ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ГЭЖ ЮУ ВЭ?

Бусад

Хүчилтөрөгчийн дутагдлаас булчинд бүрэн бус исэлдэлтийн бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж, өвдөлтийн рецепторыг цочроосноор өвдөлт үүсдэг. Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн дутагдал нь түүний тэжээл буюу цусан хангамжийн дутагдлаас үүсэх бөгөөд тэжээл дутагдах хоёр төрлийн үндсэн шалтгаан бий. Цусан хангамжийн дутагдлын үргэлжлэх хугацаа, гэмтлийн зэргээс хамаарч өвдөлт янз бүр байна.

Нэгдүгээрт, зүрхийг тэжээгч титэм судасны эмгэг буюу нарийсал эсвэл бөглөрлөөс үүдэлтэй. Нарийсал нь судасны үрэвсэл, хатуурал, шохойжилт, төрөлхийн гаж хөгжил зэргээс үүсдэг. Судас цусны бүлэн, хий зэргээр бөглөрнө.

Хоёрдугаарт, зүрхний булчингийн хэрэгцээ нэмэгдэхтэй холбоотой. Зүрхний булчин томрох эсвэл зүрхний цохилтын тоо олширсноос булчингийн хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгдэнэ. Энэ үед хэвийн, эмгэг өөрчлөлтгүй, титэм судас хангалттай тэжээл буюу хүчилтөрөгчийг өгч чадахгүйд хүрдэг.

Иймд цусан хангамж дутагдсанаас үүссэн өвдөлтийг ялган танихад хялбар болгох үүднээс байрлал, онцлог, дамжилт, хугацаа, эрчим, намдах үйл явцаар нь тодорхойлж болдог. Бид эдгээрийг “БОДХЭН” гэж зургаан үсгээр товчилж тайлбарладаг юм.

Тодруулбал, байрлал гэдэг нь цээжний зүүн талд, өвчүүний араар өвдөх, онцлог нь дараад, базаад, шахаад байгаа мэт мэдрэмж төрөх, дамжилт нь зүүн гap, дал, мөр лүү өвдөлт дамжих, хугацаа нь 20 минут хүртэл өвдөхийг хэлнэ. Нэг минутаас бага өвдөх нь зүрхний өвдөлт биш, 20-оос дээш бол зүрхний шигдээсийн шинж.

Эрчим гэдэг нь өвдөлт сулаас маш хүчтэй байж болно. Намдах нь титэм судас тэлэх эм эсвэл хийж буй үйлдэл, ачааллаас хамаарна. Зүрхний шигдээсийн үед зөвхөн өвдөлт намдаах эмэнд эрч нь суларна. Цусан хангамжийн дутагдалтай булчингийн эсүүд унтаа байдалд ордог. Зүрхний цусан хангамжийг сэргээхэд унтаа эсүүд сэргээд үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадвал “зүрхний бах” гэж үздэг. Харин булчингийн эсүүд үхсэн бол зүрхний шигдээс гэж оношилно.

ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ҮҮСЭХ ШАЛТГААН

Зүрхний булчингийн агшиж сулрах үйл ажиллагаанд биеийн бусад булчинтай адил хүчилтөрөгчийн хангамж маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Зүрхэнд тэжээл өгдөг судсыг титэм судас гэх бөгөөд гол судаснаас эх авдаг. Зүрхний булчинд энэ судсаар дамжин хүчилтөрөгч очдог. Амьтны гаралтай өөх тостой хоол идэх, хөдөлгөөний дутагдалд орох, тамхи татах, архи ууснаас аажимдаа титэм судсанд холестерин (цусны судсан дахь өөх тос) цугларч, цусны судасны дотор хананд бөөгнөрөл үүсдэг. Энэ нь бөөгнөрөл нь цусны судсыг нарийсгаж, судсаар өнгөрөх цусны урсгалыг саатуулснаар цусны даралт ихэсдэг. Үүнээс үүдэн судасны хөндий хэт нарийсч, зүрхний үйл ажиллагаанд шаардлагатай хүчилтөрөгч дутагдана.

Бид хүнд юм өргөхөд гарын булчин өвддөг, эсвэл удаан алхахад хөл өвддөг гэдгийг мэднэ. Үүнтэй адил зүрхэнд хангалттай цус очихгүй байвал зүрх өвддөг. Судасны дотор хананд үүссэн холестериний бөөгнөрөл хагарвал уг бөөгнөрөл дээр цусны бүлэн үүсдэг. Ингээд цусны судас бөглөрч, зүрхний булчингийн хэсэг газар цусгүйдэж, тэжээл дутагдсаны улмаас үхжил үүсэхийг бид зүрхний шигдээс буюу инфаркт, зүрх хаагдах гэж ярьдаг.

