МОНГОЛ, ХЯТАД, ОРОС ГУРВАН УЛС ХООРОНДЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

Нийгэм, Эдийн засаг

Э.БАТ-ЭРДЭНЭ

  “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагаа ба түншлэл” сэдвийн хүрээнд Монгол, Орос, Хятадын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган Улаанбаатар хотноо боллоо. Чуулганы нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо /ОУХДХ/-ны орлогч дарга Жан Шао Ган, ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Катырин Сергей Николаевич, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон бусад ХАҮТ-уудын удирдлагууд, гурван улсын бизнес эрхлэгчдийн 450 гаруй төлөөлөл оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, илгээлт илгээснийг Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Ирмүүн уламжилсан юм. Энэхүү гурван улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын худалдаа, эдийн засгийн чуулган нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн түүхтэй. Тэгвэл XV чуулган 2019 онд ОХУ-ын Красноярск хотноо болж байсан бөгөөд цар тахлын улмаас түр завсарласан. Ийнхүү XVI чуулган нь цар тахлын дараах гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх чиглэлд зохион байгуулагдаж буйгаараа ихээхэн онцлог юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Улс хоорондын худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь танхим хоорондын хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг, цаашид худалдаа бизнесийн харилцаанд тулгарч буй асуудлын талаар санал солилцож, асуудлыг тодорхойлон тус тусын төр засгийн байгууллагуудад танилцуулж шийдвэрлүүлэх, холбогдох төрийн байгууллагуудыг холбох чиглэлээр танхим хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй”-г илэрхийлээ. Мөн МҮХАҮТ-ын хувьд уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхээр экспортын хилийн доторх, хил дээрх ба хилийн гаднах асуудлыг цогцоор нь харж шийдвэрлэх нь маш чухал байгаа, хөрш орны ХАҮТуудтай энэ чиглэлээр нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг тодотгов. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн байсан ба үүнд БНХАУ-тай хийсэн худалдаа 64 хувийг, ОХУ-тай хийсэн худалдаа 12.7 хувийг эзэлж байна.

ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Катырин Сергей Николаевич “ОХУ болон Монгол Улсын худалдаа, эдийн засгийн харилцааны шинэ боломж нээгдэж, бид урт замын эхэнд байна. Эдийн засгийн “шинэ” нөхцөлд хамтын ажиллагааны илүү цогц хэлбэр, тухайлбал хамтарсан үйлдвэр байгуулах, аж үйлдвэрлэлд шилжих, харилцан ашигтай хөрөнгө оруулалтад анхаарал хандуулах хэрэгтэй. Оросын компаниуд эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэх, барьж байгуулах тал дээр Монголын түншүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах боломжтой. Мөн Монголын тээвэр, логистикийн дэд бүтцийн гол байгууламжуудыг өндөр түвшинд шинэчлэх, хөгжүүлэх, Улаанбаатар хотод орчин үеийн тээвэр, логистикийн нэгдсэн төвийг байгуулах, орчин үеийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, цахим худалдаа, дижитал зах зээлийг хөгжүүлэх, хил дамнасан мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглахчиглэлүүдээр хамтран ажиллах нь маш ирээдүйтэй харагдаж байна” хэмээн онцоллоо. 

БНХАУ-ын ОУХДХ-ны орлогч дарга Жан Шао Ган “Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо нь Хятад, Орос, Монгол гурван талт хамтын ажиллагааг чухалчлан үзэж, хэлэлцээ, худалдаа эдийн засгийн чуулганыг тогтмол зохион байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийн харилцааг бэхжүүлэхийг зорьсоор ирснийг үгийнхээ эхэнд онцлоод худалдааны танхим, худалдааг дэмжих агентлагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх ажлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн стратегийг нэгтгэх боломжийг ашиглах замаар гурван улсын эдийн засаг, худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар тодорхой саналуудыг дэвшүүлэв. Мөн бизнесийн хүрээнийхэн бол эдийн засаг, худалдааны бодит хамтын ажиллагааны гол хүч, шууд ашиг хүртэгчид гэдгийгтодотгоод гурван улсын бизнес эрхлэгчид Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож,уламжлалт худалдааны цар хүрээг өргөжүүлэх, худалдааны арга барилыг шинэчилж, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэхөргөн боломж нээлттэй байгааг цохон тэмдэглэв.

