.Уранцэцэг эхний тулаандаа ялж аваргын бүс зүүлээ

Соёл урлаг, Спорт

“Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж холимог  тулаан руу шилжсэн.

Түүний хамгийн эхний холимог тулаан АНУ-ын Арканзас мужид болсон бөгөөд PFC (Peak fighting championship) холбооны strawweight буюу 48-52 кг жингийн сонирхогчийн аваргын бүсний төлөөх тэмцээн байв.

Тэрбээр өчигдөр өглөө манай цагаар 10:20 цагт анхны тулаанаа "Fury fighting championship" холбооны atomweight буюу 48 кг хүртэлх жингийн аварга, АНУ-ын тамирчин Амбер Терреллтэй хийж, хоёрдугаар раундын 01.27 секундэд өөрийн төвөггүй хийж сурсан боолтоор цэвэр яллаа.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг өрсөлдөгчөө "Нэгдүгээр шатандаа ялна гэж бодсон ч хоёрдугаар үедээ дуусгалаа. Гэхдээ маш баяртай байна. Би барилдана, мөн цохиж унагаана гэж бодож байсан" гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Дашрамд дурдахад тэрбээр тулааны спортоор гурван сар хичээллэж, энэхүү эхний ялалтаа авч байгаа нь энэ юм.