргийн баг, дэд байрт Монгол Улсын цэргийн баг, гутгаар байрт Япон Улсын цэргийн баг тус тус шалгарлаа. Спорт тэмцээн нь хамтын ажиллагааг бэхжүүлэх, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, нөхөрлөлийг батжуулахад чухал үүрэгтэй юм. “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль үндсэн сургалт бэлтгэлийн зэрэгцээ орон орны цэргийн алба хаагчид үндэсний урлаг соёлоо сурталчилж, спортоор өрсөлддөг уламжлалтай. Энэ жилийн хувьд спортын хэд хэдэн төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд үүний нэг нь багийн ажиллагааг бэхжүүлдэг олс таталтын тэмцээн байв.

Энэ хүрээд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд явагдаж байгаа “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны нэг өдөр хэрхэн өнгөрч байгаатай танилцсан нэгэн өдөр энэ хүрээд өндөрлөв. Ийнхүү богц дүүрэн мэдээгээ сэтгүүлч миний бие уншигч танд хүргэхээр Нийслэл хот руу яаран хүлгийн жолоо заллаа.