Зүрх судасны өвчин үүсэх хоёр эрсдэлт хүчин зүйл бий гэж үздэг. Засагдаж болох болон засагддаггүй. Засагддаггүй гэдэгт удамшил болон хүйс, нас орно.  Учир нь эрэгтэй хүн 55- аас доош насанд, эмэгтэй хүн 60 –аас доош насанд ар гэрт нь зүрхний шигдээс болон тархины харвалтаар нас барж байсан бол тэр нь удамших магадлалтай гэсэн үг юм. Үүнээс гадна эрэгтэй хүн эмэгтэйгээ бодвол энэ төрлийн өвчнөөр өвдөх магадлал нь өндөр гэж үздэг. Мөн нас ахих тусам зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл өндөрсдөг. Засагдаж болох эрсдэлт хүчин зүйл гэдэгт:  таргалалт, хөдөлгөөний хомсдол, өөх тосны алдагдал, тамхидалт, чихрийн шижин орно. Өөрөөр хэлбэл урьчилан сэргийлэх боломжтой.

Зүрхний цочмог шигдээс болсон өвчтөн “Цээжин дээр юм дараад, хүнд оргиод байгаа мэт, тавгүй оргиж, бага зэргийн амьсгаадаж байсан. Өвдөлт гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ийм эвгүй мэдрэмжийг өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй болохоор аймшигтай байсан” гэж хэлдэг. Ер нь хүмүүс зүрхний цочмог шигдээсийн үед мэдэрсэн өвдөлтийн тухай янз бүрээр дүрсэлдэг. “Цээжээр ороогоод хавчаад байгаа юм шиг “Өвдөлтийн шинж тэмдгийг дүрслэн хэлж чадахгүй байна. Өвдөлтөөс илүүтэй цээжинд тавгүй, таагүй оргиж байсан” гэж ярьдаг.

ЭМНЭЛЭГТ ОЧТОЛОО ТА ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

Хэрэв зүрхний шигдээсийн өвдөлт эхэлбэл эмнэлэг рүү тээвэрлэх явцад амь нас аврах эмчилгээ хийгдэх шаардлага гарч болно. Эсвэл түргэн тусламж ирэхийг хүлээж байх хугацаандаа:

 

  • Нитроглицеринийг 5 минутын зайтай, 3 удаа хэлэн доор тавьж, 300 мг аспирин зажлуулах, намдахгүй бол өвдөлт намдаах тариаг эмчийн заавраар хийнэ.

Тайван, хөдөлгөөнгүй байна. Хөдөлж ачаалал өгөхөд зүрхний булчин ачаалалд тохирсон хэмжээгээр цусыг бусад эрхтэнд шахах шаардлагатай болдог. Зүрхний булчин хүчилтөрөгчийн дутагдалд орж, шигдээс үүссэн үед илүү ачаалал өгвөл зүрхний булчингийн гэмтэл илүү нэмэгдэнэ. Иймээс өвчтөнийг хөлөөр явуулахгүй, дамнуургаар эмнэлэгт хүргэнэ. Эмнэлэгт хэвтүүлэн стандартын дагуу эмийн эмчилгээ хийнэ.

Ихэнх тохиолдолд онош илэрхий байдаг. Зүрхний цахилгаан идэвхжлийг бүртгэн гаргадаг цахилгаан бичлэгийн шинжилгээгээр (ЭКГ) зүрхний шигдээсийн батлах өөрчлөлтийг харуулдаг. Цахилгааны бичлэгээр аль хэсгийн хэр хэмжээний зүрхний булчин гэмтсэн эсэхийг үнэлэх, зүрхний хэм хэвийн байгаа эсэхийг тогтооход маш үнэ цэнэтэй. Оношийг батлах зорилгоор зүрхний гэмтсэн булчингаас цусны урсгал руу ялгаран ордог тодорхой химийн бодисуудын түвшнийг цусны шинжилгээнд хэмжих шинжилгээг хийж болно. Мөн цээжний гэрэл зураг хийж онош тодруулж болно. Зүрхний шигдээсийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнд оношлогоо, эмчилгээ зэрэг хийгддэг. Зүрхний булчин үхжих аюултай гэж сэжиглэж байгаа үед эмчилгээг аль болох цаг алдалгүй хийж чадвал зүрхний булчингийн үхжилээс сэргийлж болно.