Гурван улсын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх чухал баримт бичиг болох “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийн хүрээнд ХАҮТууд хэрхэн хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын талаар хэлэлцэн, санал солилцож. Хоёр өдрийн турш үргэлжилсэн чуулганы үеэр төр болон хувийн хэвшлийн төлөөлөл Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтаас гадна хөдөө аж ахуй ба экспорт, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр логистик, чөлөөт бүс болон хөрөнгө оруулалт зэрэг дэд сэдвүүдийг хөндөн ярилцаж, мэдээлэл солилцох төдийгүй сайн туршлагаа хуваалцлаа. Мөн дээрх салбаруудын хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, чуулганы хаалтын үеэр холбогдох талууд хамтын ажиллагааны гэрээг үзэглэн баталгаажуулж, шинэ түншлэлийг эхлүүлэв.

Хөдөө аж ахуй, экспорт, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр логистик, чөлөөт бүс болон хөрөнгө оруулалт зэрэг дэд сэдвүүдийг хөндөв

Чуулган Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтаас гадна ХАА ба экспорт, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр логистик, чөлөөт бүс болон хөрөнгө оруулалт зэрэг дэд сэдвүүдийг хөндөн, мэдээлэл солилцож, сайн туршлагуудаа хуваалцав. Дээрх салбаруудын хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг энэ үеэр танилцуулсан юм.

Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүс болон Шинэ Зуун мод хотын төлөвлөлтийн талаар Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол дэлгэрэнгүй танилцуулав. Тэрбээр, “Монгол Улсын эдийн засгийн суурийг тэлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хүрээнд Хөшигийн хөндийн 31 мянган га газарт “Эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэржилт, тээвэр логистикийн бүс бүхий 150 мянган хүн суурьших хот байгуулах”-аар төлөвлөж байна. Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалт өрнөх Хөшигийн хөндий нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Богдхан уулын баруун урд байрлалтай. Шинэ суурьшил нь дэлхийн тэргүүлэх зах зээл болох БНХАУ, ОХУтай төмөр зам болон олон улсын хурдны авто замаар шууд холбогдож, мөн 23 улсын 100 хот руу шууд нислэгээр холбогдоно. “Шинэ сэргэлтийн цэгШинэ Зуун мод” хотын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улсаас хууль эрх зүй болон Олон улсын хэлэлцээрийг үндэслэн татварын болон татварын бус дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бий болгоно. Монгол Улсын Засгийн газраас эхний ээлжийн дэд бүтцийн ажлыг 63 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна.

Энэ нь Засгийн газраас 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй гол бүтээн байгуулалт юм. АХБ-ны үзүүлж буй 100 сая ам.долларын санхүүжүүлэлтээр эхний ээлжийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Мөн Япон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийгдэж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан 500 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх орлогод ногдох албан татварыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөнгөлөх боломжтой.

Шинэ хотын бүтээн байгуулалтын эхний үе шатад Эдийн засгийн чөлөөт бүсийг амралт аялал, жуулчлал, худалдаа үйлчилгээ, соёлын үзвэр үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын санхүүгийн төвтэй хослуулан цогцоор төлөвлөөд байна. Эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх, бизнесийн үйл ажиллагаа явуулахад экспортын татвар, импортын татвар, НӨАТ, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, ажлын байрны төлбөр зэргээс чөлөөлөгдөнө.

Мөн газрыг 60 жил хүртэл хугацаагаар эзэмшүүлж, худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн газрын төлбөрийг эхний таван жилд чөлөөлж, дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлнө. Тээвэр логистикийн бүс нь 400 га талбайд байрших бөгөөд Улаанбаатар хотын төмөр замын терминалуудыг нэгтгэн төвлөрүүлнэ. Хүчин чадлын хувьд 2040 онд жилдээ долоон сая тонн хүртэлх ачаа тээврийг нэвтрүүлдэг агуулах, гаалийн үзлэгийн нэгдсэн цогцолбор байдлаар төлөвлөж хуурай боомт болгон хөгжүүлнэ. Тээвэр логистикийн бүс нь ОХУ-ын хил хүртэл 350 км, БНХАУ-ын хил хүртэл 650 км-н зайнд төлөвлөгдсөн. Мөн 23 улсын 100 хотруу шууд нислэг үйлдэх бүрэн боломжтой юм” гэлээ.

