Үндэсний итгэмжлэгдсэн лабораториор зочлохуй

Нийгэм, Эдийн засаг

     Нийслэлчүүдийн ундны усны чанар, аюулгүй байдлыг шинжилж, хяналт тавьдаг Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийг мэдэхгүй хүн тун цөөн билээ. Гаднаас нь харвал гурван давхар шар байр харагдавч угтаа бол B1 давхраа оруулаад дөрвөн давхар байр юм. Энэ удаагийн дугаарын сурвалжилгаараа тус газрын үйл ажиллагаатай танилцах том завшаан олдсон юм. Үүдээр нь ороход хамгийн түрүүнд тааралдсан хаалга бол нийслэлчүүд та бидний хэрэглэж буй ундны усны дээж хүлээн авах өрөө гэдэг нь тод харагдана. Цаашилбал давхар бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэй тусгайлан тоноглогдсон техник хэрэгсэлтэй байх нь тэр.

Ингээд биднийг Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн химич, чанарын менежер Ц.Болормаа хүлээн авч лабораторийн бүтэц зохион байгуулалт, ажилчдынхаа тухай товч танилцуулсан юм.

Тэрбээр “Манай лаборатори өмнө нь усны чанарт 20-25 төрлийн шинжилгээ хийдэг байсан бол одоо орчин үеийн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосноор 50 гаруй төрлийн шинжилгээ хийх боломж бүрдсэн. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах II төслийн хүрээнд цэвэр, бохир усны чанарт хяналт тавьдаг дотоод хяналтын хоёр лабораторийг тоног төхөөрөмж, чадамж, бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор нэгтгэн орчин үеийн өндөр мэдрэмжит багаж, тоног төхөөрөмжөөр тоноглон, байгууллага өөрийн хөрөнгөөр иж бүрэн тохижуулж 2009 оны арваннэгдүгээр сараас “Усны төв лаборатори” нэртэйгээр дотоод хяналтын лаборатори болгон зохион байгуулсан нь Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх томоохон лаборатори болсон. Америк, Автсрали, Герман, Итали, Япон, Солонгос, Хятад, Сингапур, Швед, Швейцар зэрэг Ази, Европын улс орнуудад үйлдвэрлэсэн 150 гаруй дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийж байна. Гүний худаг, усан сан, насос станц, ус түгээх байр, усны машин, хэрэглэгч зэрэг 1030 цэгийн усны чанарт химийн шинжилгээ хийдэг” гэдгийг танилцуулгынхаа эхэнд онцолсон юм. Тус лабораторийн Ундны усны химийн болон нян судлалын хэсэг нь эх үүсвэрийн гүний худаг, усан сан, насос станц, ус түгээх байр, усны машин, хэрэглэгч зэрэг 1030 гаруй цэгийн усны чанарт химийн шинжилгээ хийдэг аж. Харин Бохир усны химийн болон нян судлалын хэсэг нь цэвэрлэх байгууламжуудад ирж буй ус болон цэвэрлээд байгальд нийлүүлж буй усны чанарт химийн, макро болон микро 40-50 төрлийн элементийг шинжилдэг бөгөөд нян судлалын таван үзүүлэлтээр батлагдсан төлөвлөгөө, давтамжийн дагуу хяналт тавин ажиллаж байна.

Ингээд тус лабораторийн химич, бактерилогичид өөр өөрсдийн өдөр тутмын ажлаа танилцуулсныг хүргэе.

/химич/ Ө.Анхтуяа: ICPOS гэх энэ багажаар усны элементүүдийг тодорхойлдог. Усан дахь макро болон микро элементүүдийг тодорхойлдог одоогоор 23 элемент тодорхойлж байна. Анх 2009 оноос хойш энэ багажийг хэрэглэж эхэлсэн өдгөө 14 дэх жилдээ үүргээ гүйцэтгэж байгаа. Дээр хэлсэн 23 элементийг ундны болон бохир усны мөн лаганаас тодорхойлдог. Макро элемент гэдэг дээр хүмүүсийн сайн мэддэг усанд өндөр агууламжтай байдаг кальци, магни, кадмий, төмөр гэх мэтчилэн. Микро элементэд нь усанд маш бага агуулагддаг зэс, хар тугалга, хүнцэл, цайр зэрэг эдгээр элементийг тодорхойлдог.

