Монгол хүүхэлдэйн киноны сэдэвтэй анхны марктай боллоо

Соёл урлаг, Спорт

 98 жилийн түүхтэй энэ салбарт  анх удаа Монгол хүүхэлдэйн киноны сэдэвтэй  марк гаргалаа. Уг марк нь зургаан  нэр, нэг  блок байгаа бөгөөд  ийнхүү монгол хүн бүрийн сэтгэлд хоногшсон хүүхэлдэйн кинонууд марк болон олон нийтийн хэрэглээнд нэвтэрлээ.

 

“Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт зургаан нэр, нэг  блок маркт дараах уран бүтээлүүд багтжээ.

 

-“ХОЁР НАЙЗ”-Монголын анхны хүүхэлдэйн киног 1961 онд бүтээсэн. Зохиолч, найруулагч, УГЗ Ц.Зандраа, зураач Д.Рэнцэн, зураглаач Д.Нямсүрэн нар ажилласан. Энэ бүтээлд малчин хүү болон түүний хайртай тугал, ишиг хоёр найзын адал явдал гарна.

 

-“ЭРХ ЦАГААН”-Уг киног “Телекино” үйлдвэрт 1985 онд бүтээсэн. Зохиолч М.Чойжил, найруулагч УГЗ Д.Хишигт, зураач Ц.Дашиймаа, зураглаач УГЗ М.Мөрөнгуа нар ажилласан. Энэ бүтээлд хөдөөгийн хүү Батаа, хотын хөвгүүд Болдоо, Зоригоо гурвын эрх цагаан ишиг нь алга болж гурван найз эрэлд гарна.

 

-“БОРОЛДОЙН ЦАГ”- Киног Мэдээлэл радио, телевизийн улсын хороо, ЗХУ-ын “Союзмультцильм” нэгдэл хамтран 1985 онд бүтээсэн. Зохиолч, найруулагч, зураглаачаар С.Мягмар, хөгжмийн зохиолч нь УГЗ Г.Алтанхуяг ажилласан. Энэ хүүхэлдэйн кино нь Монголын үндэсний телевизийн хүүхэлдэйн кинонуудыг нэгтгэсэн эхлэл байв.

 

-“АРВАН ХОЁР ЖИЛ”-Уг киног Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо, ЗХУ-ын “Союзмультцильм” нэгдэл хамтран 1987 онд бүтээсэн. Зохиолч, найруулагчаар С.Мягмар, В.Пекарь нар, зураач Б.Буяндэлгэр, хөгжмийн зохиолч А.Артемьев нар ажилласан. Шинэ жил эхлэхэд хэдхэн хором үлдэж, цаг тооллыг 12 амьтны нэрээр эхлүүлэх тов тодорхойгүй байв. Хулгана, тэмээ хоёр нэрээ дэвшүүлэхэд аль амьтан нь урьдаж нар харах болзол тавьдаг.

 

-“АЗАР, БАЗАР, ТАЗАР”-Уг киног 1991 онд бүтээсэн. Зохиолч С.Надмид, Найруулагч Ц.Дашиймаа, ерөнхий зураач Р.Батсайхан, зураглаач УГЗ М.Мөрөнгуа нар ажилласан. Уг бүтээлд Азар, Базар, Тазар гурав сайхан сэтгэлтэй өглөгч хааныг чадахаар очдог.

 

-“МААМУУ”-Уг цуврал хүүхэлдэйн киног “Монгол Контент” ХХК 2017 онд бүтээсэн. Зохиолч И.Өнөболд, ерөнхий найруулагч, аниматор Л.Ганболд нар ажилласан.

 

-“МӨНХ ТУНХ”-Тус цуврал хүүхэлдэйн киног “Gertoon” анимэйшн студид 2020 онд бүтээсэн. Зохиолч, найруулагч Ц.Бат-Оргил, ерөнхий аниматор Л.Тэмүүлэн нар ажилласан байна.