Сургуульд суурилсан менежментийг бий болгоно

Нийгэм, Эдийн засаг

Боловсрол, шинжлэх ухааны сайд, БШУЯ, харьяа газрууд, төрийн болон хувийн өмчийн сургуулиудын багш, удирдлагуудын төлөөлөл өнөөдөр “Сургуульд суурилсан менежмент”-ийн талаар харилцан санал солилцлоо. Боловсролын салбарын санхүүжилт, удирдлага, засаглал, үнэлгээний тогтолцоо, багшийн хөгжил, цахим шилжилт зэрэг шинэчлэлийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сургуулийн менежментийг сайжруулах нь чухал байна. Үүнийг ажил хэрэг болгоход хувийн хэвшлийнхний сайн туршлагыг төрийн өмчийн сургуулиудад нэвтрүүлэх шаардлагатай байгааг салбарын сайд хэллээ. “Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах найман  сургуульд хэрэгжүүлээд байна. Ингэхдээ Шинэ Монгол менежментийн найман  брэнд туршлагыг хэрэгжүүлжээ.

Үүнд:

-Сургуулийн соёл төлөвшил

-Багш нарыг багт нэгтгэх

-Ажлын байран дээрх багшийн хөгжил

-Эцэг эх олон нийттэй хамтран ажиллах

-Сургалтын цогц хөтөлбөр

-Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

-Шалгалт, үнэлгээ

-Төгсөгчдийн эргэх холбоо зэрэг багтсан байна.

Төслийг хэрэгжүүлж байх явцад сурагчдынхаа бодит байдлыг судлах, сургууль бүр өөрийн алсын хараагаа тодорхойлж үүнийхээ дагуу төлөвлөгөөгөө гаргах гэсэн уялдаа холбоогоор ажилласан байна. Төрийн өмчийн  найман сургуульд ажилласан туршлагын адил нийт төрийн болон хувийн өмчийн сургуулиудын менежментийн механизмыг бий болгож, нэгдсэн загвар гаргах хэрэгтэйг оролцогчид санал нэгтэй хэлж байлаа. Сургуульд суурилсан менежментийг бий болгох хүрээнд Боловсролын ерөнхий газар сургуулийн хөгжлийн төлөвлөгөө, тайлангийн загварыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.