Нийслэл хот Ерөнхий сайдынхаа эсрэг үү

Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ Монгол Улс, Тэр дундаа Хэнтий аймаг дахь андлалын хөшөөг үзэхээр 400 сая жуулчин ирнэ гэж албан ёсоор зарласан. Хоёр жил коронавирусын хөл хорио хязгаарлалтад байсан дэлхий дахин энэ бүхнээсээ арай гэж ангижран агаарын тээврийн компаниуд ажлаа сэргээж, аялагч жуулчлагчид ч улс орон дамжин явж эхэллээ. Энэ жилийн өөр нэг давуу тал нь ОХУ-ын зүгээс Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээр өрнөдийн орнууд, ер нь дэлхий дахин оросын эсрэг хориг тавьж, нисэх онгоцуудыг нь агаарын орон зайгаараа нэвтрүүлэхгүй болсноор оросууд манайхаар дамжин гадаад оронд зорчин, аялж зугаалах гэж олноороо ирж байна. Дэлхий дээр Умард Солонгос, Венесуэль, Мьянма зэрэг хэдхэн орны нэг болж оросын түнш хэвээр үлдэж байгаа манай орны үндэсний баяр наадмыг үзэхээр оросын иргэд олноороо ирэх нь дамжиггүй.

Гэтэл Нийслэлийн Аялал жуулчлалын газар Ардын хувьсгалын 100,101-н жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаадын жуулчдын захиалгыг урьдчилан авах тухай зараа гаргажээ. Энэ нь тэгээд бас ердөө долоо хоногийн хугацаатай, өөрөөр хэлбэл зургадугаар сарын 29 хүртэл хүлээн авах гэнэ.

Энд эн тэргүүнээ албан бичиг хэрэгтэй гэнэ. Хаа тэртээ гадаад орноос талын Монголын гайхамшиг, баяр наадмыг нь үзэх гэж ирж байгаа тэтгэврийн хоёр хөгшин хаанаас ямар албан бичиг авах юм бол. Японоос наадам үзэхээр ирж байгаа өнөө хоёр явган жуулчин, эсвэл 70, 80 настай өвөө хаанаас “Энэ хүн Монголын үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг үзэж хэд гурван гэрэл зураг дарах гэж байгаа учир саадгүй нэвтрүүлнэ үү” гэсэн бичиг авах юм бол. Хамгийн аймаар нь энэ албан бичгийг ердөө зургадугаар сарын 29-ний дотор авах юм гэнэ. Хаа газар далайн чанадад байгаа улс орнуудад бүү хэл хажуу дэргэд байгаа Нийслэлийн засаг даргын тамгын газраас алгын чинээ албан бичиг авах гэж сар болдог хүнд сурталтай биш үү.

Нөгөө талаар хүн хэдий алсын хараатай, хэзээ хаагуур аялахаа товлож тодорхойлсон ч гэсэн ийм бичиг хаанаас авах вэ. Өнөө аялагч чинь хэдийнээ аялалдаа гараад Хятадад юм уу, Тайландад явж байгаад Монгол руу дамжаад очно гээд замд гарчихсан бол хаанаас авах юм бол.....Тухайн зорчиж байгаа улс орныхоо эрх баригчдаас авч болох уу. Гадаадын нэг жуулчин нийслэлийн тамгын газраас “би Тайландад эртний сүмүүд үзэх гэсэн юм. Надад нэг бичиг хийгээд өгөөч” гэвэл хотын захирагчийн албаны хүнд сурталтнууд ёстой хэдий авлига нэхэх бол.

За нислэгийн тийз, зочид буудлын захиалгын баталгаажуулалт бол болж байнаа. Мэдээж ирэх гэж байгаа хүн энэ бүхнээ захиалж л таараа. Гэхдээ одоохондоо захиалж амжаагүй, хэзээ Монголд ирэхээ товлоогүй байгаа хүн ердөө долоо хоногийн дотор энэ бүхнээ амжуулж Сумъяабазарын хүнд сурталтай албатуудад хүргүүлж амжих уу.

Жилдээ 400 сая жуулчин авахаар хөшөө дурсгалаа босгоод байгаа Ерөнхий сайдынхаа гэгээн сайхан эрмэлзлийг хүнд суртлаараа тас цохихоор шийдсэн Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар ийм л байдлаар ажиллаж байна. Монгол наадам үзсэн жуулчин амьд сурталчилгаа болж ойр төрлийнхөн, найз нөхөддөө Монгол наадмын тухай аман сурталчилгаа хийж зураг хөргөө гайхуулдаг. Үүний ч ачаар жилээс жилд гадаадын жуулчдын тоо ганц нэгээр өсдөг байж ч мэдэх.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, тэдний тушаалтнууд хүнд суртлаараа өөрийнхөө ард иргэд, оршин суугчдыг тарчилган хааж боодог байсан бол одоо гадаад иргэд, жуулчдыг зовоож эхлэх нь. Одоо ганц долоо хоногийн дотор эдний шаардсан хүнд суртлын бичиг баримтыг хэн, хэдэн хүн бүрдүүлж өгөх бол.

Баяр наадмын тасалбар худалдаалаад эхлэхээр гадаадын хэдэн хүн тасалбар авах гээд очихоор энэ бичиг баримтаа нэхээд, тасалбар өгөлгүй, авлига нэхээд суух нь л дээ.

Хаалгач, авлигачууд нь ийм хүнд суртал гаргаад байвал хааных нь гаргасан шийдвэр мөрөөдөл яаж биелэх юм бол. Энэ жилийн баяр наадам гадаадын үзэгчгүй болох нь ээ, Ерөнхий сайд аа.