Томоохон аж ахуйн нэгж, компаниуд хугацаат цэргийн алба хаагчдад ажлын байр санал болгож эхэллээ

Нийгэм, Эдийн засаг

  Өнгөрсөн оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба халагдах ёслол удахгүй болно. Цэрэг халагдахтай холбогдуулан зарим томоохон аж ахуйн нэгж, компаниуд хугацаат цэргийн алба хаагчдад ажлын байр санал болгож, эгнээндээ элсэхийг урьсаар байна. 

      Таны харж буй дүр зураг бол  “Шилэн хийц” ХХК-ийн захирал Д.Гантулга  үйлдвэрийнхээ үйл ажиллагааг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хугацаат цэргийн алба хаагчдад танилцуулж, хэд хэдэн ажлын байр санал болгож буй агшин. 

      Тэрбээр “Цэргийн албаа хаасан эрчүүдийг ажилд авах дуртай. Хандлага, хариуцлага, ёс зүй, итгэл даах чадвараараа тэд эрхгүй ялгарч чаддаг юм. Үүрэг хариуцлагаа ухамсарласан учраас л цэргийн албаа хааж байгаа эрчүүд шүү дээ. Манайд ажилладаг залуусын маань цөөнгүй хэсгийг хугацаат цэргийн албаа хаасан эх оронч эрчүүд эзэлдэг” гэдгийг хэлж байна.