Зам, тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь хамгийн ирээдүйтэй

Гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн чуулганы хоёр дахь өдөр ЗТХЯ, МҮХАҮТ “Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт” сэдвээр тээвэр-логистикийн хөрөнгө оруулалтын чуулганыг үргэлжлэв. Тус чуулганыг Зам тээврийн хөгжлийн яамнаас зохион байгууллаа. Энэхүү чуулганаар “Түншлэл Ирээдүйтэй хөрөнгө оруулалт”, “Хөгжлийн түүчээ-Төмөр зам”, “Хөгжлийн хөтөч-Зам, тээвэр”, “Дэлхийд гарцтай-Агаарын тээвэр” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд ЗТХЯ болон түүний харьяа байгууллагууд, дотоод гадаадын хөрөнгө оруулагчид, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид оролцсон. Мөн “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “3000 вагон худалдан авах гэрээ”, “Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны замын ТЭЗҮ боловсруулах санамж бичиг” зэрэгт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов.

Сэдэвчилсэн чуулга уулзалтыг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нээж хэлэхдээ, “Монгол Улсын төр, засаг тогтвортой хөгжлийн хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого”- оо тодорхойлж, эдийн засгийн цусны эргэлтийг илүү хурдасгах, түүнийг дамжуулах судас болсон дэд бүтцийн хөгжил шийдвэрлэх чухал үүрэгтэйг анхааран ажиллаж байна. Бодлогын энэ хөтөлбөрт боомтын сэргэлтийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхээр тусгасан. Экспортыг өсгөх, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх хамгийн зөв алхам бол тээвэр ложистикийн төвийг олноор байгуулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал юм гэдгийг тодотгоод, энэ хүрээнд бид Ази, Европыг холбосон транзит тээврийг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зам тээврийн салбарт олон ажил төлөвлөсний нэг нь 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд агаарын тээврийн салбарын либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлж, олон улсын зорчигч болон ачаа тээврийн зангилаас бий болгохыг бид зорьж байна.

Энэ хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулж, нисэх дөрвөн буудлыг шинээр зорчигч болон ачаа тээврийн олон улсын боомт болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Бид 3-5 дахь нисэх буудлуудыг Монгол Улсын хойд, өмнөд, зүүн, баруун хэсэгт барьж байгуулна. Энэ ажилд агаарын тээвэрлэгч компаниудыг нээлттэй оролцохыг урьж байна. Энэ оны эхний таван сарын байдлаар Монголд 600 мянга орчим зорчигч агаарын тээврээр зорчжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Агаарын тээврийн либералчлал, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улс энэ онд шинээр арван улстай “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулахаар төлөвлөсний эхлэл болж Катар улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан. Мөн энэ оны хоёрдугаар хагаст Кувейт, АНУ, Унгар, Грек, Их Британи, Испани, Латви зэрэг улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Эдгээр хэлэлцээрийг байгуулснаар дэлхийн агаарын тээврийн гол зангилаа цэгүүд рүү ямар нэгэн хязгаарлалтгүй шууд болон аяллын дугаар хуваан эзэмших журмаар зорчигч үйлчлүүлэгчид хямд бөгөөд ая тухтай нислэг үйлдэх боломж нээгдэж байгаа. Тиймээс манай агаарын тээврийн салбарт олон боломж байгаа юм. Дээрх боломж, зорилтыг хэрэгжүүлэхэд төрөл бүрийн хамтын ажиллагааны хүрээнд гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, харилцан ашигтай ажиллах нь Монгол Улсын тэр дундаа зам тээврийн салбарын гол бодлого төдийгүй бидний үндсэн зарчим байх болно. Тиймээс дэд бүтэц, тэр дундаа зам, тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд хамгийн ирээдүйтэй, хамгийн их үр өгөөжтэй, эрсдэлгүй орчин байж чадна гэдэгт та бүхэн итгэж болно” гэдгийг сайд С.Бямбацогт онцлон хэллээ.

