Ц.Болормаа: Усны шүүлтүүр ашиглах гэж байгаа бол эхлээд усаа шинжлүүлэх хэрэгтэй

Нийгэм, Эдийн засаг

Э.БАТ-ЭРДЭНЭ

   Ус сувгийн удирдах газрын харьяа Усны төв лабораторийн химич-чанарын менежер Ц.Болормаатай нийслэлчүүдийн өдөр тутамдаа хэрэглэдэг ундны усны шинжилгээ болон тус байгууллагын үйл ажиллагааны талаар ярилцлаа.

-Байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулбал?

-Манай байгууллага нийслэлийн нийт хүн амд түгээж буй ундны усанд хяналт тавих үндсэн үйл ажиллагаатай ажилдаг. Мөн бохир ус цэвэрлэх байгууламжуудын технологийн шат дамжлагууд, үйлдвэр аж ахуйн газруудаас гарч байгаа хаягдал усанд шинжилгээ хийдэг. Жилдээ цэвэр усны таван мянга, бохир усны хоёр мянга гаруй дээжийг шинжилдэг. Ундны усны хувьд 1030 цэгээс дээж авдаг бол, бохир усны 400-600 гаруй цэгээс сорьц авч шинжилгээ хийдэг. Эдгээр шинжилгээнүүдийг нэг өдөрт хийх боломжгүй учраас тодорхой давтамж төлөвлөгөө хуваарь гарган өдөр, сар, жилд хэдэн дээж авч шинжлэх вэ гэдгээ тодорхойлоод түүнийхээ дагуу ажилдаг. Монгол Улсын үндэсний ундны усны чанарын стандарт гэж байдаг. Түүнд нийслэлчүүдийн маань хэрэглэж байгаа ус нийцэж байгаа эсэх дээр байнга хяналт тавьдаг.

-Танай байгууллагад ажиллах боловсон хүчний нөөц бололцоо, ур чадвар ямар байдаг вэ?

-Манай усны төв лаборатори нийт 24 ажилтантай. Үүнээс үндсэн шинжилгээг найман химич, хоёр бактерилогич хийдэг. Боловсон хүчний тухайд гэвэл манай байгууллага жилээс жилд сургалтынхаа тоог нэмж тогтмол зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл ажилтнуудаа чадавхжуулахад ихээхэн анхаардаг. Дээр нь нэмж хэлэхэд манай байгууллагад ажиллаж байгаа хүмүүс маш тогтвортой суурьшилтай урт хугацаанд ажилдаг. Жишээ нь миний бие 2002 онд уг байгууллагад ажилд орсон одоо 20 гаруй жил ажиллаж байна.

-Лабораторийн хувьд жилийн аль улиралд илүү ачаалалтай ажилдаг вэ?

-Манай лабораторийн хувьд аль ч үед харьцангуй ачаалал ихтэй байдаг. Яагаад гэхээр бусад лабораториуд жилд шинжлэх дээжийн хэмжээ 300 гэж ярьдаг. Тэгэхэд манай лаборатори сард 300 дээж шинжилдэг. Яг манай лаборатори шиг дан ганц усыг жилд таван мянган тонныг шинжилдэг лаборатори одоогоор байхгүй. Үүнээс харахад манай химич, бактерилогич нар маань өдөр бүр хийдэг ажилдаа маш сайн гаршсан гэдэг нь бусад лабораториудын дүнтэй харьцуулахад маш тодорхой харагддаг.

-Ундны усны чанарт танай лаборатори шинжилгээг өдөр тутам хийдэг гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Ус бол хамгийн их хяналттай хүнсний бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Монгол Улсын төвлөрсөн шугам сүлжээний ус стандартын шаардлага бүрэн хангаж байгаа нь өнөөдрийн мэдээнээс ч харагдаж байна. Нийслэлчүүд өндөр хяналтын шинжилгээгээр орсон цэвэр ус хэрэглэж байна гэсэн үг.

-Ундны усны шинжилгээний дүнг иргэд мэдэх боломжтой юу?

Боломжтой. Бид графикийн дагуу машинаар явж, өдөр бүр дээжээ авчирна. Шинжилгээний үр дүнг өдөр бүр мэдээлдэг. Усны чанарын хяналтын мэдээллийг манай байгууллагын www.usug. ub.gov.mn сайтаас харж болно. Бидний ундаалж буй ус хэт цэнгэг усны бүлэгт ордог, эрдэсжилт багатай зөөлөн ус. Усанд нян, эрсдэл үүсэхээс сэргийлж ундны усыг хлороор халдваргүйжүүлдэг. Бидний ууж буй ус Монгол Улсын стандартыг бүрэн хангаж байна.

-Танайхаас тухайн усанд хийсэн шинжилгээний хариу олон улсад хүлээн зөвшөөрөгддөг үү?

-Манай байгууллага Үндэсний итгэмжлэлд хамрагдсан. Энэ нь юу гэхээр “Үндэсний итгэмжлэлийн төв”-өөс манайх итгэмжлэлээ авсан. Үндэсний итгэмжлэлийн төв өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн учраас манайх ч бас хүлээн зөвшөөрөгдсөн. Аль улсын итгэмжлэгдсэн лаборатори MNS 17025 стандартын шаардлагыг ханган ажиллаж байвал дэлхий дахинд нэг стандартаар ажиллаж байгаа гэсэн үг. Дээр нь нэмж хэлэхэд манай лабораториос гарсан үр дүн зөвхөн ур чадвар дээр тулгуурлан гардаг. Түрүүн хэлсэнчлэн олон улсын ур чадварын сорилтуудад манайх жилд 1-2 удаа оролцдог. Энэ жилийн хувьд бид хүсэлтээ явуулсан энэ сарын сүүлчээр цаанаас явуулсан дээж дээр шинжилгээгээ хийнэ. Тэгэхээр энэ олон улсын сорилтод оролцоод үр дүн маань сайн гарч байна гэдэг нь бид олон улсын түвшинд шинжилж чадаж байгаа гэдгийг харуулж байгаа юм. Нөгөөтээгүүр шинжилгээний аргачлалууд маань олон улсын стандартад ихэнх нь нийцсэн байдаг. Ялангуяа бохир усанд дийлэнх нь олон улсын ISO стандартыг хэрэглэдэг. Тиймээс олон улсад хийж байгаа стандартаар бид шинжилгээгээ хийдэг.

