Д.Амарбаясгалан: Эх, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ, сувилгааны чиглэлээр ажилладаг эмнэлгүүдэд түлхүү анхаарал хандуулна

Улс төр

   Засгийн газрын гишүүд мэдээлэл хийх үеэр цаг үеийн асуудалтай холбоотой зарим мэдээллийг өглөө.  Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “"Өргөө" амаржих газрын асуудал олон нийтийн дунд ил болж, захирал ажилчдын хоорондын зөрчил, салбарын асуудлыг хөндөх үндсэн шалтгаан болж гарч ирснийг хэлэх нь зүйтэй.

"Өргөө" амаржих газарт болсон үйл явдалтай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Уг гарсан асуудал нь үйлдвэрчний эвлэл, ажилчид, удирдах баг бүрэлдэхүүний хооронд гарсан зөрчлийн улмаас үүдэлтэй гэж урьдчилсан байдлаар ойлголт авч ажиллаж байна.

Засгийн газраас энэ асуудлыг салбарын хэмжээнд харах нь зүйтэй гэж үзсэн. Тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ, сувилгааны чиглэлээр ажилладаг эмнэлгүүдэд түлхүү анхаарал хандуулна. Мөн салбарын хэмжээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулна. Эмнэлгийн эмч, ажилчдын хувийн эмнэлэг буюу сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлуудыг шалгаж нэг мөр болгох асуудлаар миний бие АТГ-т хүсэлт тавьсан" гэвЭнэ оны есдүгээр сарын 1-31-ний өдрүүдэд 11-11 төвөөр дамжин эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал нийт 331 ирж түүний 278 иргэний гомдлыг зарчмын дагуу шийдвэрлэжээ.

Мөн тэрбээр Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрыг татан буулгах шийдвэр гарсныг хэлэв. Ингэснээр "Салбарын хяналтыг яамдад хариуцуулах, онцгой болон тусгай чиг үүргийнхээс бусад хяналт шалгалтыг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл барина. МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгаа гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан. 

Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн хяналтыг хийдэг, 1,600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1,400 байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа нь бодитой болсон. Энэ нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зүгээс төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна гэх гомдлын үндэслэл гэж үзсэн" гэлээ. МХЕГ-ыг татан буулгаснаар салбарын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор 800 гаруй албан хаагч яамдад хуваарилагдаж ажиллах юм байна. Ингэснээр 300 орчим ажлын байрыг хэмнэнэ гэсэн юм.