УСНЫ ҮНИЙГ 40 ХУВЬ НЭМЭГДҮҮЛЭХЭД, АЛДАГДАЛ 60 ХУВЬ БУУРНА ГЭСЭН ТООЦОО БИЙ

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

   Ус бол чандмань эрдэнэ. Тиймээс бид усны хэрэглээгээ хянаж, усаа гамнах гэдгийг иргэн бүр ухамсарлавал болох нь тэр. Тиймээс усны талаар иргэдийн ойлголт зарим талаар буруу байдаг. Усны ашиглалт, зардал, ус түгээлт, усны үнэ гэх мэт асуудлаар Ус сувгийн удирдах газрын эдийн засагч Б.Батцэцэг болон горимын тооцооны инженер Р.Атаржаргал нартай ярилцлаа. 

Б.Батцэцэг: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороонд усны үнэ нэмэгдүүлэх саналаа хүргүүлсэн

/Эдийн засагч/

-Эдийн засагчтай уулзаж байгаагийн хувьд нэг зүйлийг сонирхон асуумаар санагдлаа. Тэр нь танай байгууллагын нэг жилд олдог орлогын хэмжээ мөн зарлагын хэмжээ хэд байдаг талаар яриагаа эхэлье?

-Манай байгууллага 24 цаг цэвэр усыг түгээж, гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээг үзүүлэхдээ бид жилд 100 орчим тэрбум төгрөгийн орлого олно, 120 тэрбум төгрөгийн зардал гаргана гэж төлөвлөөд ажиллаж байна. 2023 онд 20 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгаа. Энэ алдагдлын ихэнх хувийг гэр хорооллын хэрэглэгчдийг усаар хангахад гардаг. Мөн урьдчилан цэвэрлэх байгууламж гээд үйлдвэрээс гарч байгаа хаягдал усыг дахин цэвэрлээд, стандартад нийцүүлээд төвийн шугамд нийлүүлдэг энэ ажил алдагдалтай байгаа. Гэр хорооллын хэрэглэгчид өнөөдрийн байдлаар 16.70 мөнгөөр нэг литр усыг хүргээд, хоёр төгрөгөөр борлуулдаг. Үүний зөрүүд 14.70 төгрөгний алдагдалтай ажилладаг. Харин урьдчилан сэргийлэх байгууллага бохир ус цэвэрлээд төвийн шугамд нийлүүлэхдээ найман мянган төгрөгийн зардал гаргаад, үйлчилгээ үзүүлэхдээ гурван мянган төгрөг авч байна, эндээс зөрүү алдагдал таван мянган төгрөгийн алдагдал хүлээдэг. Түүнээс биш төвлөрсөн шугамын үйлчилгээний алдагдал харьцангуй бага байдаг. Өнөөдрийн байдлаар ААН, айл өрх, албан газар гээд 6700 гаруй хэрэглэгчтэй шууд гэрээ байгуулан цэвэр усаар хангаж байна.

-Цэвэр, бохир усны тариф айл өрх, албан газарт хэр ялгавартай байдаг вэ?

-Тиймээ ялгавартай, цэвэр усны арав орчим тариф, бохир усны 11 төрлийн тарифаар үйлчилдэг. Хүн амд тоолууртай, тоолуургүй мөн орон сууцны конторууд, ОСНААУГ/орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар/, Чандмань Налайх болон Налайх дүүргийн хэрэглэгчид, тусгай зөвшөөрөл эзэмшигч 72 орон сууцны контортой гэрээгээр шууд нийлүүлэлт хийхээс гадна усаа бөөний үнэ тарифаар нийлүүлэн ажилладаг. Үүний цаана орон сууцны бүх хэрэглэгч нар тухайн тухайн харъяадагдах орон сууцны конторууд болон тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэйгээ гэрээтэй ажилладаг. Бөөний үнэ тарифын хувьд дунджаар цэвэр усыг нэг метр кубыг 700 төгрөгөөр буюу литрээр тооцвол 0,70 мөнгөөр, бохир усыг 0,50 мөнгөөр татан зайлуулж байна. Хэрэглэгчийн маань 70 хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хувийн орон сууцны конторууд болон ОСНААУГ эзэлдэг. Гэр хороололд ус нэг литр нь хоёр төгрөг. Харин ААН-үүд дотроо чиглэлээрээ өөр өөр байдаг тул тусдаа ангилагдсан тарифтай.

