Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцас, даавуун торыг нэгдсэн байдлаар үйлдвэрлэж байна

Нийгэм, Эдийн засаг

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг дотооддоо үйлдвэрлэж нийлүүлэхээр болжээ.  Тус холбооноос санаачлан цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон, хөдөлгөөнд саад болохгүй, сургалтын орчинд нийцсэн, арьсанд элдэв харшил өгч, сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар шийджээ. Материал үйлдвэрлэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг мэргэжлийн өндөр түвшинд эх орондоо кластераар үйлдвэрлэж байгаа аж. Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцас нь футболк, шорт, даавуун торноос бүрдэнэ. Нийслэлд 2022-2023 оны хичээлийн жилд 146,000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамрагдах бөгөөд кластер үйлдвэрлэлийг төрийн байгууллага, цэцэрлэгийн багш, эрхлэгчид, асран хамгаалагчид дэмжсэн байна. 

Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцасны талаар үйлдвэрлэгчид "Биеийн тамирын хувцасны материал нь хүүхдийн арьсанд шууд хүрдэг тул техникийн шаардлага, стандартыг хангасан байх ёстой. Футболкны даавууг монголдоо үйлдвэрлэж байгаа бөгөөд 100 хувь хөвөн даавуун материал юм. Байгальд ээлтэй, зөөлөн, харшил үүсгэхгүй, үнэр бактерийн эсрэг хамгаалалттай, арчлахад хялбар, амьсгалах чадвартай, хөлс шингээдэг, суналт агшилт сайн, монгол хүний царайны өнгөнд тохирсон номин цэнхэр өнгөтэй. Шошгыг гадна талд оёсон тул хүүхдийн биеийг нухахгүй, нэр бичих хэсэгтэй тул багш, хүүхдүүдэд эвхэж хураахад хялбар байдлаар шийдсэн. Футболк, шорт, даавуун тор нийлээд 25,000 төгрөгийн үнэтэй. Цэцэрлэгийн бүлгийн багшдаа захиалга өгнө" гэлээ.