Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оролцогчид Монголын говийн марафонд бэлтгэж байна

Нийгэм, Эдийн засаг

    Дэлхийд алдартай "Дөрвөн цөл" олон улсын ультра-марафон  Монгол Улсад гурав дахь удаагаа энэ сарын 18-нд зохион байгуулагдах гэж байна. Time сэтгүүлээс тус марафоныг хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг хамгийн ихээр шалгадаг уралдаан хэмээн нэрлэж байсан юм. Манай улсад болох гэж буй хэт холын зайн гүйлт нь цар тахлын улмаас  завсарлаж, энэ жилээс үргэлжлүүлэн 40 гаруй орны 110 гаруй оролцогчид оролцохоор бүртгүүлсэн байна.  "Монголд зочлох жил"-ийн хүрээнд энэхүү олон улсын арга хэмжээ болж байгааг зохион байгуулагчид онцолсон юм. 

Олон улсын ультра-марафон нь Өмнөд Америкийн Атакама, Африкийн Сахар, Антарктидын Мөсөн цөл, Азийн говьд зохиогддог олон улсын арга хэмжээ юм. Хамгийн хуурай, хүйтэн, халуун, салхитай газарт тэсвэр тэвчээрийн хязгаарыг шалгаж, долоо хоногт 250 км туулдаг хэт холын 18 дахь удаагийн марафонд оролцогчид Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах Хар бухын балгасаас гараагаа эхлүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин суманд бариандаа орох юм. 

Үндсэн зохион байгуулагч болох RacingThePlanet нь Монгол талаас "Дисковер Монголиа" компанитай хамтран зохион байгуулж байгаа. Тамирчид зөвхөн үүргэвчтэйгээр гүйдэг бөгөөд тэд өдөрт 2.5 литер ус уух нормтой, унтаж амрах гудас мешокоо үүргэвчиндээ авч явдаг. "Дөрвөн цөл" олон улсын ультра-марафон нь дэлхий дахинаа аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болтлоо хөгжсөн.