-Танайх 2023 онд 20 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана гэж та хэллээ. Гэр хорооллын ус түгээлт, үйлдвэрээс гарч байгаа усыг цэвэршүүлэх гээд энэ хоёр үйл ажиллагаа алдагдлын ихэнх хувийг бүрдүүлж байна гэсэн. Алдагдлаа бууруулахын тулд ямар ажил төлөвлөсөн бэ, яавал алдагдал буурахаар байна вэ?

-Гэр хорооллын ус түгээлтийн хувьд алдагдлаа бууруулахын тулд шат дараатай ажил зохион байгуулж байна. Эхний ээлжинд Мянганы сорилтын сангийн төслөөр хэрэгжиж байгаа 180 ус түгээх байрыг ус түгээх ухаалаг төхөөрөмж /УТУТ/-тэй болгоно гэж зорьж байна. Үүнээс боловсон хүчний зардлаа хэмнэх боломж үүсч байна. Манай байгууллага 700 орчим ус түгээх байртай, тэнд 700 орчим түгээгч мөн ус зөөврийн ус түгээх байранд ус зөөх автомашин, түүний жолооч, шатахуун гээд зардал өндөр байдаг. Энэ бүхнээс үүдэн зардал өндөр байна. Бид аль болох ус түгээх байраа УТУТ болгохоор зорьсноос өнөөдрийн байдлаар 130 гаруй үс түгээх байр УТУТ болсон байгаа, нэмээд 180 ус түгээх байрыг ухаалаг болгохоор төслийн ажил эхлээд явж байна. Ингэснээр боловсон хүчний зардал хэмнэгдэж гэр хорооллын алдагдал буурна гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр гэр хорооллын зөөврөөр ус түгээж байгаа байруудыг боломжийн хэмжээгээр нь шугамд холбох ажлыг эхлүүлсэн. Харин урьдчилан цэвэрлэх байгууламжийн хувьд 27 үйлдвэрийн бохир усыг “Харгиа” цэвэрлэх үйлдвэрээр цэвэрлээд байгальд нийлүүлдэг. Хэрвээ энэ үйлдвэрүүд хотоос гадагш /Эмээлт рүү/ нүүчихвэл манайхаас гарах зардал хэмнэгдэн алдагдал буурна.

-Усны үнэ нэмэгдүүлэх тухайд яригдаж байгаа зүйл байна уу?

-Байгаа, усны үнэ тарифыг нэг дор ихээр биш, шат дараатай нэмэгдүүлэхээр стратегийн зорилго тавьсан. Жил бүр бага багаар усны үнэ тарифыг нэмэгдүүлнэ. Тухайлбал, 2022 онд усны үнээ нэмэгдүүлсэн ч алдагдлаа бууруулж чадахгүй байна. Учир нь өнөөдрийн байдлаар инфляци өсөөд, бүх өргөн хэрэглээний бараа, шатахуун, цахилгаан гээд үнэ нэмэгдэхээр зардал дагаад өсч байна. Түүнийгээ дагаад манай үйл ажиллагааны зардлууд ч нэмэгдэж байна. Бид усны үнийг 40 хувь нэмэгдүүлээд өгвөл бид харьцангуй алдагдал багатай ажиллахаар байна гээд тарифын саналаа Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороонд хүргүүлсэн байгаа. Энэ асуудлаар хороо маань хуралдан шийдвэрлэдэг. Гэр хорооллын усны үнийг энэ удаад нэмэгдүүлэхгүй. Харин айл өрх болон ААН-үүдийн усны үнэ тарифыг 40 хувь нэмэгдүүлнэ. Энэ тоо өндөр сонсогдож байгаа ч усны маань үнэ өөрөө төгрөгөөр биш мөнгөөр хэмжигдэж байдаг. Тухайлбал, нэг төгрөгний ус 1.40 төгрөг л болох нь. Гэхдээ яг ингээд тогтчихоогүй, бид судалгаа тооцоогоо хийгээд зохицуулах хороондоо хүргүүлсэн. Тэд бидний өгсөн тооцоо судалгааг хянаад, ямар шийдвэр гаргах вэ гэдгээс шалтгаална. Хэрвээ үнийг 40 хувь нэмэгдүүлвэл, алдагдлыг 60 хувь буурна гэж тооцсон. Мөн гэр хорооллын ус түгээлтийн алдагдалд улсаас тотац авч болох эсэх дээр тооцоо судалгаа хийн нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр ажиллаж байна.

-Манай улсын цэвэр усны тарифыг бусад орныхтой харьцуулахад ямар байдаг юм бол?

-Бид харьцуулж үзсэн. Ер нь бол буурай, хөгжингүй, Африкийн орнуудтай ойролцоо тарифтай байдаг. -Улаанбаатар хотод байгаа машин угаах цэгүүдтэй танай байгууллага яаж хамтран ажилладаг, үнэ тариф ямар байдаг талаар яривал? -Машин угаалгын газрууд манай байгууллагатай гэрээгээр хамтран ажилладаг. Тиймээс усны тоолууртай, түүгээрээ л хэмжилтээ хийдэг. Нэг литр цэвэр усны үнэ 2.76 төгрөг, бохир усны үнэ 3.07 төгрөг байгаа. Бид ус бохирдуулагч үйлдвэрийн хэрэглэж байгаа усан дээр үнийг нь 50 хувь нэмэгдүүлэхээр зохицуулах хороонд явуулсан саналдаа тусгасан. Манайхтай гэрээтэй 134 авто угаалгын газар байна.

-Хуримтлагдсан өр авлага байна уу?

-Мэдээж маш их бий, авлагаа барагдуулахаар оны эхнээс л төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Энэ дагуу нэлээд их ажлууд хийдэг. Зарим нэг болж бүтэхгүйг нь шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлэх асуудал их гардаг. Өр авлага нэлээн хуримтлагдсан. Жишээлбэл, хамгийн том хэрэглэгч нарын нэг болох Чандмань-Налайхаас хоёр тэрбум гаруй төгрөгийн авлагатай байна. Манай хуулийн хэлтсийнхэн энэ өр авлага дээр нэлээд их ажилладаг. 

Р.Атаржаргал: Маш цэнгэг болоод эрүүл ахуйн хувьд шаардлага хангасан стандартын тийм л усаар та бүхнийг хангаж байгаа, үүгээрээ ч бид бахархдаг

/Горимын тооцооны инженер/

-Ер нь нийслэл хот маань хэдэн км шугам сүлжээтэй, түүнчлэн нэг хоногт хэдэн метр куб ус хотын сүлжээнд нийлүүлдэг вэ?

-Манай байгууллага улаанбаатар хотын хэмжээнд жилдээ 52-54 сая куб шоо метр ус олборлодог. Сүүлийн жилүүдэд хотын сүлжэээнд нийлүүлж байгаа усны хэмжээ 10-20 мянган метр кубаар нэмэгдэж байгаа. Тогтоогдсон нөөц, суурилуулсан хүчин чадал, хэмжээ маань ч нэмэгдэх төлөвтэй байна. Улаанбаатар хотод усны долоон эх үүсвэр байдаг бөгөөд 24 цаг тасралтгүйгээр усаар хангах, гарсан бохир усыг татан зайлуулах хэвийн үйл ажиллагааг эрхэлж байна. Хотын нийт сүлжээнд 600 гаруй км шугам сүлжээ байдаг, үүгээр хотыг усаар хангаж байна. Хамгийн эхний ээлжинд орсон шугам сүлжээ бол 1959 онд орсон, өнөөдрийг хүртэл ажиллагааны горимд байна. Мөн нэг хоногт 150-170 мянган м3 усыг олборлож, хотын сүлжээнд нийлүүлдэг.

-Зардал бууруулах тал дээр та юу хэлэх вэ?

-Байгууллагаас барьж буй гол бодлого юу гэвэл гэр хорооллын усны хүртээмжээ сайжруулъя гэж байгаа. Улаанбаатар хотын гэр хорооллын хэсэг төвөөсөө хойш нэлээн өндөрлөг газар байгаа болохоор усаа хүргэхийн тулд зайлшгүй гурав болон дөрөвдүгээр өргөлтийн станцууд ажилладаг. Манай ихэнх ус түгээх байрууд ерөнхийдөө өндөрлөг, шугам сүлжээ тавихад нэлээн хүндрэлтэй. Тиймээс тухайн байрлалуудад бид зөөврийн буюу усны машинаар ус хүргэдэг. Энд мөн их хэмжээний зардал гарч байгаа. Цэвэр усны эх үүсвэрүүд маань хотынхоо урд хэсэгт нам дор газар байрладаг бол эсрэгээрээ хэрэглээг нь нэмэгдүүлье, ус хангамжийг нь сайжруулъя гэж төлөвлөж байгаа газар маань өндөрлөг газарт байна. Тэгэхээр бид энэ бүх байруудаа УТУТ болгоод, шугам сүлжээнд холбосон үед л гэр хорооллын ус хангамжийн хүртээмж сайжирна. Түүнтэй уялдаад зардал бууна гэж харж байна.

-Улаанбаатар хот ундны усны хомсдолд ороход ойрхон байна гэсэн яриа их байдаг л даа. Гэтэл бид гүний цэвэр усаараа машин угаагаад байж байна. Тэгвэл саарал усыг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Монгол улсын хэмжээнд саарал усны томъёолсон норм, дүрэм бий. Саарал ус гэдэг нь ахуйгаас гарч байгаа ахуйн бохирдолтой ус юм. Саарал усыг ундны уснаас бусад хэрэгцээнд ашиглахын тулд илүү их хэмжээтэй шугам сүлжээ хэрэгтэй болно. Улаанбаатар хотын хэмжээнд ус, дулаан, цахилгаан, үерийн ус зэрэг инженерийн шугам сүлжээ байгаа, үүнтэй уялдсан саарал усны гэх тодотголтой үндсэн шугам давхар татах хэрэгтэй. Саарал усны асуудал дэлхийн олон улсад яригддаг, манайх ч ярьж байна. Саарал усыг ашиглана гэдэг бол маш том ойлголт. Бид үүнийг ашиглахын тулд тусгай шугам, даралтын станцуудыг бий болгож дахин нэг том цогц инженерийн шугам сүлжээ бий болгох ёстой болно.

-Хэрэглэгчдийн усны үнэ их гарвал ус сувгийн удирдах газар нэмчихлээ л гэж ойлгодог. Гэтэл дунд нь дамжуулж буй орон сууцны контор гэж бий. Танайхаас анх гарсан усны үнэлгээ, хэрэглэсэн усны үнэлгээний хооронд хэр зөрүү гарч байгааг шалгаж, тооцож үзсэн үү?

-Манай тухайд нэгдсэн хангагч байгууллага тул манайхаар дамжин орон сууцны зарим конторууд, СӨХ-оод, ОСНААУГууд усыг хэрэглэгчиддээ түгээж байна. Бид алсын зайн удирдлагатай, алсын зайн уншилттай тоолуур аль болох ихийг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний ээлжинд шууд гэрээтэй зургаан мянга гаруй хэрэглэгчдээ алсын удирдлагатай тоолуураар яаж хангах, түүнийг ашиглалтад оруулснаараа хүндрэл үүсэх үгүйг судлан хэрэгжүүлэхээр төлөвлөн, бодлого гаргасан байгаа. Харин орон сууцны удирдах газруудад нэг цэгээс удирдах тоолуурыг тавьсан. Ус дулаан дамжуулах төврүү орж байгаа шугам дээр манай тоолуурууд байгаа. Тиймээс яг тэр заалтаар тухайн орон сууцны контор болон тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй усны тооцоогоо хийдэг. Мөн давхар хяналтын тоолуур бий. Түүнчлэн ОСНААУГ-тай жилдээ нэг удаа гэрээ дүгнэж уулзалт, хурал хийдэг. Хэрэглэгчид ус халаасан, халуун усны төлбөрийг манай бйагууллагаас авдаг төлбөр гэж ойлгодог. Гэтэл тэр нь дулаан дамжуулахын төлбөр байдаг. Энэ бүхний ялгааг иргэдэд салгаж ойлгуулаач гэдгийг ОСНААУГ-т гэрээ дүгнэхдээ санал болгодог.

-Улаанбаатар хотын хэрэглэгчид шууд крантаа нээгээд шүүлтүүр хэрэглэхгүйгээр цай, хоолоо хийх боломжтой юу?

-Туул голын ай сав газрын хамгийн цэвэр уснаас манай байгууллага олборлоод хотынхоо хэрэглэгчдэд хүргэдэг. Манай хот шиг маг бага хэмжээний халдваргүйжүүлэг хийдэг улс орон дэлхийд цөөн байдаг. Маш гүний цэнгэг усаар хотын сүлжээг хангадаг гэж ойлгож болно. Бид ямар нэгэн байдлаар дээрээс нь илүү, дутуу эрдэс бодис хийдэггүй. Бид олборлож байгаа усандаа 100 хувийн баталгаа өгнө, ямар ч асуудалгүй. Маш цэнгэг болоод эрүүл ахуйн хувьд шаардлага хангасан стандартын тийм л усаар та бүхнийг хангаж байгаа, үүгээрээ ч бид бахархдаг. 

 

                                                                                          ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН