Ёкозүна Какүрюү М.Анандын сүмогийн замналыг өгүүлэх үзэсгэлэн гарна

Соёл урлаг, Спорт

Токиод зохиогддог энэ оны сүүлчийн барилдаан болох Намрын тэмцээн өчигдөр эхэллээ. Намрын тэмцээн нь коронавирусийн халдвар эрсдэлээс урьдчилан сэргийлж, үзэгчдийн суудлын тоог хязгаарлаж, зохиогдон ирсэн журмын дагуу явагдана.

Барилдааны өдрүүдэд сүмогийн ордны дэргэдэх Сүмогийн түүх соёлын музейн үзмэрт 71 дахь ёкозүна М.Ананд Какүрюү оякатагийн сүмод барилдаж ирсэн түүх намтрыг танилцуулсан тусгай үзэсгэлэн гарах юм. Үүнтэй холбогдуулан Сүмогийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлан явуулжээ.

Хурлын үеэр М.Ананд Какүрюү ояката “Сүмогийн хаалгыг татан орсноос хойших миний амьдрал замналыг үзэгч түмэнд танилцуулах боломж олгосон Сүмогийн холбоо, музейн хамт олонд баярласнаа илэрхийлье. Энэ үзмэрээр дамжуулан нэг ч гэсэн хүн сүмод дуртай сонирхдог болбол би их баярлах болно. Маргааш барилдаан эхэлнэ. Барилдааны өдрүүдэд би музейн танхимд хоёр удаа ярилцлага зохион явуулах болно. Миний сэтгэл өндөр байна” хэмээн ярьжээ. Энэхүү үзмэр 15 хоног үргэлжлэх ба үзэгчдийн хүсэлтийг харгалзан сунган үргэлжлүүлэх боломжтой хэмээн музейн эрхлэгч нэмэлт тайлбар хийсэн байна.