/химич/ Ц.Оюунгэрэл: Манай цэвэр усны лаборатори өдөрт 20-40, сард 400-500, жилд 4500 орчим сорьцод химийн 5-20 үзүүлэлтээр өдөр тутам хяналт тавин ажилладаг. Ундны усанд хамгийн түрүүнд стетик гэж үзүүлэлтийг хардаг. Энэ нь ямар үзүүлэлт вэ гэхээр усны өнгө, үнэр, амтыг тодорхойлдог. Физик үзүүлэлтэд нь усны цахилгаан дамжуулах чанар, усны орчин багтдаг. Химийн үзүүлэлтэд нь хатуулаг, кальци, голлох зургаан ион гэх мэтчилэн 20 гаруй үзүүлэлтээр өдөр тутмын хяналт тавин ажилладаг. Мөн тухайн иргэний хүсэлтээр сорьцод нь шинжилгээ хийдэг.

/химич, судалгааны ажилтан/ Х.Соёл-Эрдэнэ: Усны төв лабораторийн бохир усанд шинжилгээ хийдэг хэсэг нь цэвэрлэх байгууламжуудад ирж байгаа бохир ус, цэвэрлэгдээд гарч буй ус дээр нь улаанбаатар хотын бүх үйлдвэр аж ахуйн газруудын хаягдал усанд хяналт тавьдаг. Энэ хэсэг дээр өдөрт 20 гаруй үзүүлэлтээр тогтмол шинжилгээ хийдэг. Тухайлбал бохир усны хэсэг дээр хамгийн чухал үзүүлэлт болох химийн хэрэгцээт хүчил төрөгчийг “Buchi K-437” гэсэн багажаар хэмждэг. Энэ багаж нь нэг дор 20 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай. Цэвэрлэх байгууламж төвлөрсөн шугам руу шилжүүлж байгаа бохир усыг цэвэрлэхдээ 4943:2015 гэдэг стандартын дагуу байгальд хаях ёстой. Одоогоор цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийн түвшин 75-80 хувьтай байгаа.

/бактерилогич/ Б.Золзаяа: Нян судлалын лабораторийн хэсэг маань олон улсын багаж, тоног төхөөрөмжөөр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шинжилгээг сорьцод олон улсын болон үндэсний стандартын арга аргачлалын дагуу өдөрт 25-30 дээжид шинжилгээ хийж гүйцэтгэдэг. Нян судлал нь цэвэр усны таван үзүүлэлтийг тогтмол хянадаг бол бохир усны долоон үзүүлэлтийг мөн хянадаг. Энэ тасагт маань хоёр бактерилогич, хоёр лабронт тогтмол шинжилгээ хийнэ ажилладаг.

   Нийслэлийн иргэдийн усны чанар, аюулгүй байдлын төлөө бие сэтгэлээ зориулан ажилладаг тус лабораторийн хамт олонд угшинчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Мөн ус сувгийн удирдах газрын хамт олон өөрсдийн хөрөнгө хүчээр хөдөлмөр аюулгүй байдлыг бүрэн хангасан, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Усны төв лабораторийг ашиглалтад оруулсан нь бахархам явдал гэдгийг энд онцольё. Улаанбаатарчууд газрын гүний ус уудаг азтай хүмүүс. Усны төв лаборатори маань усыг шинжлээд, найдвартай ус байна гэж дүгнэсний эцэст түгээж байгаа гэж ойлгож болно. Нийслэлийн хэмжээнд гэр хороолол болон орон сууцны иргэд нийт 150 мянган м/куб усыг ундандаа хэрэглэдэг ажээ. 

 

 

                                                                                                           ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