Мах махан бүтээгдэхүүн дээр магадлагаа өгөх эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.08/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж нар танилцууллаа. Энд дурдагдсан мэдээллээс махны асуудалтай холбогдуулан хариуцлага тооцох, ажлаас нь халах албан тушаалтны тухай мэдээллийг хүргэж байна. 

Шадар сайд С.Амарсайхан:

- СХД-ийн мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр өөрчилж, НМХГ, МХЕГ-ын зарим хариуцлагатай удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлэх ажил хийгдэнэ. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт хэмжил зүйн газрын зарим албан тушаалтантай хариуцлага тооцно.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

- Нийслэлийн мал эмнэлгийн газар, экспортод гарч байгаа мах махан бүтээгдэхүүн дээр лабораторийн шинжилгээ гаргах, экспортын магадлагаа өгөх эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж:

- Махны үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр манай дотоод хяналт шалгалтын байцаагчид ажилласан. Ингэхэд тухайн нутаг дэвсгэр дээр хяналт тавьсан нэр бүхий гурван байцаагч хяналт шалгалтын дүнгээр хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн байгаа. Тиймээс энэ гурван байцаагчийг ажлаас хална. Хоёрт, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байгаа учраас хуулийн байгууллагад шилжүүлнэ.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно.