Азийн хөгжлийн банк 100 сая ам.долларын зээл олгоно

Нийгэм, Эдийн засаг

Азийн хөгжлийн банкнаас Мөчлөг сөрсөн дэмжлэгийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад 100 сая ам.долларын зээл олгохоор болжээ. АХБ-ны Зүүн Азийн газрын Санхүүгийн салбарын мэргэжилтэн Петер Розенкранз “АХБ-ны энэхүү зээл нь эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын арга хэмжээг дэмжих болно. Энэхүү Мөчлөг сөрсөн дэмжлэгийн хөтөлбөр (МСДХ)-ийн зээлээр олгох төсвийн дэмжлэг нь дунд хугацаанд эдийн засгийн бүтцийн нэн шаардлагатай шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсвийн орон зайг бий болгоход эергээр нөлөөлнө" хэмээн дурдав.

Гадаад цочрол нь хүн амын ядуу, эмзэг бүлгүүд, тэр дундаа эмэгтэйчүүд, охидод илүү сөрөг нөлөө үзүүлдэг юм. Цар тахлын үеэрх хөл хорионд хамгийн ихээр өртсөн үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа зэрэг цалин хөлс харьцангуй багатай салбарт эмэгтэйчүүд гол төлөв ажилладаг. Иймд энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын нийт өрхийн 64  хувьд хамаарах 1.2 сая хүүхдэд шууд мөнгөн дэмжлэг болж хүрнэ хэмээн үзэж буй аж.