Чуулганаар гарсан санал, шийдвэр

Монгол-Хятад-Оросын ХАҮТуудын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган ийнхүү өндөрлөлөө. Гурван улсын бизнес эрхлэгчдийн зүгээс Монгол Улсын зургаан аж ахуйн нэгж, БНХАУ-ын дөрвөн аж ахуйн нэгж, ОХУ-ын гурван аж ахуйн нэгж өөрсдийн төслөө танилцуулж, бизнес уулзалтуудыг зохион байгууллаа. Чуулганы хүрээнд МҮХАҮТ, орон нутгийн салбар танхимууд Орос, Хятадын холбогдох Танхимууд хооронд хамтран ажиллах 50 гаруй санамж бичиг, Монгол, Хятадын гурван компани гэрээ байгуулан, хамтран ажиллахаар тогтов. Нэгдсэн чуулганд Монгол Улсын төр засгийн байгууллагууд өндөр ач холбогдол өгч ХХААХҮийн сайд Х.Болорчулуун, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нар болон төрийн эрх бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм. Арбитрын шийдвэрийг харилцан хэрэгжүүлэх талаар гурван улсын арбитрын байгууллагуудын төлөөллийн уулзалт зохион байгуулагдаж, гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын байгууллагуудын хоорондын нягт хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гадаад арбитрын бүрэлдэхүүнд тус тусын харъяат арбитрчдыг оруулах талаар хөхиүлэн дэмжих, гурван талт түншлэлийн санамж бичиг байгуулахаар тохирлоо.

Монгол, Хятад, Орос гурван улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн тулд ХАҮТ-ууд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, тус тусын төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэдгийг МҮХАҮТын Ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцлов.

Монгол, Хятад, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын худалдаа, эдийн засгийн XVI чуулганы ТУНХАГ БИЧИГ-т талууд гарын үсэг зурж баталгаажууллаа. Танхимуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэн, гурван улс хоорондын эдийн засаг, худалдааны харилцааг харилцан үр ашигтай, тогтвортой хөгжүүлэх, худалдаан дахь саад тотгорыг бууруулах, бизнес хөрөнгө оруулалтыг дэмжих, танхимуудын чадавхыг хөгжүүлэхийг зорилго болгон дараах зүйлсийг тунхаглав.

- Бизнесийн томоохон төслүүдийг хөрөнгө оруулагчдад сурталчлах, бизнес хөрөнгө оруулалтыг дэмжих хоёр ба гурван талт уулзалт арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулах;

- ОХУ, БНХАУ, Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагддаг эдийн засаг, хөрөнгө оруулалтын арга хэмжээ, түүний дотор ерөнхий болон салбарын онцлогтой олон улсын үзэсгэлэн, конгресс зэрэгт аж ахуйн нэгжүүдийг оролцуулахад дэмжлэг үзүүлэх;

- Баруун, зүүн босоо тэнхлэгийн авто зам ба төмөр зам, хуурай, усан, хилийн боомт, эрчим хүч зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах;

- Гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдэд болон эдийн засгийн коридорын дагуух чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулахад нь хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдэд тал бүрийн дэмжлэг үзүүлэх;

- Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэхэд хамтран ажиллах;

- Гурван улсын худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгор, хязгаарлалтыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, чөлөөтэй болгох зэрэг асуудлаар хамтран ажиллах;

- Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ-ын зах зээлд экспортлох, гуравдагч оронд экспортлоход ОХУ, БНХАУын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх үеийн хяналт, шалгалт, хорио цээрийн шаардлагын асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

- Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд шинэ маршрут гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, шаардлагатай бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах;

- Худалдааг дэмжих олон улсын ба бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох;

- Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд аж ахуйн нэгжүүдийг дэмжих, харилцан туршлагаа солилцох, сайн туршлагыг түгээх;

Ийнхүү гурван улсын ХАҮТуудын Худалдаа, эдийн засгийн XVII чуулга уулзалтыг ирэх жил БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо зохион байгуулахаар тогтлоо.

 

                                                                                   ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН