Төр нь ч, түмэн олон ч мартсан Биокомбинатыг өөд татахгүйгээр эрүүл мал, эрүүл мах гэж ярих хэрэггүй

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

  Их хотын баруун захыг дэрлэн орших Биокомбинат хэмээх жижигхэн сууринг мэдэхгүй хүн ховор. Хатан Туул, Сонгины булан, Шувуун фабрик, цаашлаад Төв аймгийн  Алтанбулаг сум орохоор  давхиж явахад чинь  Морингийн  даваа давмагц    жижигхэн хонхорт  өндөр, өндөр улиасан дундаас   цагийн сайханд ягаан, шаргал  байгаад эдүгээ  хуурч,  саарал ч  юм  шиг  сайн ажиглах аваас  өнгөний ором төдий үлдсэн будагтай дөрвөн давхар обьект харагддаг  шүү дээ.  Зорьж очих хэрэгцээ шаардлага хэн бүхэнд гарахгүй тул нүдний  үзүүрт Биокомбинат  зурсхийгээд л өнгөрөх нь бий.  Харин дулааны улиралд өөр. Үнэр танарт  нь  явуулын нөхдүүд  хамраа сарталзуулж ирээд л   “пүү паа, Биокомбинатыг хотоос гаргавал таарна хэмээн сүйд болно. Үнэн хэрэгтээ  ч тийм орчинд  ажиллаж, амьдардаггүй хүнд эм тарианы эхүүн  дээр   хуйхалсан толгой,  чанасан шөлний  хуршмал, түлэнхий үнэр   холилдоход яаж сайхан байх билээ. Гэвч энд  шинжлэх ухаанд тулгуурласан   үйлдвэрлэл 24 цагийн турш  явагддаг болохыг мэдэх хүн тун цөөн. Тухайн цаг үед үйлдвэрийн энэ байрлал нийслэлээс 30 гаруй км  хол, алс зайдуу  хамгийн оновчтой байрлал  байсан биз ээ.  Эрхэм уншигч авгай та юуны тухай өгүүлэх гэж буйг эрх биш гадарласан буй за.  Үнэнийг өчихөд 100 жилийн түүхтэй энэ байгууллагын босгыг даваад бус хашааных нь үүдээр ороод л хөшиж орхисон.   Бүр “Ээ л дээ, шинэ цагийн Монгол Улсад ийм  шинжлэх ухааны байгууллага байдаг гэж үү. Хашаа хороо, барилга байгууламжийнх  нь царай зүсийг нь ээ, балгас болсон байшин савныхаа үлдэгдлүүдийг  буулгаж,  цэгцэлж болдоггүй юм уу гэж бодогдох.  Ер нь энэ байгууллагад эзэн байна уу  хэмээн уулга алдаж урам хугарсан.  Шулуухан хэлэхэд, чулуун хороо, өндөр өндөр ургасан улиас хоёр л Биокомбинат хэмээх төрийн өмчит шинжлэх ухааны байгууллагыг  хүний нүднээс  нуун далдалж иржээ.  Хаврын салхи  оройноосоо тайрагдаж. Нүцгэрч хорчийсон хөгшин улиас, халцарч  хөгширсөн барилга хоёрын үнэн төрхийг илчилж орхисон нь энэ.  Газраар нэг хөглөрсөн улиасны мөчир дундуур туучсаар Биокомбинат руугаа явж орлоо.  Пүн хийсэн халуун, дээр дурдсан тийм гэхийн аргагүй нял хийсэн үнэртэй орчин угтав.  Үйлдвэрлэл явагдаж буй тул халуун гэж жигтэйхэн. Халуун ууранд өмсч явсан цамц биед наалдаад л. Ёстой хаашаа, юу руу ороод ирэх нь энэ вэ гэх бодол төрнө. Бас эд юу бүтээдэг нөхдүүд вэ гэх сонирхол урагш зулгаана.

 Засгийн газрын цорын ганц өмч

  Биокомбинат хэмээх сүржин нэртэй даржин байгууллага ирэх намар 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэнэ.  Байгууллагын хоёр давхарт  шилэн хорго дахь оюуны бүтээлүүдтэй нь танилцаагүйсэн бол сөнөсөн газар байна гээд л гараад явж мэдэхээр.  Гэтэл Засгийн газрын цорын ганц өмч нь Биокомбинат байвал яах вэ. ТӨБЗГ-ын ямар ч оролцоо байхгүй Засгийн газар дангаараа хувьцаа эзэмшигч нь аж.   Статус нь ч тодорхой, ТӨХХК. Саяхныг хүртэл улсын төсөвт үйлдвэрийн газар, ААТҮГ гэж явж иржээ.  Түүхийн эхэл ухлыг нь хөөх аваас хоёр зууны босго элээн шинэ цагтай золгосон 100 настай  Монгол Улсын  биологийн ганц үйлдвэр.  Барилга байгууламжийн насжилтын тухайд одоогоос 50 жилийн өмнө Унгарын тусламжаар баригдаж, ашиглалтад орж, 1973 оноос  өнөөдрийг хүртэл малын гаралтай эм, биобэлдмэл, оношлуур, хэрэгсэл, импортыг орлох бүтээгдэхүүнийг   дангаараа үйлдвэрлэж ирсэн цорын  ганц үйлдвэр маань.  Социалист нийгмийн үеийн технологи, байр сав, хүний нөөцийн насжилт энэ тэрийн тухайд мөн л хөгширч, тартагтаа тулсан нь ойлгомжтой.  Гэвч Монгол хэмээх улс үндэстэн  оршин тогтнож байгаа юм хойно, мөн дээр нь эдийн засгийнх нь суурь бааз  МАА  тул  малын эм, вакцин үйлдвэрлэлээ явуулахгүй гээд ч яалтай билээ.  Ийм нэг өрөвдмөөр,  бас арай ч дээ хэмээн уулга алдуулж, уур хүргэсэн   үйлдвэртэй танилцаж, гүйцэтгэх захирал  М.Энх-Амартай  уулзав. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард компаний гүйцэтгах захирлаар томилогджээ. Яалт ч үгүй ХАА-н салбарынх, салбараа гадарлах хүний хувьд юу хийхээ бодож төлөвлөж амжсан байх гэх горьдлого зурсхийлээ.  Мань хүн ХХААХҮЯ-нд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга байхдаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлуулж байсныг нь мэдэх учраас тэр.

 Хамт олны яриагаар өмнө нь үйлдвэрээ  аж ахуйн тооцоотой болгож үзсэн ч үйл ажиллагаа нь  илт  доголдсон  тул  улсын төсөвт үйлдвэрийн газар болгоод ч тусыг эс олж.  Захирлын танилцуулснаар, тус био үйлдвэр нь  улсын төсөв, орон нутгийн төсвөөс санхүүждэг, малчдад зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар юм байна.  Био үйлдвэр жилд 40 гаруй нэр  төрлийн 40  сая тун шингэн, хуурай  вакцин үйлдвэрлэхийн зэрэгцээ малынэм бэлдмэл, оношлуур хийдэг аж. Тус үйлдвэрт өнөөдрийн байдлаар 247 хүн ажиллаж байгаа гэнэ.Хажуудаа дулааны станцтай тэр нь  үйлдвэрээ уур, ус дулаанаар хангах үүрэгтэй. Вакцин үйлдвэрлэлийн тухайд 90 гаруй хувьтай яваа бөгөөд 2022-2023 оны үйлдвэрлэлийн ажлаа   зургадугаар сард багтаан  дуусгахаар төлөвлөжээ.  Үйлдвэр цаашид ТӨХХК-ий хэлбэрээр ажиллахын зэрэгцээ  компаний засаглалыг сайжруулах, компани өөрөө орлого олох, техник технологио шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар онцолсон.

Гар аргаар вакцинаа савладаг гэдгийг Ерөнхийлөгч, Ерөнхий  сайд мэдэж байгаа болов уу

 Үйлдвэртэй танилцах явцад хоёр дахь удаагаа  “Ээ л дээ” хэмээн халаглах нь тэр. ХХI зуунд хөл тавиад 23 жил өнгөрч байхад гар аргын технологитой гээд сууж байх ч гэж дээ.  Соц нийгмийн үед БНМАУ-ын Био үйлдвэр ололт амжилтаараа  Азид тэргүүлж байсан юм гэнэ лээ. Тэгвэл эдүгээ технологийнхоо хоцрогдлоор сүүл мушгиж явааг төрийнхний  чихэнд дуулгах байна.  Өмд, цамц бол яах вэ гэхсэн.    Улсын маань  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь “Эрүүл монгол хүн”, “Эрүүл хүнс” төсөл хөтөлбөрийг санаачилан хэрэгжүүлж буй.  Харамсалтай нь хөрсөн дээрээ хэрхэн бууж буйн бодит жишээг  Биокомбинат ТӨХХК буюу био үйлдвэрээс харж болохоор.  Нөгөөтэйгүүр, Монгол Улс  өнгөрсөн жил 70 сая толгой мал тоолуулсан. Хүн амаасаа хэд дахин их малтай ч эдийн засгийн эргэлтэд орж, экспортод гарч, валют болж чаддаггүйн но нь чухам энэ сэдэв  байж мэднэ.  Хаврын хаварт, зуны зунд, намрын намарт хүн, малын гоц халдарт өвчин гарч,  улсын эдийн засагт нэрмээс болдог нь нууц биш. Вакцин бол валют.  Валютын урсгал гадагшаа чиглэх тусам эдийн засаг доройтно. Үүнийг  эрх мэдэлтнүүд гадарлах ч хэн нь ч “Вакцинаа дотооддоо үйлдвэрлэх боломж бололцоо байгаа” гэж  дуугараагүй. Энэ нь чухамдаа вакцины импортод эрх мэдэлтнүүдийн оролцоо, хувийн ашиг сонирхол явдаг юм биш байгаа гэх хардлагыг төрүүлэх нь бий. Үгүй гэх газаргүй. Учир нь манай улс нийт малынхаа дөнгөж  30 гаруйхан хувийг вакцинд хамруулдаг гээд хэлчихвэл та бүү бухимдаарай. Тэгэхээр үлдсэн нь та бидний амны хишиг мэдэх хэрэг болж байгаа биз.  Үүнд хэн буруутай вэ. Малчид уу,  мөнгөндөө харам Засаг ноёд уу. Эсвэл эрүүл малтай байхыг хүсдэггүй, мал нь өвдөж л байвал халаас нь түнтийх эрх мэдэлтнүүд үү.

Үйлдвэрт өгсөн төлөвлөгөө ийн бодоход хүргэж байна.  Үйлдвэрийн хүчин чадал, эдийн засгийн чадавхи, чадамж, ашиг орлогын тухайд үе үеийн сайд, дарга нараас хэн нь  ч  санал санаачилга гаргаагүй нь хачирхалтай. Тэгсэн мөртөө алдар нэр хүртэх болохоороо “би” хэмээгээд суудал дээрээ өндөс өндөс хийсэн байх даа.   Амьсгалах төдий яваа  үйлдвэрт технологийн шинэчлэлийн тухайд  дурдаад ч хэрэггүй.  Бүх зүйл тэртээд одсон 1973 оных хэвээрээ.  Гэтэл мал сүргийн тоо жилээс жилд сая саяараа өсөөд байдаг. Тооноос хамаарч өвчлөлт ч тэр хэрээр нэмэгдэх нь мэдээж.  Гэвч  мал бүрт хийх вакцин хүрэлцэхгүй. Малчид авъя гэж эрэл сурал болоод ч нэмэргүй. Худалдаанд байхгүй юм чинь яалтай.  Үйлдвэр байгаа ч нэмэлт вакцин үйлдвэрлэх,  зах зээлд “Монголд үйлдвэрлэв” гэх шошго бүхий вакцин, эм нийлүүлэх эрх нь  тус үйлдвэрт байхгүй. Ашиг орлогын тухайд бодож ч болохгүй.  Хуулиар  энэ бүхэн хориотой. Тиймээс  төлөвлөгөөгөө биелүүлээд л зургаадугаар сарын 1-ээс амралтын горимд шилжин  сул зогсолтын хэдэн төгрөг нь хэзээ буухыг хүлээн гэртээ суух  учиртай.

Үнэтэй  түүхий эд&шугаман эсийн технологи

 Хөндөх өөр нэг сэдэв бол вакцины түүхий эдийн хангалт.Уг нь  сүржигнэх юмгүй гахайн бөөр, бог малын  нойр булчирхай, хурганы засаа  төдийхөн. Гэвч түүхий эдийг бэлтгэх технологийн цаг хугацаа гэж  бий. Жил ирэх бүрт түүхий эдийн үнэ өссөөр л байна. Үүнийг  хөрөнгө мөнгө төсөвлөдөг нөхдүүд нь ойлгодоггүй бололтой. Дээр нь технологийн хоцрогдол.  Өндөр  хэмийн халуунд хэдэн долоо хоног  нойр хоолоо хасан байж гаргаж авсан 180 мянган литр вакцинаа вакумжсан битүү орчинд шанагаар шанаглаад сууна гэдэг эмгэнэл бус уу.   Хувийн жижиг  хэрчсэн гурил, баншны цех хүртэл автомат савлагчтай  болсон  байхад  Монгол Улсын нэрийн үйлдвэр  гар аргын технологитой хэвээр байгаа нь үнэндээ эмгэнэл шүү. Тэнд нь тэгээд  хүн ажилладаг гэдгийг олж хараагүй дарга нарыг яах вэ. Дээр дурьдсан малын гаралтай бүтээгдэхүүн дээрээ эд эсээ өсгөвөрлөж, үндсэн түүхий эдээ бэлтгэдэг технологитой.  Уг технологийг эсийн хэлбэрт шилжүүлж, шугаман эсийн технологийг нэвтрүүлбэл түүхий эдийн хамаарлаас ангижрах, хүн хүчний нөөцийн асуудлууд  бүрэн шийдэгдэх боломжтой гэнэ. Энэ хоёр ажлыг тусгасан  төсөл хөтөлбөр боловсруулан  ХХААХҮЯ,   ТУЗ-д  танилцуулсан ч улсын төсвийн хөрөнгө оруулалт хүндрэлтэй байгаа тул гэсэн хариу авсан  учраас аргагүйн эрхэнд  олон улсын байгууллагуудад ханджээ. Энэ ажлын ард гарч чадвал  биокомбинатын түүхэнд байгаагүй шинэчлэл болох аж.

 

М.Энх-Амар: Үйлдвэр 5000 л вакцин үйлдвэрлэх боломжтой ч төрийн захиалгаар 2,3 мянган литрийг л үйлдвэрлэж байна. Илүү үйлдвэрлэн зах зээлд нийлүүлх  эрх нь бидэнд алга

/Биокомбинат ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал/

-Та ажлаа  аваад удаагүй  байгаа юм байна. Био үйлдвэрийг сэргээх, технологийн шинэчлэл хийх боломж харагдаж байна уу, танд?

-ШУ-ны байгууллага, яамтайгаа хамтарч хийх улмаар гадаадаас авч байгаа бог малын мялзан, шүлхий, арьс товруутах өвчний  гурван төрлийн вакциныг эх орондоо  үйлдвэрлэх боломж байна уу гэвэл байна.  Манай хамт олонд мэдлэг туршлага, технологи нь ч бий.  Гагцхүү технологийн  шаардлага хангасан стандарт бүхий  үйлдвэр нь л алга.   Өмнөх удирдлагууд   технологи ярьж явахаас илүүтэй   том, том мөнгө ярьж явсаар өнөөдөртэй золгосныг нуугаад яах вэ.   Монгол Улс  цоо  шинэ биологийн, биобэлдмэлийн том үйлдвэртэй болох ёстой.  Энэ бодлого чиглэлийн дагуу бид ажиллаж байна. Нөгөөтэйгүүр, манай үйлдвэр сүүлийн жилүүдэд хүний нөөцийн хомсдолд ороод байгаа. Нарийн мэргэжлийн технологич, эмч, химич, биологич ховордсон. Одоо ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь тэтгэврийн насныхан. Тэтгэвэртээ гарсан ч үйлдвэрийнхээ гуйлтаар  буцаад  ажилдаа орсон хүмүүс. Боловсон хүчнийхээ мэргэжлийг дээшлүүлэх, гадаадад  сургах, дадлагажуулах,  цалин орлогыг нь  нэмэгдүүлэхгүй бол үйлдвэрт ажиллах хүн алга. Энэ үйлдвэрийг гаднаас нь харахад арай ч дээ гэж харагдаж байгаа бол дотроо ч мөн адил арай ч дээ л байгаа.  Тэр савлагааны цех, вирусын цехээр орвол ажиллах орчин нөхцөл ч мөн л  арай ч дээ гэмээр.  Ямар ч агааргүй,  битүү орчинд  савлагчид маань 8-10 цаг ажилладаг. Өрөөнөөс гарах эрхгүй.  Яах аргагүй хөдөлмөрийн  хүнд нөхцөл.  Үйлдвэрийн барилга байгууламжийн тухайд Унгарын барьж өгсөн тэр л хэвээрээ байгаа. Суурилуулсан тоног төхөөрөмжийнх нь ашиглалтын хугацаа хэдийнэ дууссан тул манайхан  монголчлоод л ажиллуулж буй.  Урдах, хойдхоо муулах бус  сэтгэлгүйажилласанд нь бухимдах л юм. Био үйлдвэрийн үе үеийн дарга, удирдлагууд өөр хоорондоо маргалдаж, хэрэлдсэн түүнээсээ болж салбартаа ад үзэгдсэн, байгаа төсөвдөө хайхрамжгүй хандаж иржээ гэж дүгнэж сууна.  Хувийн хэвшлийн жижигхэн цех хүртэл автомат горимд шилжицгээсэн. Гэтэл бүхэл бүтэн биоүйлдвэр вакциныхаа  шилийг гараараа  угаан, халуун тогоонд зөөвөрлөн  ариутгаж байгааг юу гэх вэ.  Бас шилээ эгнүүлж тавиад гараараа савладаг гээд төсөөл дөө.  Үүнийг харсан гадаад,  дотоодын албаны хүмүүс толгой сэгсэрч байна. Монгол Улс МАА-н орон. Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал гэж байгаа бол биоүйлдвэрийнхээ хувь заяаг шийдэх цаг болжээ гэдгийг та бүхнээр дамжуулж хэлэх байна.

 -Ашиг олох сонирхолгүй үйлдвэр ажиллаж байна гэхээр гайхаж байна. Яагаад? 

-Би томилогдож ирээд ажилтан, албан хаагчдынхаа цалинг 30-40 хувиар нэмсэн. Хэн 650 мянган төгрөгөөр  хүнд, хортой нөхцөл бүхий үйлдвэрт ажиллах юм.  Ингэснээр цалингийн зардал 30 хувиар огцом өсч, өнгөрсөн жилийн орлогын хэмжээний цалингийн сан бий болсон. Тиймээс бүтээгдэхүүнийхээ  үнийг нэмсэн.  Жилд дээд тал нь зургаан тэрбум төгрөгний орлого олдог, харин энэ жил 8.2 тэрбум төгрөгийн орлого олохоор болсон. ТУЗ баталсан.  Төлөвлөгөө ёсоор  долдугаар сарын эхний 15 хоногт багтаана.  Үүний 60-70 хувь нь ажилчдын цалин, дээр нь уурын зуух, түүхий эд гээд олсон орлого маань урсгал зардалдаа  таарна.  Технологийн шинэчлэлд 1,3 сая ам.доллар шаардлагатай байгаа.  Яам маш их дэмжиж буй. Үнэндээ энэ мөнгө хоёр цэцэрлэгийн л төсөв. Гагцхүү  асуудлыг холбогдох албаныханд ойлгуулж чадаагүй юм болов уу гэж бодсон.  Өнөөдрийн байдлаар манайх  3000 литр вакцин үйлдвэрлэх боломжтой  ч улс 2.3 мянган литрийг л  захиалсан. Илүү  700 литр үйлдвэрлэж болох ч зарж борлуулах эрх нь бидэнд байхгүй.  Миний хувьд  “Манай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад, зөвхөн нэг төрлийн вакциныг л 5000 литр хүртэл үйлдвэрлэж чадна.  Тиймээс та нар захиалгаа тултал төсөвтөө суулгаж өг” гэж   хэлж байгаа. Хувийн мал эмнэлгүүдэд төлөвлөгөөнөөс илүү гарснаа  зарах боломжтой ч Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль,  журамд нийцэхгүй гэж байгаа нь бодлогын алдаа юм.  Компани  юм бол өсч дэвжих ёстой. Ажилтан албан хаагчдынхаа цалинг нэмж, технологио шинэчилж, шинэ техник хэрэгсэл авах ёстой Үүний тулд орлого олох ёстой.  Энэ мэтчилэн цаг алдалгүй өөрчилж, шинэчилмээр зүйл нэлээдгүй байна. Хуульд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй.Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх  вакцин хийхэд хурганы засаа гол  түүхий эд болдог. Гэтэл малчид цаг уурын байдлаас шалтгаалан малын хээлтүүлгийг хойшлуулснаар мал төллөх хугацаа оройтож, түүхий эд ч хүлээгддэг болсон. Үүнийг шийдэх гарц нь  шугаман эсийн технологит шилжих явдал. Үүнийг шийдчихвэл заавал хурганы засаа хэрэглэх биш  байгаа эсээ өсгөвөрлөөд хэдэн сард ч хамаагүй вакцинаа массаар үйлдвэрлэх боломжтой болно. Түүхий эдийн хамаарлаас ч  гарна. Олдоц муутай түүхий эдийн  үнэ нь байнга  өсдөг.

-Мэргэжлийн, чадвартай боловсон хүчин томилогдож ирэхийг бус өөрсдөө бэлтгэдэг тогтолцоог  томоохон ААН-д нэвтрүүлж эхэлсэн байна лээ? 

-Манай үйлдвэрт үе дамжин ажиллаж буй хүн олон.  Гэвч сүүлийн үед малын эмч, биотехнологич, химич мэргэжлээр суралцагчдын тоо жилээс жилд буурах болжээ.  Энэ нь цалин хангамж, орчин нөхцлөөс шууд хамааралтай. Мэргэжилтэй боловсон хүчнээ дотоодоосоо бэлтгэхийн тул  Биокобинатын хүүхдүүдээс ХААИС-д сурах сонирхол бүхий хүүхдүүдийн судалгааг гаргуулж байна.  Сургалтын төлбөр, автобус унааны мөнгийг нь даагаад сургуулиа төгсөөд үйлдвэрт ажиллах нөхцөлтэйгөөр. Мөн гурван үеийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн.  Одоо ажиллаж байгаа тэтгэврийн насныхан тэтгэвэр дээрээ цалин авч байгаа учраас тогтдог. Тэднийг байгаа үедээ ажилчдаа сайн дадлагажуул, өөрийгөө залгамжилж үлдэх  хүнээ  бэлдэж өг гээд гуйгаад л байгаа. Нөхцөл байдал ийм л байна.

   Ийм  нэг эмгэнэл нүүрлэсэн үйлдвэртэй танилцаад тэнд хүнд, хортой, халуун нөхцөлд ажиллаж буй  малын эмч, мэргэжилтнүүдийг өрөвдсөөр гарлаа. Үйлдвэрээ өөд татаж,  дэлхийн технологитой хөл нийлүүлсэн цагт л Монгол хүн монгол малынхаа махыг сэтгэл амар хүртэж суух учиртай юм билээ.  Түүнээс хий дэмий эрүүл хүнс эрүүл мал гэж хэсэг нь яриад нөгөө нь монгол малын мах яагаад хүнсний чанар, стандартыг хангаж чадахгүй байна хэмээн гонгинох аваас  энэ бүхний суурь нь Биокомбинат дахь Биоүйлдвэр гэж хэлэх байна.