М.Даваадулам
Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж буй талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Хүүхдүүд томчуудын санамсар болгоомжгүй болон санаатай үйлдлээс үүдэлтэй бэртэл, гэмтэл авдаг цаашлаад амь насаа алдаж байгаа нь үнэхээр харамсалтай.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү: Хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэглэлгүй хурдан морь унуулах тохиолдол байна
- “Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн ажлыг таван байгууллага хамтран төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхгүй байх талаар зөвлөн туслах ажлыг хийгээд дууслаа. Хүүхдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Яах аргагүй эцэг, эхчүүд хүүхдээ хамгаалж болох эрсдэлд учруулаад байгаа тохиолдлууд нэмэгдэж байна. Тухайлбал, Баяр наадмын үйл ажиллагаа сүүлийн 2-3 жил цар тахлын улмаас зохион байгуулагдаагүйтэй холбоотойгоор энэ жил нэлээд олон баяр наадмын үйл ажиллагаа товлогдсон төдийгүй таван бүсэд хурдан морины бүсийн уралдаан зохион байгуулагдахаар болжээ. Мөн хурдан морины уралдаанд оролцох морьдын тоо ч нэмэгдсэн гэх мэдээлэл байна. 2022 он гарсаар хурдан морь уралдаанч хүүхдийн программд 82 уралдаан бүртгэгдэж, түүнд 3,816 хүүхэд хурдан морины уралдаанд оролцсон байна. Уралдааны явцад есөн хүүхэд бэртэж гэмтэж, нэг хүүхэд амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээд байна. Үүнтэй зэрэгцэн бүртгэлгүй хурдан морины уралдаан зохион байгуулах тохиолдол гарсаар байгаа тул аймаг, орон нутгийн Засаг дарга нар болон хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нар хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд орон нутагтаа зохион байгуулагдаж буй хурдан морины уралдаан, сунгааг заавал бүртгэлжүүлж холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажлын хэсэг гарган тодорхой хяналт дор ийм үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байна. Учир нь бүртгэлтэй уралдаанд хүүхдийн эрсдэл арай бага байдаг бол бүртгэлгүй уралдаанд хүүхэд унаж гэмтэх нь илүүтэйгээс гадна хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэглэлгүй хурдан морь унуулах тохиолдол байна.
НЭМҮТ-ийн Эрүүл мэндийн дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны Осол гэмтэл хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Сэлэнгэ:
-Нийт осол гэмтлийн 86.6 хувь нь санамсаргүй осол гэмтэл эзэлдэг. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Ялангуяа зургаа, долоо, наймдугаар сард бүх осол гэмтлийн түвшин эрс нэмэгддэг. Эцэн эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж хүүхдийн осол гэмтэл нэмэгддэг. Нийт осол гэмтэл бүртгэгдсэн тохиолдлын 10 хүн тутмын зургаа нь эрэгтэй. Осол гэмтлийн нийт тохиолдлын түвшингээр уналт 42 хувийг эзэлдэг. 2022 оны эхний таван сарын байдлаар 941 хүүхэд гэмт хэрэг зөрчлийн байдлаар хохирсон. Сүүлийн хоёр сарын хугацаанд мориноос унасан, бэртсэн, чирэгдсэн 13 хүүхэд ирсэн. Үүнээс найман хүүхэд амь насаа алдаж таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр сарын хугацаанд өндрөөс унаж гэмтсэн 10 хүүхэд бүртгэгдсэн. Ихэвчлэн тагтнаас унасан тохиолдол бүртгэгдсэн. Эд зүйлд дарагдсан дөрвөн хүүхдийн гурав нь нас барсан. Эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж он гарсаар 36 хүүхэд амь насаа алдсан байна. Эцэг эхчүүд анхаарал халамжаа битгий сулруулаач. Та бүхний үүрэг оролцоо маш чухал гэдгийг дахин дахин онцолмоор байна. 0-18 насанд осол гэмтлийн тохиолдол илүү бүртгэгдэж байгааг анхаарах шаардлагатай байна.
ОБЕГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хүүхэд хамгааллын сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Должинхорол: Эцэг эхчүүд үр хүүхдээсээ анхаарлаа нэг ч хором битгий холдуулаач
- Энэ үеэр ОБЕГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хүүхэд хамгааллын сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Должинхорол “2022 он гарсаар усны ослоор 3-14 насны дөрвөн хүүхэд амиа алдаад байна. Мөн ахуйн хүрээнд буюу объектын гал түймэрт хүүхдийн амь нас эрсдэх тохиолдол гарч байна. Нийслэлийн хэмжээнд Хэрлэн, Туул, Тэрэлж голын дагуу Онцгой байдлын байгууллагын 367 алба хаагч 37 завь, 67 автомашинтайгаар эргүүл хийж ажиллаж байгаа. Хамгийн их анхаарал татаж байгаа асуудал нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд гол, нуурын эргээр аялж зугаалахдаа хараа хяналтаа сулруулснаас үүдэн хүүхэд амь насаараа хохирч байна. Дөнгөж дулааны улирал, амарч зугаалгын цаг эхэлж байхад дөрвөн хүүхдийн амь насыг бид анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн алдчихлаа. Хэдийгээр төрийн байгууллагууд хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлага нэн тэргүүн байдаг гэдгийг сануулмаар байна. Амралт зугаалгын улиралд аялж, амрахдаа эцэг эхчүүд үр хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч, нэг хормыг ч алдахгүй байхыг анхааруулъя. “Үер уснаас үрсээ хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг долдугаар сарын 2-нд тэрэлжийн гүүр буюу мойлтын тохойд зохион байгуулна. Иргэдэд таниулах, сурталчлах, сургалт маягийн өдөрлөг болно. Эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хамгийн чухал юм шүү.
ЦЕГ-ЫН Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан: Эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдалтай шууд холбоотой
-Цагдаагийн байгууллагын зүгээс 2022 оны эхний хагас жилийн байдлаар хүүхэд хохирсон гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх, мөн сэрэмжлүүлэг хүргэх үүднээс энэ хэвлэлийн бага хуралд оролцож байна. 2022 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн зөрчлийн улмаас 944 хүүхэд хохирсон байна, энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,4 дахин өссөн гэсэн мэдээлэл байна. Гэмт хэргийн улмаас эхний тавдугаар сарын байдлаар 36 хүүхэд нас барж. 316 хүүхэд гэмтэж бэртсэн мэдээ байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор урин дулааны улирал ирж буйтай холбоотойгоор сурагчид амарч хөдөө гадаа их явах болсон. Цагдаагийн байгууллагад сүүлийн хоёрхон сард хүүхэд мориноос унасан, бэртсэн, чирэгдсэн гэх 13 тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн найм нь нас барсан бол тав нь биедээ хүнд гэмтэл авсан буюу эмнэлгийн байгууллагад одоогоор ухаангүй, хэвтэн эмчлүүлж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ зуны амралтаар нь хөдөө хамаатан садан, эмээ өвөөгийнх рүү нь явуулчихдаг. Очсон хүүхэд нь морь сайн унаж сураагүй байж хонинд явахдаа морь унах зэрэг хайхрамжгүй байдал гаргадаг. Энэ байдлаас болж зөвхөн хурдан морины уралдаанаас шалтгаалахгүйгээр мориноос унаж гэмтсэн байна. Мөн сүүлийн хоёр сарын хугацаанд хичээл сургууль амарснаас хойш 10 хүүхэд өндрөөс унаж буюу хад, тагт зэргээс унаж гэмтсэн. Үүний гурав нь нас барсан байгаа юм. Энэ бол эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдалтай шууд холбоотой. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулах шаардлагатай. Хүүхдүүддээ учирч болох хор уршиг, эрсдэлийг сайн тайлбарлах, бага насны хүүхдээ дэргэдээ байлгаж, гэрт нь цоожилж явахгүй байхыг хүсье. Мөн хугацаанд тогонд цохиулж нас барсан хоёр, эд зүйлд дарагдаж амиа алдсан гурван тохиолдол бүртгэгдсэн. Хүүхэд харж байгаа нэртэй байшин барилга барьж байхдаа эсвэл өөрийн хийж байгаа ажлын хажуугаар том эд зүйлийн ойролцоо хүүхдээ байлгаж байна. Үүнээс үүдэн барьж байгаа хананд нь, налуулж тавьсан хаалганд нь дарагдах тохиолдлууд бүртгэгдсээр байна. Иймд томчууд, эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд учирч болох эрсдэлийг тооцохыг анхааруулж байна. Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл гэж үздэг. Учир нь үүнээс бид урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Манай улсад тохиолдож байгаа нийт осол гэмтлийн 86.6 хувь нь санамсаргүй осол гэмтэл эзэлдэг бол 13.4 хувийг санаатай осол эзэлж байна. Мөн осол гэмтлийн түвшин 6-8 сард эрс нэмэгддэг. Тэр дундаа зам тээврийн осол, хүүхдийн осол гэмтэл эрс нэмэгдэж байна. Нийт осол гэмтэлд өртсөн 10 хүн тутмын зургаа нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй байна. Осол гэмтлийн тэргүүлэх шалтгаануудыг авч үзвэл уналт нийт осол гэмтлийн 42 хувийг эзэлдэг. Түүнчлэн осол гэмтлийн тохиолдлын түвшингээр зам тээврийн осол, хүчирхийлэл дийлэнхийг нь эзэлж байгаа. Насны хувьд 0-18 насанд осол гэмтлийн тохиолдол илүү бүртгэгдэж байгааг анхаарах шаардлагатай. Бид “Хүүхэд нэгдүгээрт” нөлөөллийн ажлын хүрээнд болзошгүй осол гэмтэлд хүүхэд өртөхөөс сэргийлж, анхаарах тухай 21 аймаг, есөн дүүрэг албан тоот явуулна. Мөн зам тээврийн осол их гардаг хар цэгүүдэд Эрүүл мэндийн сайдын албан даалгавраар удахгүй очиж, ажиллах болно.
Дээрх хүмүүсийн яриа, тоон баримтаас харахад бид ер нь хүүхэд багачуудынхаа эрхийг хамгаалж чадаж байна уу гэдэг тун эргэлзээтэй байна. Урьдчилж болох эрсдлээс хамгаалах боломж байгаа ч бидний хайнга, хэнэггүй, тэнэг зангаас болж хүүхэд эндсээр...
Баяр наадам дөхөж байгаа энэ цагт унаач хүүхэд болон уяач нарт хэрэгтэй болов уу хэмээн зарим нийтлэг зүйлийг сонирхуулж байна.
Унаач хүүхдийн насны доод хэмжээ
-Унаач хүүхдүүдийн насны доод хязгаарыг найман нас хэмээн үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар өөрчлөн зааж өгсөн.
Бүртгэл
-Бүртгэлийн ажил хамгийн чухал. Үүгээр дамжуулан хүүхдийн асуудлыг хянадаг. Хүүхэд хэдэн настай, хэн гэдэг уяачийн морийг унаж уралдах зэргийг хянана. Түүнчлэн эцэг эх нь морь унахыг зөвшөөрсөн эсэх бичгийг өргөдлөөр авч баталгаажуулдаг. Бүртгэлийг баталгаажуулснаар унаач хүүхдийн эрсдэл багассан.
Даатгал
-Ослын даатгалд хүүхэд бүртгэгдсэн эсэхийг заавал шалгана. Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө авсан, хүүхэд гэр бүл залуучуудын газрын тусгай нөхцлийг оруулсан албан ёсны даатгалын компанид даатгуулах ёстой. Ингэснээр хүүхэд бүрт карт олгодог. Хурдан морь гарааны зурхайруу хөдлөхөд тус картыг уншуулж давхар шалгана.Ер нь зөвхөн хурдан морь унах үе гэлтгүй даатгалд хамрагдсан хүүхдийн даатгал үйлчлэх хугацаа бүтэн жилийн турш үйлчилдэг. Хүүхэд ямар нэгэн байдлаар бэртэж гэмтэх, эрсдэл тохиолдоход даатгалаас зардлыг бүрэн даадаг.
Хувцас хэрэглэл
-2017 онд батлагдсан хурдан морь унаач хүүхдийн хувцас хэрэглэлийн стандарт байдаг. Стандартад нийцсэн хувцас хэрэглэлийг бүрэн гүйцэд өмссөн байх. Энэ тохиолдолд бэртэл, гэмтэл харьцангуй бага байдаг. Үүнийг мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж уралдааны замд гаргана.
Унаач хүүхдэд эрсдэл үүсэхэд ээж аав болон уяач хариуцлага хүлээх үү
-Өөрийнхөө хүүхэд гээд насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж болохгүй. Энэ тохиолдолд эцэг эх хариуцлага хүлээнэ. Харин эцэг эхээс зөвшөөрөл аваагүй морио унуулсан бол уяач зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Цаашилбал цагдаагийн газар шалгаж, иргэний хэргээр шийдэгдэнэ. Хэн дуртай нь стандартын бус хувцас хэрэглэл зарж борлуулж болохгүй, авч хэрэглэж ч болохгүй.
Унаач хүүхдийн нэг өдрийн ачаалал
-Унаач хүүхдийн насны доод хэмжээг баяр наадмын тухай хуулиар зохицуулсан боловч харин өдөрт хэдэн насны морь унах, унахгүйг тодорхойлон заагаагүй.
1 Сэтгэгдэл
pain meds without written prescription https://withoutprescription.store/ pain medications without a prescription