Манай залуучууд бэлтгэлээ бүрэн хангалаа

Соёл урлаг, Спорт

Монголын 20 хүртэлх насны шигшээ багийн залуус есдүгээр сарын 14-18-ны хооронд МХБХ-ны талбайд болох ААШТ-ий “Е” хэсгийн тоглолтуудад оролцохоор бэлтгэлээ бүрэн хангаад байна. БНСУ, Малайз, Шри Ланка улсын багуудтай нэг хэсэгт багтсан Монголын 20-иос доош насны шигшээ баг хэсгийнхээ эхний хоёрт орвол дараагийн шатанд шалгарах боломжтой. Дэлхийн супер од хэмжээний хөлбөмбөгчдийг бэлтгэн гаргадаг БНСУ-ын өсвөр залуучуудын шигшээ багтай тоглоно гэдэг манай залууст том туршлага болох нь дамжиггүй.

Малайзын залуус ч энэ хэсэгээс гарахын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ. Сербийн дээд лигийн "Red Star Belgrade" клубт тоглодог тоглогч Малайзын 20 хүртэлх насны шигшээ багт багтсан гэхээр манай залуусыг том сорилт хүлээж байна.

Хэсгийн сүүлийн тоглолтод Монголын шигшээ багийн залуус Шри Ланка улсын багтай тоглоно. Бүх зүйл шийдэгдэх өндөр магадлалтай сүүлийн тойрогт хэсгийн хоёр хүчтэй баг хоорондоо тоглох нь бидэнд давуу тал болж ч мэдэх юм.