Тайландын хаант улсын Үндэсний шинжлэх ухааны музейд монгол оньсон тоглоом гардуулж өгөв

Улс төр

Тайландын хаант улсын нийслэл Бангкок хотноо болж буй Ази, Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын 2 дугаар бага хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейд монголын үндэсний оюун ухаан хөгжүүлэх уламжлалт оньсон тоглоомыг гардуулж өглөө.

 

Энэхүү музейг эрхэмсэг хатан хаан Сирикитын санаачилгаар байгуулахаар болж Тайландын Засгийн газар 1992 онд Шинжлэх ухаан, технологийн яаманд үүрэг болгож байжээ. Үүний дагуу Бангкок хоттой хил залгаа Патум Тани мужид шинжлэх ухааны музей байгуулах барилгын ажил 1994 онд эхэлж, 2000 оны 6 дугаар сард нээж, үзэгчдээ хүлээн авсан байна.

Үндэсний шинжлэх ухааны музей нь шинжлэх ухааны музей, сургалтын төвийн хөгжил болон менежментийг хариуцах үүрэг бүхий Тайландын Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацын яамны харьяа улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.

Үндэсний шинжлэх ухааны музей 2005 оноос эхлэн Science Caravan and Travelling Exhibitions буюу шинжлэх ухааны нүүдлийн музей ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ нь интерактив танилцуулга болон үзмэр, арга хэмжээгээр дамжуулан алслагдсан орон нутагт оршин суудаг хүүхэд, залуучуудад зориулан шинжлэх ухаан, технологийг сурталчлах зорилготой ажээ.