Оюутан цэргүүд хээрийн сургалтандаа гарлаа

Нийгэм, Эдийн засаг

Э.БАТ-ЭРДЭНЭ

    Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн үүдэнд нэг гартаа цацал, нөгөө цагаан сүү барьсан аав, ээжүүд хэн нэгнийг үдэн гаргахаар цугласан байв. Учир явдлыг танихаар тус сургуулийн хашаагаар ороход арав арваараа эгнэн жагсах биеийн тамирын хувцастай залуус харагдлаа. Тэд энэ жилийн оюутан цэрэгт амжилттай хамрагдаж хээрийн сургалтандаа гарах гэж байгаа оюутнууд юм.

Өдгөө оюутан цэрэг хөтөлбөр найм дахь жилдээ хэрэгжиж байна. Монгол Улсын Ерөнхий сайд энэ хавар оюутнуудтай уулзах үеэр залуучуудын гаргаж тавьсан арван асуудлын нэг нь оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлт байсан юм. Холбогдох судалгааг хийж, засгийн газрын шийдвэр гаргаснаар 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн юм. Энэ жилийн оюутан цэрэг хөтөлбөрийн давуу тал нь залуус “И Монголиа” системээр дамжуулан бүртгэлд хамрагдсан. Нийтдээ дөрвөн мянга гаруй оюутан энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан ч Их, дээд сургуулийн I курсийн оюутан байх, Голч дүн 2.8 бас түүнээс дээш байх, Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тэнцсэн байх гэсэн шалгуураар 1500 оюутныг шалгаруулжээ. Шалгарсан оюутнууд хоёр сарын туршид онолын хичээлд хамрагдаад дууссан бол энэ сараас эхлэн хээрийн бэлтгэлд гарна. Хээрийн бэлтгэл мөн хоёр сарын турш үргэлжилнэ. Дадлага сургалтаа дууссан хүүхдүүд тангаргаа өргөөд, цэргийн I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэж авдаг. Өөрөөр хэлбэл цэргийн алба хаасан гэсэн үг юм. Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 6500 орчим цэргийн үүрэгтэн бэлтгэгдсэн байна. Энэ хөтөлбөрт хамрагдаад, их дээд сургуулиа төгссөн залуусын 60 хувь нь төрийн албанд ажиллаж байгаа таатай мэдээг бид дуулсан. Мөн Батлан хамгаалахын болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нар Оюутан цэрэг хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Эдгээр оюутнууд цэргийн албаа хаахаар мордох энэ үеэр Батлан хамгаалахын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж: “Оюутан-цэрэг” сургалтыг анх хэрэгжүүлэхдээ аль болох оюутнуудын хичээлд саад болохгүй байхаар төлөвлөж хэрэгжүүлсэн. Сургалт маань үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд цэргийн ерөнхий бэлтгэл, сургалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд хичээл сургуулийн бусад цагаар буюу амралтын өдрүүдэд явуулсан. Харин цэргийн мэргэжлийн шатны сургалтыг оюутнуудын зуны амралт эхэлсэний дараа буюу зургадугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 15-ны өдрүүдэд ҮБХИС-ийн болон Зэвсэгт хүчний анги, салбарын хээрийн сургалтын төвүүдэд явуулдаг. Энэ жилийн сургалтын онцлог нь “Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг Төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “И Монголиа”-аар бүртгэх, бүртгүүлж байгаа оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голчийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулах, баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг авч сонгон шалгаруулалт хийхээр ЦХХХЯ, БШУЯ-тай хамтран цахим бүртгэлийг явуулсан. Бүртгэлийг цахим болгосноор сургалтын үйл ажиллагаа, мэдээлэл илүү нээлттэй болж бүртгэлийн үйл ажиллагаанд хүний оролцоог халан хардлага, сэрдлэг үгүй болох, хамрагдах хүсэлтэй бүхий л оюутан, суралцагч бүртгэгдэх, БХЯ-наас нэгдсэн тооцоо, судалгааг бүртгэх, мэдээллийн баазтай болох, харьцуулан судалгаа хийх, шаардлагатай мэргэжлээр давуу эрх олгох боломж бүрдэх, суралцагчид бүртгэлийн явц, сургалтын хамрагдалт, хасагдсан шалтгаан зэргийг өөрийн бүртгэлийн дугаараар мэдэх иргэний болон байгууллагын нууцлалыг хангах, олон шат дамжлага бүхий бүртгэл, сонгон шалгаруулах үйл ажиллагааг хялбаршуулах, баталгаажуулах боломжийг бүрдүүлэх давуу талтай” гэлээ.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, хурандаа Г.Мягмаржав: “Оюутан цэргийн алба хааснаар Үндсэн хуульд заасан цэргийн алба хаах дүрэмт үүргээ биелүүлнэ. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуульд суралцангаа цэргийн алба хааж байна гэсэн үг. Оюутнууд хоёр сарын хугацаанд онолын сургалтаа үзсэн. Хээрийн сургалт өглөөний 06:00- 14:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тус сургалтаар 11 төрлийн цэргийн бага мэргэжил эзэмшүүлэх юм. Сургалтыг вакумжуулсан хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд оюутнууд интернэтэд холбогдохгүй, телевиз үзэхгүй. Ингэж суралцах нь хэд хэдэн онцлогтой. Жишээлбэл оюутан цэргийн алба хаасан хүүхдүүд сургалтад ахиц гаргаж байна. Их, дээд сургуульд суралцангаа цэргийн алба хаах боломжтой. Ёс суртахууны төлөвшилтэй болж байгаа. Оюутан цэргийн алба хааснаар илүү хамт олонч болж байгаа юм. Хамт олноор нь сургаж байгаагаараа ач холбогдолтой. Тэнд нэгдсэн журмаар сайн анги, тасаг шалгаруулахаас биш “энэ сайн буудагч” гэж хувь хүнийг үнэлэх асуудал байхгүй. Түүнчлэн оюутан цэргийн алба хааснаараа төрийн албанд орох эрх нээгдэж байгаа юм. Оюутан цэрэг сургалт нь эрчимжсэн сургалтаар цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшүүлэн цэргийн тангараг өргүүлдэг. Тухайлбал, буудагч, цэргийн ариун цэврийн байцаагч, пулемётчин, артиллерийн тооцоочин, артиллерийн хол хэмжигч, химичин-тагнуулчин, сапер инженерийн бага мэргэжилтэн гэх мэт мэргэжил эзэмшүүлнэ. Тухайн оюутан нэгдүгээр дамжаандаа ямар мэргэжлээр суралцаж байгаагаас шалтгаалан дээрх цэргийн мэргэжлийг эзэмшүүлэх юм. Оюутан цэргүүдэд сурч байгаа мэргэжил дээр нь тулгуурлаж цэргийн 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлдэг. Жишээлбэл, тооны ангид суралцаж байгаа оюутнуудад их бууны тооцоочин мэргэжлээр, Анагаахын дээдэд сурч байгаа бол ариун цэврийн байцаагч гэх мэтчилэн тухайн мэргэжилд нь тохирсон мэргэжлийг давхар эзэмшүүлж буйгаар онцлогтой. Оюутан цэрэг хөтөлбөрт өнгөрсөн жил долоон мянган оюутан хүсэлт гаргаснаас 450 оюутныг хамруулсан. Хугацаат цэргийн албан хаагчийн нэг жилийн хугацаанд үзэж байгаа сургалтыг онолын түвшинд хоёр сар, дадлагаар хоёр сар эзэмшүүлэх юм. Аливааг хялбарчилж байгаа юм биш. Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын баталсан цэргийн сургалтын тусгай программаар сургалтыг явуулж буй. Оюутан цэрэг хөтөлбөр нь цэргийн албаны шинэ төрөл болж хэрэгжиж байгаа” хэмээв

МУИС-ийн оюутан Б.Билгүүн: Энэ сургалтын ач тус гэвэл ирээдүйн боловсон хүчнээ төлөвшүүлж байгаа маш том суурь гэж хардаг. Энэ жил Засгийн газраас оюутан цэргийн тоог 1500 болгон нэмэгдүүлж олон залууст боломж олгосонд туйлын их баяртай байна. Бид бүгд хоёр сарын хугацаанд ерөнхий онолын мэдлэгийг авсан. Тухайлбал хээрийн бэлтгэлт гараад ямар бэлтгэл сургуулилалт хийх, зэвсэг хэрэгсэлтэйгээ хэрхэн харьцах зэрэг мэдлэгийг олж авсан. Манай сургуулиас 200 орчим оюутан хамрагдсан.

СЭЗИС-ийн оюутан Д.Мөнхжаргал: Манай өвөө, аав, ах гээд бүгд л цэргийн алба хаасан. Тиймдээ ч манай гэр бүл цэргийн албыг их хүндэлж явдаг. Зуныхаа амралтаар цэргийн алба хаах боломж олдсонд маш их баяртай байгаа. Манай сургуулиас нийт 38 оюутан энэ сургалтад хамрагдсан.

Ийнхүү орон даяар оюутан залуус маань албаа хаахаар мордлоо. Тэд наймдугаар сарын 15-нд Цэргийн тангаргаа өргөнө.