Монгол-Вьетнамын бизнесийн зөвлөл байгуулна

Улс төр

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Вьетнамын бизнес форум”-ыг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа. Форумд БНСВУ-ын талаас 38 компанийн 60 гаруй төлөөлөл, Монголын талаас 250 орчим бизнес эрхлэгч оролцов.

Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.БаясгаланМонгол-Вьетнамын худалдааны эргэлт 80 сая орчим ам.доллар байна. Хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийг нээж өгөх, өөр хооронд нь холбох Монгол-Вьетнамын бизнесийн зөвлөлийг байгуулахад талууд санал нэгдлээ.

Цаашид МҮХАҮТ-ын зүгээс БНСВУ-ын хамтран ажиллагч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, худалдааны тэнцлийг хангах, хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр нягт хамтран ажиллах болно” гэв.

Мөн Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвлөх Д.Эрдэнэ-ОчирМонгол Улс, БНСВУ 1954 онд дипломат харилцаа тогтоож, 1957 онд анхны худалдааны хэлэлцээрийг байгуулсан. 2019 онд болсон Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдаанаар хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан.

Өнгөрсөн оны байдлаар худалдааны эргэлт 80 сая ам.доллар байгаа нь цаашид энэ зорилт удахгүй хангагдах боломжтойг харуулж байна. ЗГХК-ын 18 дугаар хуралдааныг энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар талууд бэлтгэл ажлаа хангаж байна” гэлээ.

Хоёр орны бизнес эрхлэгчид мэдээлэл солилцох, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлэлцээр хийх B2B уулзалтыг форумын төгсгөлд зохион байгуулсан юм. Хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, барилга, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, гоо сайхан, тавилга, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, уул уурхайн бүтээгдэхүүн, тээвэр логистик зэрэг салбарын экспортлогч импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл нийт 310 гаруй бизнес эрхлэгч оролцов.