Б. Оюунцэцэг : “O ‘ TORI” дэлхийг гоёх цаг ирнэ

Нийгэм, Эдийн засаг

“ Торго амилахын гайхамшгийг үзүүлэх нь миний мөрөөдөл.    O ‘ TORI” компаний бүтээлүүдээр  монгол туургатнууд хэдийнэ гоёод эхэлсэн.  Дэлхийн өнцөг булан бүрээс захиалга ирж байна.  Бизнес эрхэлж буй хүнд үүнээс  илүү амжилт гэж юу байх билээ” хэмээн тэрүүхэндээ бардам өгүүлэх хатагтай  бол   O ‘ TORI DESIGH” компаний ерөнхий захирал Оюунцэцэг. Түүнийг “100 хүн, 100 амжилт” буландаа урьж ярилцлаа.

-Бидний урилгыг хүлээн авсанд юуны өмнө талархах байна.  Хуй хуйгаараа хэвтэх торго бүтээл болон амилахыг харсан хүн  өөрийн эрхгүй “ гайхалтай” хэмээн  дуу алддаг л юм байна.  Өнгөний зохицолт, уусгалтыг байгалийн юм шиг харагдуулж чаддаг билгийн нүд танд заяажээ. Таны  сэтгэл оюунаа шингээж туурвисан бүтээлүүдэд өгөх  миний анхны дүгнэлт  гэвэл энэ. Үнэхээр гайхалтай юм гээч?

 Баярлалаа.  Хүн гээч урмын үгэнд баясч байдаг өрөвдмөөр “амьтан” шүү дээ.  Сэтгэлээ шингээж урласан бүтээл бүхэн маань  дөнгөж сая дэлбээлсэн удвал цэцэг шиг энхрий ялдам харагддаг.   Торго  гээч  хэр баргийн оёдолчны гарын үзүүрээр амилдаг  эд биш. Илж таалж, аргадаж гэмээнэ  жинхэнэ эд болдог гайхалтай зүйл. Торгоор юу хийж болох, торгоны өнгөний уусгалт,  зохицолтыг дизайнер хүний билгийн нүд мэдэх хэрэг.  “ О” TORI” брэндийн  зах зээлд байр сууриа баттай эзлэн Монгол туургатнууддаа танил  болсон  амжилтын  нөгөө талд  сайн дизайнер, сайн  оёдолчид байдаг гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Дээр нь торгоны сайныг шилж оруулж ирдэг маркетингийн менежерийн чадвар гээд  бахархах зүйл олонтой, манай хамт олон.


 -Захиалга өгөөд гарч буй хатагтай  “ цорын ганц”  биз дээ хэмээн  нухацтай нь аргагүй асуусан.  Монголчуудын хандлага ийм болоо юу даа?.

-  Хүн хүний зан байдал өөр өөр л дөө. Цорын ганц хэмээн өмчлөх дуртай хүн олон байдаг. Үнэн хэрэгтээ манай үйлдвэрлэсэн дээл бүхэн цорын ганц байдаг нь  энэ цагийн хэрэглэгчдийн сэтгэлд  нийцдэг.  Торгоны хээ хуар нь өөрөө давтагдашгүй цорын  ганц байдаг.  Торгоны хээр хуар нь өөрөө  хэдэн зууны түүхтэй. Торго нэхэх процесс  гэхэд багадаа хоёр өдрийн ажил байдаг.  Гараар нэхдэг  учраас  цаг их шаарддаг.  Хэмжээний хувьд 33 см өргөнтэй  3,5 метрийн урттай  байх нь бий. Байгалийн будгийг ашиглаж хээ хуарыг нь гаргаж, алт, мөнгөн  утас гүйлгэсэн байдаг   учраас үнэ нь ч өндөр.  Хэдэн зуун жил дамжиж  үр хүүхдүүддээ өвлөгдсөн тул патентийг нь ч хэдхэн гэр бүл эзэмшдэг юм билээ.   Өнгө, хээ хуар нь ердөө ч давтагддаггүй. Тиймээс ийм торгоор хийсэн бүтээлүүд ч тэр хэрээр үнэ цэнэтэй байхаас өөр аргагүй.  Манайхан ч япон торгоор хийсэн дээлээ үр хүүхдүүддээ өвлүүлдэг болсон байна лээ. Тэгээд ч эцэг эхийнхээ  эдэлж хэрэглэж явсан малгай, дээл,  бүсийг манайхан очир эрдэнэ лугаа адил хайрлан хүндэлж, дээш нь залдаг биз дээ.  Үнэ цэнэтэй өв хөрөнгө гэвэл энэ л байх болов уу. Япончууд торгын маш их дээдэлдэг.  Эзэн хаан, хааны ордны түшмэдүүд, самурай нар торгоор гоёдог байсан юм билээ.  Нишижин- Ори хэмээх торго дэлхийд хамгийн үнэтэй нь. Гар нэхмэл атлаа өнөө цагийнхаар бол 3D  мэт өнгөний нөлөөтэй харагддаг гайхалтай эд.  Шувууны дүрс байлаа гэхэд дахин давтагдсан түүхгүй юм билээ. Тэр утгаараа цорын ганц хувь үйлдвэрлэгддэг гэж  ойлгож болно. Эрвээхэй гэхэд л Дарь эхийн бэлгэдэл.  Чавга зуусан эрхээхэй бол залуу эмэгтэйг төлөөлж байх жишээний. 


-  O ‘ TORI” брэндийн утгын  тайлал нь юуг илэрхийлдэг вэ?

  TORI  гэдэг үзэсгэлэнт шувуу гэсэн үг. О нь мэдээж миний нэрний эхний үсэг.  Гэхдээ би хоёр салаа утгаар “О” –г сонгосон. Япончууд сэтгэл нь хөдөлсөн үедээ “О”-г хүндэтгэл болгон ашиглах нь бий. Нөгөөтэйгүүр, миний  чин сэтгэлээсээ хайрладаг амьтан бол шувуу. Би гэртээ шувуу тэжээдэг. Миний цуглуулгын дийлэнхийг шувуу эзэлдэг.  Цаасаар хийсэн шувуунаас өгслүүлээд  шавар, чулуу гээд орц материалын хувьд өөр,  өөр ч төрөл зүйлийн хувьд  тийм ч олон биш. Гэхдээ 40 гаруй төрөл зүйлийн шувуугаар гэрээ гоёсон шүү. Шувуудын жиргээ, ер бусын үзэсгэлэнт төрх, хүнд дасах байдал зэрэг нь надад таалагддаг юм. Шувуу шиг ухаантай амьтан  хаана байна.

 


-Таны бизнесийн түүхийг   сонирхвол?

   Барилгын салбарт насаараа ажиллаж яваа жирийн нэг инженер. Хуучнаар ЗХУ-д дээд боловсрол эзэмшсэн. Миний хүүхэд насны мөрөөдөл  загвар зохион бүтээгч. Харамсалтай нь аравдугаар анги төгссөн тэр жил загвар зохион бүтээгч инженерийн хуваарь ирээгүй тул аавынхаа  зөвлөсний дагуу цахилгааны инженер болсон.  Энэ мэргэжил маань өнөөдөр ч намайг тэжээсээр байгаа.  Гэхдээ хүний мөрөөдөл цээжний гүнд оршсоор байдаг юм билээ.  Зав л гарвал загвар гаргаж,  хүүхдүүдээ, өөрийгөө  гоёдог байсан. Найз нар маань багадсан, томдсон хувцсаа барьж ирээд  үүнийг өөр загвартай болгох гэсэн  юм гэнэ. Дуртай нь аргагүй тэр дор нь барьж аваад нэг юм болгож орхино. Ингэж явсаар энэхүү урлангаа байгуулсан.  Монгол дээл гэхээр яагаад заавал уламжлалт хэв маягтай байх гэж бодоод өөрийнхөө хэмжээнд өөрчлөхийг оролдсон нь олон хүний сэтгэлд нийцэж, талархлыг  нь хүлээсэн. Би ажлынхаа байрыг  зураачийн урлантай адилтгадаг. Миний урлангаас  даавуу, торгоны тийм нэг  тааламжтай үнэр  үнэртдэг гэж найзууд маань хэлдэг. Би дасал болоод анзаарахаа больсон байж мэднэ. Хэд хоног  барилга дээрээ ажиллачихаад урландаа орж ирэхээр аз жаргалыг мэдрэх шиг болдог. Сэтгэлийн хүлээсгүйгээр бүтээлээ  туурвидаг. Цаасан дээр  буулгаснаа торгон дээр амилуулах ямар гоё гээч. Дээр нь чимхлүүр, ажиллагаа ихтэй гоёлд би дуртай. Бусдаас арай өөрөөр сэтгэхийг өөртөө тушаадаг. Энэ нь хэрэглэгчдэд маань таалагддаг.   Хоёр салбарт нэгэн зэрэг зүтгэж явна. Хоёуланд нь хайртай.    O ‘ TORI DESIGH” урлангаа байгуулаад жил  илүү болж байна. Байгуулагдаад удаагүй ч өөрийн гэсэн захиалагчидтай болсон.   Бүтээлийнхээ нэр төрлийг олшруулж, зөвхөн дээл бус хантааз,  том жижиг гар цүнх, гоёл чимэглэлийн аксессуруудыг зохион бүтээж урладаг маань миний онцлог байж мэднэ.


-  Та яриан дундаа “Монгол туургатнууддаа хэдийнэ танил болсон” гэж онцолсон. Тэгэхээр энэ нь    “O‘TORI DESIGH” брэндээр дэлхий гоёхын эхлэл тавигдсан гэж ойлгож болох  нь ээ?

    Манай хамт олны  маргаашийн зорилга энэ.  Өнгөрсөн  жилийн цагаан сараар АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудаасаа захиалга авсан. Тэр маань Австрали, Герман  гээд хүрээгээ тэлсэн.  Буриад, Тува, Өвөрмонгол, Солонгосоос захилга их ирсэн.  Наадмаас өмнө амжиж захиалгынхаа ард гарах гээд хагас, бүтэн сайнгүй ажиллаж байна даа.


 Монгол дээл монгол хүний биед маш сайн сууж өгдөг.  Энгийн хэр нь ээ, тэрүүхэндээ орчин үеийн хэв маягийг шингээсэн загвар трэнд болж байна. Хүн бүр загвар хөөх албагүй.  Өөртөө зохисон, өөрийгөө илэрхийлсэн биедээ эвтэйхэн хувцсыг сонгох хэрэгтэй.

 - “O ‘ TORI DESIGH” брэндийг олонд танил болгосон бүтээл бол өвлийн дээл байсан.?

 Цаг үе нь тэгж таарсан хэрэг.    O ‘ TORI” загварын өвлийн дээл нь ширмэл хамба болон салхи үл нэвтрэх материалыг хослуулан хийж, мару торгоор чимэглэсэн. Дээл маань маш хөнгөн, биед эвтэйхэн, малгай нь лоовууз загвартай тул хүссэн үедээ цахилгаанаар нь салгаж, лоовууз хэлбэрээр нь өмсөх боломжтой гээд бусдаас ялгарах давуу тал ихтэй. 

- “O ‘ TORI”  брэндийг  чимэглэл, зүүлт хэрэглэгчийн таашаалд маш их нийцдэг  болох нь худалдан авалтаас тань харагдаж байна?

 Цагаа олсон гоёл жижигдэггүй гэдэг. “O ‘ TORI” брэндийн гол үндсэн түүхий эд болох торго бүхэн тодорхой утга санааг агуулсан хээ хуартай. Тухайлбал, тасралтгүй мөнхийн хөдөлгүүр, монгол гэрийн тооно, үлгэр домгийн галт шувуу, үзэсгэлэнт байгаль, бурхдын суудалд залрах үзэсгэлэнт бадамлянхуа цэцэгс, очир-эрдэнэ зэрэг амьдралын сайн сайхан  зүйлийг бэлэгдсэн байх жишээтэй.   Чимэг зүүлтийн тухайд донжийг олох л асуудал шүү дээ.

 -Тун удахгүй  монголчууд дэнж хотойтол наадна.  Энэ үеэр   O ‘ TORI” брэндээр гоёх хүсэлтэй монголчууд танай бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авах боломжтой вэ?

- Манай урлан дээр ирж  үзэх боломжтой.  Хан-Уул дүүрэг Оргилстар хотхон 59 дүгээр байр 108 тоот .  Харилцах утас: 99117252 . Дашрамд өгүүлэхэд,  манай хамт олон наадамчин олондоо зориулж хямдрал зарласан  гэдгээ дуулгах байна.  Дэлхий нийт эдийн засгийн хямралд өртөн тэвдэж байхад бид ч хэрэглэгчдэдээ хүндэтгэлтэй хандах ёстой гэх үүднээс 20 хувийн хямдрал зарласан. Та бүхнийг биднийг зорин ирж, өөрт таалагдсан   O ‘ TORI” брэндийн бүтээгдэхүүнийг сонгон, сэтгэлийн жаргал эдлэн сайхан наадахын ерөөл талбия.