-Хувь хүн иргэн өөрийн хүсэлтээр хэрэглэж байгаа ундын усаа шинжлүүлэхээр танайд хандах боломжтой юу. Хэрэв боломжтой бол үнэ ханшны хувьд ямар байдаг вэ?

-Иргэн хүсэлтээ гаргаад шинжлүүлэх боломжтой. УСУГ дотоодын хяналтын лаборатори, манай байгууллага давтамжтай жилд таван мянган дээж шинжилдэг болохоор нийслэлийн хүн амд түгээж байгаа ундны усны чанарт илүү төвлөрдөг. Орлогын төлөө ажиллахыг уртал болгодоггүй. Гэхдээ хэрэглэгчийн хүсэлтийн дагуу шинжилгээ хийнэ тэр нь тодорхой хэмжээний төлбөртэй. Газрын даргын тушаалаар гаргасан төлбөрч үйлчилгээний тариф гэж байдаг түүнийхээ дагуу шинжилгээгээ хийнэ. Төлбөрийн хувьд 150- 250 мянган төгрөгийн ханштай байна. Тухайн иргэн манай лабораторид шинжилгээ хийлгэх хүсэлтээ нэг цэгийн үйлчилгээнд эхлээд гаргана. Тэрхүү хүсэлтийг УСУГ хүлээн авсан тохиолдолд манай байгууллага тус дээжид шинжилгээ хийдэг. Түүнээс биш хүсэлт гаргаагүй иргэн манай лаборатори дээр ирээд шинжилгээ хийлгэх боломжгүй.

-Танай лаборатори тоног төхөөрөмжүүдийнхээ шинэчлэл, засвар сэлбэгийг хэрхэн хангаж ажилладаг вэ?

-Тоног төхөөрөмж бүр өөр өөрийн насжилт эдэлгээ даах чадамжтай байдаг. Тийм ч утгаараа багаж, тоног төхөөрөмжөө бид үйл ажиллагаа нь хэвийн байгаа эсэхийг тогтмол үзлэг шалгалт хийдэг. Хэдий ашиглалтын хугацаа хэтэрсэн ч тухайн дээжид хийсэн шинжилгээний үр дүн зөв алдалгүй зааж байвал тэр багаж, төхөөрөмжийг заавал шинэчилж солих шаардлагагүй гэж үзэн сэлбэг хэрэгслийг нь тогтмол сольдог. Мөн аль нэг тоног төхөөрөмжид эвдрэл, доголдол үүссэн тохиолдолд зориулалтын сэлбэг хэрэгслийг цаг алдалгүй сольж, жил бүр эрсдэлээс сэргийлж тоног төхөөрөмжийн сэлбэг худалдан авалт хийдэг.

-Сүүлийн үед иргэд ундны усны шүүлтүүрийг түгээмэл ашиглах болсон. Нийслэлийн ундны усыг заавал шүүж хэрэглэх шаардлага хэр байдаг вэ?

-Мэдээж шүүлтүүр ашиглах нь иргэдийн эрх. Гэхдээ ямар төрлийн шүүлтүүрийг сонгож хэрэглэх тал дээр бага зэргийн мэдээлэл дутмаг байгаа харагддаг. Хэрвээ та шүүлтүүр хэрэглэх гэж байгаа бол шүүлтүүр хийхээс өмнө болон дараагийн усаа шинжлүүлээд түүний хариу дүгнэлтийг харж байж шүүлтүүр хэрэглэх эсэхээ шийдээрээ гэж зөвлөмөөр байна. Иргэдийн түгээмэл гаргадаг нэг алдаа нь сургаар хэн нэгний сайн гэж хэлсэн шүүлтүүрийг таарах, таарахгүй хамаагүй хэрэглэдэг. Энэ нь эцэстээ таны эрүүл мэндэд нөлөөлж таны биед байх ёстой зарим нэг эрдсийн дутагдалд оруулах ч тохиолдол гардаг. Манай байгууллагын зүгээс аль болох шүүлтүүр хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Мөн та шүүлтүүр ашиглаж байгаа бол ашиглалтын зааврыг ягштал дагаж мөрдөх ёстой. Шүүлтүүрт мэдээж даац гэж байгаа тэр нь хэтэрсэн тохиолдолд өмнө шүүж хуримтлуулсан зүйлсээ шахаж эхэлдэг. Тэрнээс үүдэн иргэд усаа бохирдсон гэдгийг мэдэлгүй ундандаа хэрэглэдэг. Манайд шинжилгээнд ирсэн шүүлтүүрээр орсон усны дээжийг шинжлэхэд гурван янз байсан. Эхнийх нь шүүлтүүрээр дамжсан атлаа тухайн ус ямар ч шүүгдсэн гэдэг зүйл байдаггүй. Ихэнх шүүлтүүрүүд хатуулаг буюу кальци, магни шүүсэн байдаг өөрөөр хэлбэл зөөлрүүлсэн гэсэн үг.

 

                                                                                     ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН