Б.Чойжилсүрэн: Салбарын уураг тархи болсон эрдэмтэн, судлаачид та бүхэнд талархал илэрхийлье

Улс төр
Монгол Улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа. Хуралд танхимаар болон цахимаар нийт 400 гаруй эрдэмтэн, судлаачид хамрагдсан.
Энэхүү үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний талаарх төрийн бодлогыг чиглүүлэх, хэрэгжүүлэхэд салбарын аюулгүй найдвартай байдлыг хангах, эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлт, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хэмнэлт, үр ашиг бүхий дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн шат дамжлагыг боловсронгуй болгох, инновацыг хөгжүүлэх чиглэлээр эрдэмтэн, судлаачид, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд судалгаа шинжилгээний илтгэлүүд туурвисан байна. Салбарын хөгжил, дэвшлийн төлөө оюун ухаан, эрдэм мэдлэгээ дайчлан энэхүү хуралд оролцож байгаа та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, талархал илэрхийлье” гэлээ.
Мөн “Эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил” сэдэвт үндсэн илтгэлийг тавьсан юм. Харин “Эрчим хүчний төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах”, “Эрчим хүчний үнэ тариф ба зах зээл”, “Дэлхийн эрчим хүч хаашаа явж байна”, “Эрчим хүчний системд ухаалаг технологи, хиймэл оюун ухаан нэвтрүүлж буй туршлага”, “Сав ертөнцийг амарлиулах эрчим хүчний ирээдүйг төсөөлөх нь”, “Хэмнэлтийн бодлогоор эрчим хүчний хэрэглээний өсөлтийг зохицуулах боломж” зэрэг сэдвүүд дэд хэлэлцүүлэгт багтсан. Хэлэлцүүлэг тус бүрийн дараа модератор, панелистууд танхимаас болон цахимаар ирсэн асуултуудад хариулт өгч, санал зөвлөгөөг нэгтгэж ажиллалаа.
Эрдэм шинжилгээний бага хурлыг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Эхний шатанд “Цахилгаан хангамж, техник технологи - ухаалаг сүлжээ”, “Дулаан хангамж - техник технологи”, “Эрчим хүчний эх үүсвэр - алтернатив эрчим хүч”, “Эрчим хүчний зах зээл - хөрөнгө оруулалт” сэдэвт дөрвөн дэд хурлыг нэгдсэн удирдамжийн дагуу 2022 оны 04 дүгээр сард зохион байгуулсан. Энэ шатанд эрдэмтэн, судлаач, инженерүүдээс эрдэм шинжилгээний нийт 112 илтгэл ирүүлсэн. Хурлаар эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг дээшлүүлэх, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн шинэ техник, уламжлалт, сэргээгдэх, устөрөгч, цөмийн эрчим хүч, хүлэмжийн хийн ялгарал, ногоон хөрөнгө оруулалтын механизм зэрэг ногоон технологийг хөгжүүлэх, салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын чадавх, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, инновацын чиглэлээр гүйцэтгэсэн, нэвтрүүлсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг тус тус шүүн хэлэлцэж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулж урамшуулсан юм.