Та урьд нь зүрх өвдөж эмчид үзүүлж эмчлүүлж байсан бол зүрхний шигдээсийг оношлоход түлхэц болно.

 

ЭМЧИЛГЭЭ

Зүрхний шигдээсийн яаралтай эмчилгээний зорилго нь өвдөлтийг намдааж цусан хангамжийг эргэн сэргээснээр зүрхний булчингийн гэмтлийг хамгийн бага түвшинд барьж цаашид үүсэх хүндрэлээс сэргийлэх байдаг. Энэхүү зорилгод өвчтөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчилгээ хийгдсэнээр хамгийн сайнаар хүрэх боломжтой. Цаг хугацаа өнгөрөх тутам зүрхний булчингийн өөрчлөлт нэмэгддэг. Эмнэлгийн тусламжийг хэр орой авна, төдийчинээ зүрхний булчин гэмтэнэ. Зүрхний булчингийн бөглөрсөн судсыг нээж, дахин сэргээх боломжтой хугацаа богино байдаг. Эмчилгээг заавал эмнэлэгт хийх шаардлагатай. Зүрхний судсанд үүссэн бүлэнг уусгах, зүрхний судсыг сэтгүүрдэх гэх мэт эмчилгээ хийдэг.

 

Нөхөн сэргээх эмчилгээ: Зүрхний шигдээсийн дараа зүрхний нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах болно. Энэ нь олон төрлийн эрүүл мэндийн мэргэжилтнээс бүрдсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг багийн зүгээс хийгддэг гол програм бөгөөд танд сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэгийг үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох шаталсан дасгал бүхий дэглэмийг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Энэ програм нь аль болох хурдан хэвийн амьдралдаа эргэн орох болон цаашид удаан хугацааны туршид зүрхний цаашдын эмгэгийн эрсдэлийг бууруулахад амьдралын хэв маягаа өөрчлөх, эрүүл дасгал хөдөлгөөний түвшинг өөртөө олж авахад туслаж чадах юм.

 

ЗҮРХНИЙ ШИГДЭЭСИЙН ДАРАА АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГАА ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ?

Зүрхний шигдээсийн дараа та амьдралын хэв маягаа өөрчлөхөд бие махбод богино хугацаанд сэргээд зогсохгүй дахин зүрхний шигдээс болох эрсдэл буурна.

 

  • Тамхи татахыг зогсоох. Энэ бол цаашид дахин зүрхний шигдээс үүсэхээс сэргийлдэг хамгийн гол хүчин зүйл.
  • Эрүүл хооллож биеийн жингээ өөрийн өндөр, биеийн бүтцийн онцлогт тохируулан барих,
  • Архи уудаг бол багавтар, дундаж хэмжээгээр хэрэглэх буюу стандарт хэмжээнд хэрэглэж сурах. Архи их хэмжээгээр хэрэглэх үед цусан дах магнийн хэмжээ ихсэж цусны даралтыг нэмэгдүүлж улмаар зүрхний шигдээс, цус харвалт, зүрхний хэм алдалт үүсэх эрсдэл дагуулдаг байна.
  • Эмчийн хяналттайгаар дундаж ачаалалтай дасгал хийж чаддаг болтлоо дасгалын ачааллаа бага багаар ихэсгэн хийх программд хамрагдах,
  • Та 8-12 долоо хоногийн хугацаанд ажилдаа эргээд орж болно. Суудлын ажилтай бол үүнээс богино хугацааны дараа ажилдаа орж болох юм. Ингэхдээ эхлээд хагас цагаар ажиллах талаар бодолцох,
  • Стресс ихтэй нөхцөл байдлаас аль болох зайлсхийх,
  • Та 4 долоо хоногийн дараа машин барих боломжтой болох,
  • Зүрхний шигдээс болсноос хойш 4 долоо хоногийн дараа бэлгийн амьдралаа хэвийн үргэлжлүүлж болно.
 

ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ.

Та дараах зөвлөгөөг мөрдөж чадвал зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

  • Хэрэв даралт ихсэлттэй бол даралтаа тогтмол хэвийн хэмжээнд барих
  • Илүүдэл жингээ хасах
  • Сэтгэл санаагаар тайван, уур бухимдалгүй байх
  • Амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгаж жимс, ногоо, бор гурил түлхүү хэрэглэж цусан дахь холестериныг бууруулж, бага хэмжээнд барих
  • Чихрийн шижинтэй бол хүндрэлээс сэргийлж, мэргэжлийн эмчийн хяналт үзлэгт тогтмол орж занших